Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 595

 

 

Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Манлайжав, Ч.Цагаансарнай нарт холбогдох

 

Б.Манлайжаваас 13 000 000 төгрөг, Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунсүрэн,

Хариуцагч Б.Манлайжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар нь 2011 оны 3 дугаар сард Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 81А дугаар байранд орон сууц худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2014 оноос автомашинаа тавих автозогсоол хайж эхэлсэн бөгөөд энэ талаараа хажуу байрныхаа орцны жижүүр Ч.Цагаансарнайд хэлж байсан юм. 2014 оны 5 дугаар сард Ч.Цагаансарнай нь манай хажуу талын 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг иргэн Б.Манлайжав нь 18 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар хэлсэн. Бид гараашийг нь худалдан авахаар болж, тохиролцсоны дагуу Б.Манлайжавт бэлнээр 2 000 000, Хаан банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000, нийт 13 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн. 13 000 000 төгрөг авсан талаараа Б.Манлайжав нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн 201525011240 тоот хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө хүртэл хэлсэн байдаг. Мөн Ч.Цагаансарнайд 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Ч.Цагаансарнайн дүү Ч.Цэрэндорж нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Мөнгөншагай миний ажил дээр ирээд 2 000 000 төгрөг аваад явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид хоёр гараашаа аваагүй, мөн Б.Манлайжавт өгсөн 13 000 000 төгрөг, Ч.Цагаансарнайд өгсөн 2 000 000 төгрөгөө ч аваагүй хохирч байна. Энэ талаар цагдаагийн газарт хандаж шалгуулсан боловч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 тоот Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн дагуу Ч.Цагаансарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Манлайжав нь гараашаа зарахаа больсон тухайгаа бидэнд хэлээгүй мөртлөө Ч.Цагаансарнайн дүү Б.Анар гэх үл таних хүний данс руу бидний гарааш авахаар шилжүүлсэн мөнгийг хийсэн гэдэг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 210 дугаар зүйлийн 210.3, 211 дүгээр зүйлийн 211.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Б.Мөнгөншагай нь Б.Манлайжавын ХААН банкны 5027652484 тоот данс руу гарааш худалдан авахаар хоёр удаа мөнгө шилжүүлэхдээ өөрийн ХААН банкны төгрөгийн 5017100386 тоот данснаас шилжүүлж байсан болно. Гэтэл Б.Манлайжав нь Б.Мөнгөншагай миний дансыг мэдсээр байж, надад хэлэлгүйгээр миний огт танихгүй Б.Анар гэдэг хүний данс руу 13 000 000 төгрөг шилжүүлснийг төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. Иймд Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг, Б.Манлайжаваас 13 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Манлайжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан Б.Мөнгөншагай гэгчийг би ерөөсөө танихгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр анх харсан. 2012 оноос эхлэн би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны доод зоорийн давхрын 3 тоот автозогсоолыг өмчилж авсан. 2014 онд нүүх болж орцны жижүүр Ч.Цагаансарнайд би зогсоолоо 20 000 000 төгрөгөөр зарж авах хүн мэдэж сурч байгаарай гэж хэлж байсан. Нэлээн хэд хоногийн дараа манай хамаатны дүү Б.Мөнгөншагай, эхнэр Анар нар авахаар болсон та дансаа өгөөч мөнгөө 3 хувааж өгье гэсэн. Би Ч.Цагаансарнайд дансаа, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуулбарлан өгсөн. Ингээд надад Ч.Цагаансарнай ажил дээр бэлнээр 6 000 000 төгрөг авчирч өгсөн. Би 6 000 000 төгрөг хүлээн авсан талаар баримт бичиж өгсөн. Мөн миний ХААН банкны 5027652484 тоот дансаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг шилжин орж ирсэн. Энэ 5 000 000 төгрөг Б.Мөнгөншагайн эсвэл Анарын данснаас орж ирсэн эсэхийг би тухайн үед мэдээгүй. Ингээд над руу хэн ч залгаж ярихгүй болохоор нь Ч.Цагаансарнай руу ярьж үлдэгдэл мөнгөө яасан талаар асуухад хөдөө ажлаар явж байгаа, удахгүй мөнгө шилжүүлнэ гэсэн. Ингээд мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь Ч.Цагаансарнайн утсанд мессеж бичиж гараашаа зарахаа болилоо гэхэд та манай дүү Анарт мөнгийг нь буцаагаад өгчих, танай ажил руу явуулчихъя гэсэн. Ингээд Анар гэдэг залуу ирсэн. Би гайхаад Б.Мөнгөншагай танай юу юм бэ гэхэд эхнэр маань гэж хэлсэн. Би итгээд чи надад данс өг, би чамд бэлнээр 11 000 000 төгрөг өгөх боломжгүй байна гэсэн. Ингээд надад Анар ХААН банкны 5058156171 тоот дансаа өгсөн. Би 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2009 оноос хойш Монгол Улсаас яваагүй. Мөн энэ асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалган Ч.Цагаансарнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ч.Цагаансарнай нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо Б.Мөнгөншагайд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Дээрх үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнээсээ гэм хорын хохирлоо нэхэмжилнэ үү. Дээрх 13 000 000 төгрөгийн асуудалд Б.Манлайжав миний бие ямар ч хамааралгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Мөн Б.Мөнгөншагайтай би ямар ч эрх зүйн харилцаа үүсгээгүйг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цагаансарнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Цагаансарнай 2014 онд иргэн Б.Мөнгөншагайгийн гарааш авахаар шилжүүлсэн мөнгийг нь цувуулан авч дүүгийнхээ дансаар авч өгсөн. Дүү маань түр хэрэглээд буцааж өгнө гээд авсан. Одоо хүртэл өгөөгүй хүний мөнгийг дур мэдэн авч хэрэглэсэн. Энэ мөнгийг би буцаан төлөх болно. Буцан төлөхдөө одоохондоо ажилгүй нялх хүүхэдтэй болохоор хавар цалинтай ажилд орохоороо төлөх болно. энэ мөнгөний асуудалд гараашийн эзэн Б.Манлайжав нь хамаагүй болно. Б.Манлайжав нь мөнгийг 3 хувааж Анарын дансаар шилжүүлсэн болно гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Манлайжавт холбогдох 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ч.Цагаансарнайгаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. 2014 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргмйн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Манлайжав нь 18 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар Ч.Цагаансарнай нэхэмжлэгч нарт хэлсэн байдаг. Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар Ч.Цагаансарнайгаар зуучлуулан тус гараашийг нь худалдан авахаар болж, гараашийн урьдчилгаанд Б.Манлайжавын Хаан банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 6 сарын 18-ны өдөр 5 000 000, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000, бэлнээр 2 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг өгсөн. 13 000 000 төгрөг авсан талаараа Б.Манлайжав нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэгт хууль сануулан гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Гэтэл Б.Манлайжав нь урьдчилгаа мөнгийг хүлээн авчихаад гараашаа өөр хүнд зарсан, энэ талаараа Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт мэдэгдээгүй. Б.Мөнгөншагай нь Б.Манлайжав ХААН банкны 5027652484 тоот данс руу гарааш худалдан авахаар мөнгө шилжүүлэх бүрдээ бэлэн мөнгөөр бус өөрийн ХААН банкны 5017100386 тоот данснаас шилжүүлж байсан болно. Гэтэл Б.Манлайжав нь Б.Мөнгөншагайгийн дансыг мэдсээр байж үл таних Б.Анарын данс руу мөнгийг буцаан шилжүүлчихээд, нэхэмжлэгч нарт буцаан өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Манлайжавын эрүүгийн хэрэгт болон иргэний хэрэгт өгсөн тайлбар мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй аль нь үнэн болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх үүнийг харгалзан үзсэнгүй. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б.Манлайжавын гэрчээр байцаасан тэмдэглэлээс үзэхэд Б.Манлайжав нь тухайн үед Б.Мөнгөншагайгаас мөнгө орж ирснийг мэдсээр байж өөр хүний данс руу мөнгийг шилжүүлсэн болох нь харагдана. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэснийг, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэснийг зөрчсөн. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын Б.Манлайжавд холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар нь хариуцагч Б.Манлайжаваас 13 000 000 төгрөг, Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Б.Манлайжав эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар хариуцагч нарт мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар “авто зогсоол зарах хүн бий эсэх талаар орцны жижүүр Ч.Цагаансарнайгаас асуутал Б.Манлайжав авто зогсоолоо 18 000 000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь хариуцагч Ч.Цагаансарнайд бэлнээр 2 000 000 төгрөг, Б.Манлайжавт бэлнээр 2 000 000 төгрөг, дансаар 11 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Б.Манлайжав татгалзлаа “2014 онд амьдарч байсан байрнаас нүүх болж Ч.Цагаансарнайд авто зогсоолоо 20 000 000 төгрөгөөр зарна авах хүн мэдэж байгаарай гэж хэлтэл хэд хоногийн дараа дүү Б.Мөнгөншагай, түүний эхнэр н.Анар нар авья гэж байна. Төлбөрийг 3 хувааж төлье гээд миний дансыг авсан, Ч.Цагаансарнай ажил дээр 6 000 000 төгрөг авчирч өгсөн, дансаар 5 000 000 төгрөг шилжиж ирсэн, тухайн үед дансаар мөнгө Б.Мөнгөншагайгаас шилжиж ирснийг мэдээгүй, үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар нь авто зогсоолоо зарахаа болилоо гээд Ч.Цагаансарнайд мессеж бичсэн гэтэл дүү н.Анарын данс руу буцаагаад шилжүүлчих гэсэн тул н.Анарын дансанд 11 000 000 төгрөгийг буцаан цувуулж шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ч.Цагаансарнай “Б.Мөнгөншагайгийн 2014 онд гарааш авахаар шилжүүлсэн мөнгийг 3 хувааж н.Анарын дансаар Б.Манлайжав буцааж өгснийг би дүүгийнхээ дансаар цувуулж авсан. Дүү түр хэрэглээд буцааж өгнө гээд аваад одоо хүртэл төлөөгүй байгаа. Гараашийн эзэн Б.Манлайжав энэ асуудалд хамаагүй” гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын дээрх тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Мөнгөншагай хариуцагч Ч.Цагаансарнайд бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн, Б.Манлайжавт дансаар 11 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон, харин Б.Манлайжавт бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн эсэх үйл баримтын талаар талууд маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар 2 000 000 төгрөг бэлнээр хариуцагч Б.Манлайжавт өгсөн гэх үйл баримтыг хариуцагч Б.Манлайжав няцаасан тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно. Иймд хариуцагч Б.Манлайжаваас бэлнээр шилжүүлж өгсөн гэх 2 000 000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар хариуцагч Ч.Цагаансарнай нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар Б.Манлайжаваас авто зогсоол худалдан авах зорилгоор 11 000 000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар хариуцагч Б.Манлайжаваас автозогсоол худалдаж авах зорилгоор шилжүүлсэн боловч өмчлөлд авто зогсоол шилжээгүй, уг авто зогсоолын талаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй атал анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу, харин тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч нарын хувьд хууль буюу гэрээнд заасан ямар нэг үндэслэлгүйгээр хариуцагч Б.Манлайжавд шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг, Ч.Цагаансарнайд бэлнээр өгсөн 2 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Хариуцагч Б.Манлайжав Б.Мөнгөншагайгаас шилжүүлэн авсан 11 000 000 төгрөгийг иргэн н.Анарт шилжүүлсэн явдал нь нэхэмжлэгч Б.Мөнгөншагайд мөнгийг төлөхөөс татгалзах, үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар хариуцагч Ч.Цагаансарнайд 2 000 000 төгрөг шилжүүлэн өгөхдөө зохигчдын хооронд эрх, үүрэг бүхий гэрээний харилцаа үүсээгүй, Б.Манлайжав болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь буруу байна.

 

Түүнчлэн хариуцагч нарт нэхэмжлэгч нар мөнгө шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч нарын гэм буруутай үйлдлээс учирсан гэм хор гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримтласныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Манлайжаваас 11 000 000 төгрөгийг, Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн 12-13, 16-17, 19, 22, 65-67, 69-84 дүгээр талд авагдсан баримтууд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан баримт тул эдгээр баримтыг иргэний хэргийн маргааныг шийдвэрлэхэд шууд хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх зарчимд нийцэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Манлайжаваас 11 000 000 төгрөгийг, Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.Манлайжаваас 190 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ