Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Луус сумын 1-р баг, Өвдөгийн хар овоо гэх газар нутаглах, Дамрин овогт Балжиннямын Адъяа /ЗМ57032510/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Адъяа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 13 жил 9 сар ажилласан юм. Үүнээс 1975 оны 05 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 20-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад мал маллаж байсан. 1978 оны 06 сарын 20-ноос 1981 оны 09 сарын 01-н хүртэл цэргийн албыг 3 жил 2 сар хаагаад ирсэн. 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн баримт зэргээр Луус сумын  Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 05 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 20-н хүртэл, Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Адъяа нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 05 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 20-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 20-ныг хүртэл малчнаар, Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажилласан тухай  байхгүй байгаа тул Балжинням овогтой Адъяад холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна.’’ гэжээ. /хэргийн 3-р хуудас/
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08/49 дугаартай лавлагаагаар: ‘’Хулд сумын Талын цэцэг нэгдэл 1991 оны 04 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 10-нд Талын цэцэг ББХК болон өөрчлөгдсөн байна ’’ гэжээ. /хэргийн 5-р хуудас/
  3. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 3/45 дугаар тодорхойлолт;
  4. Б.Адъяад 1975 оны 5-6 сар, 1976 оны 1, 5 сар, 1977 оны 2, 5 сар, 1978 оны 5, 6 сар, 1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 8-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 8-12 сар, 1988 оны 3-6 сар, 9 сар, 12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 он, 1991 оны 1-12 сарын хөдөлмөр хөлс олгох хүснэгт, цалингийн урьдчилгаа тавьж олгох хүснэгтийн хуулбар /хэргийн 7-36-р хуудас/
  5. Гэрч Ш.Цэндрулам, Д.Сахъяа, Д.Отгонпүрэв, Х.Бүдшир, Ч.Мөнхнасан, Г.Чулуу нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Б.Адъяаг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 05 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 20-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-н хүртэл тус тус ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 27 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Адъяаг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 05 сарын 01-нээс 1978 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг хэргийн 7-36-р хуудсанд авагдсан хөдөлмөр хөлс олгох хүснэгт, цалингийн урьдчилгаа тавьж олгох хүснэгтийн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамрин овогт Балжиннямын Адъяаг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 05 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР