Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 55

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Модон гэх газар нутаглах, Должин овогт Төмөртогоогийн Оюунтунгалаг /ЗЛ66061007/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Оюунтунгалаг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн. 1982 онд 8-р анги төгсөөд 1982 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад  малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул  хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, цалингийн баримтыг үндэслэн 1982 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал нэгдэлд мачнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Оюунтунгалаг нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Т.Оюунтунгалаг 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-10 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сарын цалин  тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 4-11-р хуудсанд/
  2.  Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаар тодорхойлолтод: ‘’Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт Дундговь аймгийн  Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оныг 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай Төмөртогоо овогтой Оюунтунгалагт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно’’ гэжээ. /хэргийн 12-р хуудас/
  3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08/22 дугаартай лавлагаагаар: ‘’Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэл 1959 оны 10 сарын 28-нд байгуулагдаж 1991 оны 4 сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1992 оны 2 сарын 18-нд ‘’Оргил’’ ХК болж өөрчлөгдөн 1994 оны 6 сарын 13-нд ‘’Оргил’’ ББХКомпани болж бүртгэгдсэн байна’’ гэжээ.
  4. Гэрч Д.Сосорбурам, З.Мандах, Г.Хурцбаатар нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Т.Оюунтунгалагийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 08 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч Т.Оюунтунгалагийг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 1982 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэргийн 4-11-р хуудсанд авагдсан цалин тооцооны хүснэгтийн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Должин гүнд овогт Төмөртогоогийн Оюунтунгалагийг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР