Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/02

 

 Ч.Батбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Э.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаяр нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Ганчимэгт холбогдох 1717000840038 дугаартай 1 хавтас 86 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хяналтын прокурор Э.Нэргүйн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Ч.Батбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 11 тоот гэртээ хамтран амьдрагч М.Мөнхтуяатай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Ч.Батбаярт холбогдох 1717000840038 дугаартай хэргийг прокурорт буцааж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Э.Нэргүй шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, яллагдагч Ч.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаажээ. Үүнд:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэнд Ч.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхэд ирүүлсэн хэргээс үзэхэд яллагдагч Ч.Батбаяр, хохирогч М.Мөнхтуяа нар нь гэр бүл буюу хамтран амьдрагч гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдэг хамаарах эсэхийг харгалзан үзээгүй байна. Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “Ч.Батбаярын үйлдэл нь байнга давтагдах шинжтэй бус нэг удаагийн зодсон үйлдэл, мөн 3-с дээш удаа зодсон үйлдэл гаргаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” тул гэр бүлийн хүчирхийлэл биш гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар бие махбодид халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээр заасан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн үйчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар яллагдагч, хохирогч нар нь хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь тогтоогдож байна.

Байнга зодох гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарах зохицуулалт болно. Нэг удаа зодсоноор гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Шүүхэд хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх эрх байхгүй тул яллагдагч Ч.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзлээ гэжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр үзйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3, дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д заасныг тус тус баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах урьдчилан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж, хэргийг прокурорт шилжүүлнэ”, “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад шүүхээс хялбаршуулсан журмаар шилжүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн асуудал юм. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар шүүхээр хэрэг хэлэлцэгдэх тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заавал хялбаршуулсан журмаар шалгах хэргийг шүүх хүлээн аваад гэм буруутайд тооцвол ял шийтгэл оногдуулна, эсвэл гэм буруугүй гэж үзвэл цагаатгана гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой байсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ямар асуудлаар явуулж болох талаар тодорхой заасан бөгөөд шүүгчийн захирамжинд дурдсанчлан гэмт хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудлыг хэлэлцэх тухай заагаагүй байгаагаас гадна, мөн хуулийн 9 дэх хэсэгт “...урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн байхад хэргийг хүлээн авмагцаа хэлэлцүүлэг зарласан нь хуул зүйн үндэслэлгүй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

2. Яллагдагч Ч.Батбаярын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн үйлдэл биш гэж үзсэн байна.  Учир нь яллагдагч Ч.Батбаярын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд хохирогч М.Мөнхтуяа нь “...намайг хайр халамжаар дутаалаа, надад анхаарал халамж тавьсангүй” гэж хэлсэнээс хэрүүл маргаан анх үүссэн ба хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл хардалтаас болж маргалдан, улмаар Ч.Батбаярыг самардсан асуудлаас болж яллагдагч Ч.Батбаяр нь тохиолдлын шинжтэй, нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогддог. Онолын хувьд хүчирхийлэл гэдгийг “Хэн нэгэн эрх мэдлээ бусдыг хянах, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр ашиглах” байдлыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Харин яллагдагч Ч.Батбаярын зүгээс хохирогчийг хэн нэгэнтэй хардаж үг хэлээр доромжилсон, хэрүүл маргаан үүсгэсэн, байнга зодсон гэдгийг хохирогч М.Мөнхтуяа тодорхой мэдүүлдэг.

Мөн анх хэргийн газар очсон цагдаагийн байгууллагын ажилтны хийсэн аюулын зэргийн үнэлгээгээр 2 оноо гаргасан баримт хэрэгт хавсаргагдсан бөгөөд энэ нь аюулын зэрэг бага гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй гэдгийг нотлож байна. Гэтэл шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэснийг баримталсан яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, зүйчлэлийг хүндрүүлэхээр хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй юм. 

3.  Анхан шатны шүүх адил төстэй хэргүүдийг 2 өөр байдлаар шийдвэрлэж хүний эрхийг зөрчиж байгаагаас гадна ойлгожгүй байна.

Өөрөөр хэлбэл адилхан гэр бүлийн хамааралтай төрсөн ах дүү нар анх удаа хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож хөнгөн гэмтэл учруулах, хамтран амьдарч байсан эхнэр, нөхөр нэгнийгээ тохиолдлын шинжтэй хардалтаас болж маргалдан зодож гэмтэл учруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэхээр зааж байгаа нь хүний эрхийг зөрчсөн асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс эхнэр, нөхөр, хамтран амьдрагч нар хэн нэгнийгээ зодож гэмтэл учруулсан тохиолдол болгоныг хавтгайруулан гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна.

Яллагдагч Ч.Батбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд, хохирогч болон яллагдагч нарын шүүх хуралдаанд оролцуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг хуралдаанаараа хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй зөв байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Яллагдагч Ч.Батбаяр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох хамтран амьдрагч М.Мөнхтуяаг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь зөв байна.

            Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийг шүүх 72 цагийн дотор шийдвэрлэж, шийтгэх болон цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд  хуульчилсан байх боловч 17.4 дүгээр зүйлийн 17.4. 6-д “ ..., эсхүл энэ зүйлийн 4 дах хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж  үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэсний дагуу анхан шатны шүүхээс буцаасан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.4–т заасан нөхцөл байдлуудад прокурор хэргийг гарсан хэргийн бодит байдалд нийцүүлэн зөв зүйлчлэн ирүүлэх нь нэгэн адил хамаарна гэж ойлгогдохоор байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

          Харин анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь буруу боловч прокурорын эсэргүүцэлд бичсэнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал биш байх бөгөөд энэ нь хэргийн оролцогчдын эрх, ашигт нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй байна гэж үзлээ.

       Прокурорын эсэргүүцлийн 3 дахь үндэслэл буюу шүүх адил төстөй хэргийг өөр өөрөөр шийдвэрлэж байна гэсэн асуудал нь шүүхийн практик судлалтай холбоотой, мөн давж заалдах шатны шүүхээс нэг хэргийг шийдвэрлэхийн тулд өөр хэргийг шийдвэрлэлтийг иш үндэс болгох эрх зүйн боломжгүй гэж үзэж тухайн асуудлыг хэлэлцээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Э.Нэргүйн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                            Н.БОЛОРМАА

                                                                                        Г.ТЭГШСУУРЬ