Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р баг, Улаан хад гэх газар нутаглах, Мянгат овогт Дагвын Цогтбаяр /ЗП60032216/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цогтбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд төрсөн, 57 настай, 1975 онд МХЗЭ-ийн илгээлтээр малчин болсон. 1978 оноос 1981 онд цэргийн алба хаасан. 1981 оноос 1992 он хүртэл Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин байсан. Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тамга тэмдэг дутуу зөрчилтэй гэсэн тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсныг мэдэх гэрчлэх хүмүүс, баярын бичиг, диплом зэрэг баримтыг үндэслэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 01-н хүртэл, 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-н хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Миний бие ...Улаанбаатар хотод дүүгийн бие муу байгаа учир 2017 оны 02 сарын 03-наас 10-ныг хүртэл хотод байх тул энэ байдлыг харгалзан үзэж намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.  

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цогтбаяр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 01-нийг хүртэл, 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 25 дугаар тодорхойлолтод: ‘’Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 04 сарын 11-ний өдөр ‘’Хөгжил’’ нэгдлийн 70 дансыг /оны хязгаар 1972-1994 оны бүрэн бус/ хүлээн авсан. 5-р багийн иргэн Дагва овогтой Цогтбаяр 1975 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 01-н хүртэл 1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сар дуустал сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсны цалингийн баримт тус архивт байхгүй болохыг тодорхойлов’’ гэжээ.
  2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1976 оны 03 сарын 13-ны өдөр Дагвын Цогтбаярт олгосон /3 хуудас бичилт хийсэн 11 хуудас бичилтгүй хуудастай/ хөдөлмөрийн дэвтэрт: ‘’1976 оны 2-12 сар, 1977 оны 1-5, 8-12 сар, 1978 оны 1-5 сар’’-ын цалингийн бичилт хийжээ.  /хэргийн 10-12-р хуудас/
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1982 оны 08 сарын 28-ны өдөр Дагвын Цогтбаярт олгосон /5 хуудас бичилттэй,  5 хуудас бичилтгүй хуудастай/ хөдөлмөрийн дэвтэрт: ‘’Нэгдлийн даргын 1975 оны 07 сарын 01-ний өдрийн 44 тоот тушаалаар хоньчиноор’’ гэж, ‘’Нэгдлийн даргын 1981 оны 10 сарын 23-ны өдрийн 55-р тушаалаар хоньчиноор’’ гэсэн бичилтүүд хийгдсэн боловч тэмдэг даргадаагүй, 1982 оны 2-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-8 сар’’-ын цалингийн бичилт хийжээ. /хэргийн 5-9-р хуудас/
  4. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооноос 1975 оны 06 сарын 11-нд Д.Цогтбаярт олгосон Илгээлтийн хуулбар, 1984, 1986, 1988, 1989 оны диплом, 1985, 1987, 1988, 1989 оны баярын бичиг ; /хэргийн 13-25-р хуудас/
  5. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 04-нийг хүртэл, 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан тухай Дагва овогтой Цогтбаярт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ.
  6. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 08/92 дугаартай лавлагаагаар:‘’ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ.
  7. Гэрч С.Мөнхбаяр, Л.Бархас, Б.Сугар нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Д.Цогтбаяр нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Цогтбаярын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 01-нийг хүртэл, 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр өөрт байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Дундговь аймгийн Архивын тасгийн 46 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Цогтбаярыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 03 сарын 22-ноос 1978 оны 06 сарын 01-нийг хүртэл, 1982 оны 01 сарын 01-нээс 1992 оны 2 сарын 19-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 5-12-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 13-25-р хуудсанд авагдсан баярын бичиг, диплом зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Цогтбаярын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1976 оны 03 сарын 21-нийг хүртэл, 1981 оны 07 сарын 01-нээс 1981 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн 1975 оны 7 сарын 1-нд Д.Цогтбаяр нь хөдөлмөрийн насанд хүрээгүй байсан харин 1976 оны 3 сарын 22-ны өдөр хөдөлмөр эрхлэх нас болох 16-нд хүрсэн байх тул түүний ажилласан хугацааг 1976 оны 3 сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсон болно.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мянгат овогт Дагвын Цогтбаярыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 03 сарын 22-ны өдрөөс 1978 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил хувьцаат компанид 1992 оны 02 сарын 19-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ХИШИГДЭЛГЭР