Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Орчуулагч Б.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цунг Чин мужид оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Ү иргэний үнэмлэхний дугаар ...-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ү нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 07 цагийн үед БНХАУ-аас Монгол Улс руу чиглэлийн 7813 дугаартай ачааны галт тэрэгний 8 дугаар чингэлэгт нуугдаж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2020 оны 07 сарын 27-нд  Эрээнээс Монгол руу орох галт тэрэгний цуваанд нууцаар сууж, Монгол Улс руу ирсэн. Хятад Улсад короновирус өвчин хүнд нөхцөлтэй байгаа учраас  өвчнөөс зугтаж ирсэн юм. Урьд нь 07 сарын 20-ны үед мөн Монгол руу орох гэж байгаад Эрээний цэргийнхэнд баригдаж 2,000 юаниар торгуулсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөхч байна. Намайг хамаатуулсан хуулийг ойлгосон, ялыг бас ойлгосон байгаа  ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “  Би коронавирусээс зугтаж, эрсдэл бага байгаа орон руу явахыг хүссэн учраас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн. Би гадаад паспортаар улсын хил нэвтэрдэг гэдгийг мэднэ. Гэхдээ одоо бол би Монгол Улс руу нэвтрэх боломжгүй байсан учир галт тэрэг рүү авирч нуугдан Монголд орж ирсэн юм. Надад Монгол улсад таньдаг хүн байхгүй “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 56/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-23/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27/

Эрээн хотын цагдаагийн газрын шийтгэлийн хуудасны орчуулга /хх-ийн 31/

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би  2020 оны 07 дугаар сарын  27-ны өдөр Хилийн ... дугаар ангийн ... дугаар салбар шалгалт хамгаалалтын заставт тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж  байсан. Тээврийн хэрэгсэл гэдэг нь  ачаа тээврийн галт тэрэг шалгадаг юм. Тухайн өдрийн 07 цаг 15 минутанд БНХАУ-аас Монгол Улс руу нэвтрэхээр хоосон чингэлэгтэй ачааны галт тэрэг орж ирэн шалгалт хамгаалалтын заставын урд шалгуулахаар  зогссон. Томилгооны дагуу дагуу би тус галт тэрэгний  голын вагоноос байлдагч Ц бид хоёр салж би тус галт тэрэгний 8 дахь вагон руу авиран  чингэлгийг шалгахад 1 эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд станцаар заставын эргүүл ахлах дэслэгч Б-д мэдэгдэн галт тэргийг зогсоож хамгаалалтад авч ангиас шуурхай бүлэг иртэл хүлээж, шуурхай бүлэг тухайн хүнийг саатуулан авч явсан. Тэгээд би цааш нь ажлаа үргэлжлүүлсэн. Би тухайн үед аль улсын иргэн болохыг мэдээгүй, саатуулагдсаны дараа хятад хүн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хилийн ... дугаар ангийн ... дугаар салбар шалгалт хамгаалалтын заставт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөө 7813 дугаартай ачааны галт тэрэг заставын шалгалтын зурваст орж ирсэн. Тэгээд  тээврийн хэрэгсэлд  манаанд үүрэг гүйцэтгэж байсан ахлах түрүүч О.Б станцаар зүтгүүр талаасаа 8 дахь вагоны  тавцан дээр 1 хүн байна гэсний дагуу вагоныг хамгаалалтад авах үүрэг өгч, энэ талаар ангийн жижүүрт мэдэгдсэн. Тэгээд удалгүй шуурхай бүлэг ирээд тус хил  зөрчигчийг саатуулан авч явсан. Хятад улсаас Монгол Улс руу чиглэлтэй  ачааны галт тэрэгний чингэлэгт нуугдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

Шүүгдэгч Ү нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 57/

Шүүгдэгч Ү-с хураан авсан эд зүйл, рубль, доллор, гар утас зэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 61/

Шүүгдэгч Ү-ний Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Миний хийсэн хэргийг үндэслэн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн хүсэлт /хх-ийн 67/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ү нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 07 цагийн үед БНХАУ-аас Монгол Улс руу чиглэлийн 7813 дугаартай ачааны галт тэрэгний 8 дугаар чингэлэгт нуугдаж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт болсон байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч Ү-ийн хувьд 2020 оны 07 сарын 27-ны өдөр хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр БНХАУлсаас Монгол Улс руу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ү-ийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч О.Б, Т.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан  прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү-г 1,350 /нэг сая гурван зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ү нь 1,350,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   А.Ц