Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2017/00046/И |
Дугаар | 72 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, Ч овогт Эын М //-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн т холбогдох аймгийн рын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, хариуцагчийн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 04 сарын 14-нд Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр ажилд орсон. 2016 оны 11 сарын 02-нд Худалдах авах ажиллагааны алба Орон нутгийн өмчийн алба хоёр нийлж Орон нутгийн өмчийн газар болсон. 2016 оны 11 сарын 02-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын даргын Б/04 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. Тухайн тушаал нь хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1382971 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч С.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2016 оны 9-р тогтоолоор аймгийн Худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн газартай нэгтгэх шийдвэр гарсаны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 10 сарын 21-ний өдрийн А/390 тоот захирамжаар тухайн хоёр байгууллагыг шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулж, Орон нутгийн өмчийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 11 сарын 02-ны өдөр томилогдон байгууллагын тамга, тэмдэг шинээр захиалж 11 сарын 16-нд авсан. Энэ хүртэлх хугацаанд бүх ажилтнууд /Засгийн газрын шийдвэр гарснаас хойш/ бүтцийн өөрчлөлтийн дагуу цалингүй 2 сар шахам ажилласан байсан тул шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажилчдаа шинээр томилсон. Тушаал гаргахдаа тухайн албан тушаалын орон тоон дээр төрийн албаны шалтгалт өгч тэнцсэн 4 ажилтанг төрийн захиргааны албан тушаалд нь томилж, шалтгалт зарлагдаагүй байсан ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Э.Мядагмааг 11 сарын дунд хүртэл цалингүй ажиллаж байсан, сарын сүүлч болж байгаа, 11 сарын цалинг нь бүтэн олгох нь зүйтэй гэх мэт шалтгааныг үндэслэн 12 сарын 01-ний өдрөөс чөлөөлөхөөр шийдэж тушаал гаргасан юм. Тухайн үед өөрт нь амаар ажилд авахдаа 12 сарын 01-н хүртэл авлаа, түүнээс хойш манайх төрийн албаны шалгалт зарлаж инженер мэргэжилтэй хүн авах шаардлагатай байна гэдгээ хэлсэн. Бодлого шийдвэрийнхээ хүрээнд Э.Мд ажилласан хугацааны цалин, мөн 1 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн. Миний бие тухайн ажилд томилогдоод ажлын чиг үүрэг, сүүлийн 3 жилийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө зэргийг судлан үзэхэд бүтээн байгуулалт барилгын ажил, барилгын засварын ажил, комьпютер тоног төхөөрөмж худалдан авах ажил дийлэнх хувийг эзэлж байсан. Цаашид ч тийм чиг хандлагатай байгаа учир тухайн ажлын байран дээр сүлжээний инженер, барилгын инженер зэрэг мэргэжилтэй хүн байх нь тохиромжтой гэж үзэн ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулахаар мэргэжилд тохируулах бус тухайн албан тушаалын чиг үүрэг, төрийн албаны үйл ажиллагааны үр ашгийг харгалзан ажлын байрны тодорхойлолтоо Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч өөрчлөлт оруулан баталгаажуулдаг.
Иймээс Э.М нь эдийн засагч мэргэжилтэй тул тухайн ажлын байран дээр мэргэжлийн хувьд тохирохгүй байгаа болно. Цаашид Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг хуулиар олгогдсон чиг үүргээ үр дүнтэй биелүүлэх, бодлого зорилтоо хэрэгжүүлэх, нийтийн ашгийг хангах тухай гаргасан байгууллагын дотоод шийдвэрийг хүндэтгэн үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь аймгийн ын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ажилтанг ажлаас халах ажил олгогчийн шийдвэр гарснаар Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хэдий ч Худалдан авах ажиллагааны албаны даргын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч Э.Мг аймгийн рийн Б/04 тушаалаар тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч тушаал гаргасан. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж цалин хөлс авч байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул зохигчийн хооронд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээ үйлчилнэ. Мөн хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш харин Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.
Нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны шаардлагыг хангасан байна. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн ажиллаж байгаа ажлын байранд сүүлийн 3 жилийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн судалгаа хийхэд бүтээн байгуулалт барилгын ажил, барилгын засварын ажил, комьпютер тоног төхөөрөмж худалдан авах ажил дийлэнх хувийг эзэлж байсан цаашид ч тийм чиг хандлагатай байгаа учир тухайн ажлын байран дээр сүлжээний инженер, барилгын инженер зэрэг мэргэжилтэй хүн байх нь тохиромжтой гэж үзэн ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь эдийн засагч мэргэжилтэй тул тус ажлын байрны тодорхойлолт заагдсан шаардлагад тохирохгүй байгаа учир мэргэжил ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн Худалдан авах ажиллагааны албаны даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалтанд тэнцэх хүртэлх хугацаагаар байгуулсан байсан. Орон нутгийн өмчийн газарт ажилд авснаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчид 2016 оны 12 сарын 1-нээс ажлаас чөлөөлөх тухайгаа 2016 оны 11 сарын 16-17-ны хооронд амаар мэдэгдсэн гэх байр суурийг илэрхийлсэн.
аймгийн нь 2016 оны 12-р сарын 1-ний өдрийн Б/07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Орон нутгийн өмчийн дотоод журмын 3.10-т заасныг үндэслэн Э.Мг ажлаас чөлөөлжээ. Хариуцагч талын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэх зохицуулалтад үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварыг түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслээгүй харин тухайн ажлын байран дээр эдийн засагч биш сүлжээний инженер болон барилгын инженер мэргэжилтэй хүн байх нь тохиромжтой гэж ажил олгогч үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 40.1.2-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөллөхөд 1 сарын өмнө мэдэгдсэн байхыг шаарддаг. Гэвч хариуцагч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухайгаа арван хэд хоногийн өмнө мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн шийдвэрт заасан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсон, тухайн ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг бий болгож буй шалтгаан нөхцөл нь баримтаар тогтоогдсон байхыг Хөдөлмөрийн хууль шаарддаг тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох 0799312 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг харьцуулан ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлов.
Нэхэмжлэгчийн 2016 оны 9,10,11 сарын дундаж цалингаас нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан /531912*3=1595736:65/ ба нэг өдрийн цалин 24550 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний шүүх хуралдаанд гаргасан хугацаа буюу 2016 оны 12 сарын 1-нээс 2017 оны 2 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцохоор нийт ажлын 55 өдрийн цалинд 1350250 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2 дахь хэсэгт ажил олгогч .......... зохих журмын дагуу сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байдаг тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг аймгийн т даалгах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаатай холбогдуулан хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоохтой холбоотой шаардлагад 70200 төгрөг, цалин 1350250 төгрөгийн шаардлагад 36554 төгрөг, нийт 106754 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Мг аймгийн ын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 1350250 /нэг сая гурван зуун тавин мянга хоёр зуун тавь/ төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгож, холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичихыг аймгийн т үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 106754 /нэг зуун зургаан мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ