Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Н.Б

Хохирогч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, халх, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овгийн Н.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн кабелийн телевизын урд иргэн С.Б-н баруун талын эрүүн тус газарт өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим аав, ээжийнхээ хамт Б ахынд очсон. Тэгээд Б ахтай маргаад байсан Б ах нь согтуу агсраад байхаар нь би Б ахын нүүр лүү нь түлхэж газар унагаад баруун шанаа руу нь 1 удаа өшиглөсөн. Б ах нүүрээ дараад чимээгүй газар хэвтээд байсан. Аав хажуунаас хориглосон тул Б ахыг тэнд нь үлдээгээд явсан. Би ээжийн төрсөн ах Б ахыг өмөөрөөд Б ахын биед халдсан. Би Б ахын нүүрэнд өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа болохоор ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 1,100,000 төгрөг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлнө. Хохирогчоос уучлалт гуйсан. Миний бие нь улирлын чанартай ажил хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 дугаар сарын 11-нд наадмын талбай дээр баяр сонирхож яваад өдөр 15 цагийн үед төв рүү орж ирсэн. Тэрнээс өмнө наадмын талбайн хажууд хөдөө гарч хамт ажилладаг Э, бас үл таних 1 залуугийн хамт 0.5 гр-ын хараа архи хувааж уусан. Тэгээд төв рүү орж ирээд баяр болж байгаа юм чинь яаж зүгээр байхав гээд дэлгүүрээс 0.75 гр-ын Е архи 1 ширхэгийг 1 ундаатай аваад Э-н хамт У гэх танил эмэгтэйн гэрт очсон. Тэднийх Замын-Үүд кабелийн телевизын урд нэг байшинд байдаг, тэрийг хөлсөлдөг юм билээ. У-нд очиход У байгаагүй, гэрт нь Д гээд зүс таних эмэгтэй ганцаараа байсан. Тэгээд Д, Э бид 3 архиа хувааж уугаад байж байтал гаднаас У, хамтран амьдрагч Б-гаа /бүтэн нэр нь Б/ ороод ирсэн. У /бүтэн нэрийг нь Я/ гэрт дураараа орж ирлээ гэж над руу уурласан. Би тайлбарлаж бид нар учраа олоод бөөндөө миний авчирсан архийг хувааж уусан. Тэгтэл Б надруу агсарч намайг зодно гэсэн. Би яах гэсэн юм бэ, би хиймэл хөлтэй хүн ш дээ гээд тэгэсгээд гайгүй болцгоосон. Зодоон нүдээн болоогүй. Б У-тай намайг хардаж уурлаад байсан. Тэгснээ Б гар утсаараа хүн рүү залгаад энд намайг зодох гээд байна, хүрээд ир гэж хэн нэгнийг дуудсан. Удаагүй гаднаас миний танил М, эхнэр хүүхэд 2-оо дагуулаад ороод ирсэн. М эхнэрийг Н /бүтэн нэр нь Н/ гэж дууддаг, хүүхдийг нь Б гэдэг. Тэднийг орж ирэхэд нь би маргалдаад Б, Б, М, Н, Э бид 6 гадаа гарцгаасан. Дотор У, Д 2 үлдсэн. Э гадаа гараад тасраад элсэн дээр уначихсан. Энэ үед цаг 19 цаг орчим болж байсан байх. Ингээд Б дуудсан хүмүүсээ хараад онгирч шууд миний зүүн шанаанд гараараа 2 удаа цохисон. Үргэлжлүүлээд Б намайг араас боож газар унагаад миний нүүрний баруун шанаа хэсэгт 2 удаа хөлөөрөө дэвссэн. Юу өмссөн байсныг нь мэдээгүй. Б намайг зодож байхад М, Н 2 хориглож салгасан. Би манараад хэсэг хугацаанд сэхээ аваагүй. Нэг өндийгөөд харсан чинь нөгөөдүүл бүгдээрээ байхгүй, би ганцаараа гадаа байсан. Би босоод шууд ажил руугаа ирж тэндээсээ эмнэлэг орж үзүүлсэн... Тухайн үед юу болсныг би санахгүй байна... Надад гомдол санал байхгүй. Энэ хүн залуу хүн, эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа юм билээ. Би сая явж хагалгаанд орсон. Одоо дахиад орно. 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Надад 1,100,000 төгрөг өгсөн уг мөнгийг хасаад 2,900,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Я-аа /Я-г энгийн үед У гэж дууддаг/ гадуур явж байгаад 15 цаг өнгөрөөгөөд кабелийн телевизын урд байх түрээсийн байрандаа иртэл манай гэрт зүс таних Б, Э нар ирчихсэн, манай гэрт байсан Д-тэй нийлээд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь Я бид 2 гэрт архи уулаа гэж шаардлага тавин гэрээс гаргасан. Б, Э 2 бид нартай нилээн маргалдаж байгаад гэрээс гараад гадаа элсэн дээр суугаад, хэвтээд байгаад л байсан. Орой эндээс яв гэж Б-той ахин маргасан ба Б намайг зодно нүднэ гээд агсарсан. Би тэгэхээр нь гар утсаараа хамаатны М руу залгаад намайг хүн зодох гээд байна, хүрээд ир гэж дуудсан. Удаагүй М эхнэр Н /Н-г энгийн үед Н гэж дууддаг/, хүү Б нарыг дагуулаад ирсэн. Тэгээд би Б-той маргаж байгаад түүний зүүн шанаанд нь баруун гараараа зөөлхөн 1 удаа цохисон. Тэгтэл Б Б-н араас боож газар унагаад түүний баруун шанаа руу 1 удаа нилээн хүчтэй өшиглөсөн. Энэ үед М, Н нар салгаж хориглосон. Э бол хажууд шороон дээр тасраад унтаж байсан. Д, Я 2 гэрт байсан. Ингээд би шууд гэртээ ороод, М, Н, Б нар яваад өгсөн. Э, Б гэрийн гадаа хэвтээд үлдсэн. Б нүүрээ 2 гараараа дараад ёооё гээд хэвтээд байсан. Хэсэг байж байгаад гараад харсан чинь Э нь хэвтсэн чигээрээ байсан ба Б алга болчихсон байсан. Маргааш нь Б танай дүү Б намайг зодоод эрүү хугалчихлаа гээд уулзсан. Б ч Б-той уулзаж уучлалт гуйгаад эмчилгээнд нь туслахаа хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч У.Н мөрдөн шалгах ажиллагаанд “...2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим намайг гэртээ байхад манай нөхөр М гар утас руу миний төрсөн ах Б залгаад гэрт хүрээд ир, намайг энд хүн ална гээд байна гэсэн. Тэгэхээр нь би нөхөрөө, бас хүү Б-г дагуулаад Б гэрт очсон. Би машинаасаа буугаагүй. Дотроос нь хараад сууж байсан. Тэгтэл гадаа Э гэсэн байхаа нэг бүдүүн хүн подволкаа тайлаад газар унаад өгсөн. Хажууханд нь Б, Б, М, Б нар хоорондоо маргаад байх шиг байсан. Б М руу агсараад байсан ба бөөндөө зууралдаад байшингийн цаагуур орчихсон. Би хэсэг хүлээж байгаад тэдэн рүү явахаар машинаас буутал М, Б 2 салгачихлаа гээд өөдөөс хүрээд ирсэн. Б гэр лүүгээ орж байсан. Б-г олж хараагүй. Тэгээд л М, Б бид 3 гэрлүүгээ явсан. Тэгтэл маргааш нь Б нь танай хүү чинь намайг зодоод эрүү хугалчихлаа гэсэн. Би юу болсон талаар Б-с асуухад яалт ч үгүй би 1 цохиод 1 өшиглөчихсөн юмаа гэж байсан. Б эмчлүүлмээр байна, мөнгө өг, 4,000,000-5,000,000 төгрөг авна гэсэн. Хил гааль хаалттай байгаа болохоор бидэнд өгчихөөр бэлэн мөнгө олдоогүй. Газраа зарах гэсэн боловч авах хүн олдоогүй. Өчигдөр Б-той уулзаж олдсон 200,000 төгрөгөө бэлнээр өгч эмчилгээндээ зарцуулж байгаарай гээд өгсөн. Миний хувьд яг зодоон болсон үйл явцыг хараагүй, учир нь байшингийн цаана маргаж зодолдсон юм шиг байна лээ. Хүү маань бол цохиж, өшиглөсөн гэдгээ хэлж байна лээ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...2020 оны 07 дугаар сарын 11-нд би хамт ажилладаг Б-н хамт наадмын талбай орж баяр үзсэн. Наадмын талбай орохоосоо өмнө төвөөс 1 шил архи авч очсон ба тэрийгээ үл таних нэг залуутай нийлж 3-уулаа хөдөөхөн явган гарч уусан. Үдээс хойш Б бид 2 төв рүү ороод дэлгүүрээс 1 шил архи, 1 ширхэг ундаа авч Б гэрт очсон. Б л тийшээ очьё гээд байсан тул очсон. Б-д очиход гэрт нь Д гээд зүс мэдэх эмэгтэй ганцаараа байсан. Энэ үед 15 цаг л болж байсан байх. Ингээд 3-уулаа архиа хувааж уусан ба архи талаасаа доогуур байхад гаднаас Я, Б 2 ирсэн. Тэгээд гэрт дураараа орлоо, архидлаа гэж Б бид 2-луу уурласан. Сүртэй ш дээ энэ тэр гээд бага зэрэг маргасан. Би согтоод байсан тул Б-д жаахан унтсан. Унтаж байгаад сэрсэн чинь Б утсаар яриад хүрээд ир, энд намайг алах нь энэ тэр гээд байсан. Хэн рүү ярьсныг нь мэдээгүй. Удаагүй Б гэрт М, Б 2 орж ирээд бид нарыг гарцгаа гээд хэрүүл хийсэн. Б, Б, Б, М нар бөөндөө гэрээс гарсан. Би араас нь гарсан. Гэрт Я, Д 2 үлдсэн. Би гараад тэднийг болиоч гэчихээд элсэн дээр суусан. Б, Б, Б, М нар муудалцаад байшин тойроод явчихсан. Би араас нь очиход Б газар доошоо хараад хэвтчихсэн байсан. Б, Б, М 3-ыг зодоод хэвтүүлчихэж дээ гэж ойлгоод болиоч та нар гээд нэгнийх нь хувцаснаас татсан. Хэнийг нь татсанаа мэдэхгүй байна. Намайг маргаж байх хооронд Батболд босоод гүйчихсэн. Би гадаа үлдсэн. Нэг мэдсэн чинь байшингийн гадаа хэн ч байгаагүй. Хэсэг хугацааны дараа Б ирж намайг авсан ба эрүү хугарчихсан байна, ёооё л гээд байсан. Би гэртээ харьж хоол идчихээд унтаад өгсөн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Гэрч П.Я мөрдөн шалгах ажиллагаанд “...Намайг П.Я гэдэг, энгийн үед хүмүүс намайг У гэж дууддаг. Би Б буюу Б-тай хамтран амьдраад 1 жил болж байна. Бид 2 ЗамынҮүд кабелийн телевизын урд байх хувийн байшинг түрээслэж амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Б-н хамт гадуур баяр сонирхож яваад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манайд Д, Б, Э 3 архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь Б бид 2 уурлаж гэрт архи ууцгаалаа, явцгаа гэсэн. Б унтаж байснаа сэрсэн. Гутлаа өмсөөд яв гээд Б-г би зуурахад Э босч ирээд уурласан. Ингээд маргалдаж байхад Б утсаар дүү нараа дуудсан. Удаагүй Б-ны төрсөн дүү Н-н нөхөр М, хүү Б-гаа орж ирсэн. Ингээд хоорондоо маргалдаж Б, Б, М, Б нар гэрээс гарсан. Хойноос нь Э гарч байгаа харагдсан. Би Д-г загнаад жижиг өрөөндөө үлдсэн. Гадаа юу болсныг мэдээгүй, маргалдаад байгаа бололтой л байсан. Цонхоор ч хараагүй. Удаагүй Б орж ирсэн ба Д-г загнаад явуулсан. Нөгөөдүүл явчихлаа гэж Б хэлж байсан. Харин маргааш нь Б эрүү хугарчихсан байна ирж уулз гэж утсаар ярьсан. Б бид 2 очиж уулзахад Б-г эрүү рүү өшиглөөд хугалчихлаа, эмчилгээний мөнгө өг, 1,300,000 төгрөг өгөөдөх гээд байсан. Б тэр өдрөө Б болон аав, ээжтэй нь ч бас уулзсан. Би Б-с гадаа юу болсон юм бэ гэж асуухад Б би зөөлхөн 1 удаа зүүн шанаанд нь алгадсан. Б харин 1 удаа баруун шанаа руу нь өшиглөсөн, тэгэхэд л хугарчихаж дээ гээд байсан. Би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,

- Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд “...2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим манай эхнэрийн төрсөн ах Б надруу залгаад намайг энд хүн алах гээд байна, хүрээд ир гээд их сүртэй ярьсан. Би гэртээ байсан тул энэ тухай эхнэртээ хэлээд эхнэр, хүү хоёроо дагуулаад Б-нд очсон. Манай эхнэрийг Н буюу Н гэдэг, хүүг маань Б гэдэг. Б-нд очиход Б, Э, Д 3 согтуу, Я буюу У, Б 2 эрүүл, хоорондоо маргасан байдалтай байсан. Б, Э 2 эзгүй айлд орж ирж архидсан юм билээ, энэнээс болоод маргасан гэсэн. Манай эхнэр Н бол машинаасаа ч буугаагүй, айлд ч ороогүй. Тэгээд би Б, Э 2-ыг одоо явцгаа, гар гэхэд 2-уулаа өөдөөс агсараад байсан ба Э нь подволкаа тайлаад миний өөдөөс дайрч нүд рүү хальт цохисон. Гэмтэл бол учраагүй. Тэгээд маргалдаад гэрийн үүднээс гадаа Б, Б, Б бид 2 гарсан. Араас Э гарч ирээд элсэн дээр дээшээ хараад хэвтээд өгсөн. Д, Я нар гэрт үлдсэн. Б, Б 2 хоорондоо маргаад байсан ба гэнэт Б, Б 2 зууралдаад Б газар унахад Б Б-н баруун шанаа руу нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед би Э-г одоо яваад гэртээ харь гэж хэлж байсан болохоор үйл явцыг бүрэн харж чадаагүй. Б өшиглөхдөө бол углааштай байсан. Би 1 удаа л өшиглөхийг нь харсан. Тэгэнгүүт би хориглож салгаад шууд явъя гээд машин руугаа явсан. Б газар хэвтээд үлдсэн, Б гэрлүүгээ орсон. Машинруугаа очиход Н юу болсон бэ гээд машинаас буугаад ирэхэд нь салцгаачихлаа гээд бид нар явцгаасан. Ийм л зүйл болсон. Маргааш нь Б манай гэрт ирээд Батболдын эрүү хугарчихсан гэнэ, ирж уулз гээд байна гэсэн. Н, Б 2 очиж уулзахад мөнгө өг, эмчлүүлмээр байна гэж хэлсэн байна лээ. Б уучлалт гуйж, мөнгө төгрөг зохицуулж өгөхөөр болсон. Гэвч хил, гааль амралттай, эдийн засгийн энэ хүнд үед бэлэн өгчихөөр мөнгө бидэнд олдоогүй. Энэ байдлаа тайлбарлахад ойлгохгүй байсан. Ингээд өчигдөр Б-д эмчилгээндээ эхний ээлжинд хэрэглэж байгаарай гээд 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Б-н аав, ээжийн хувьд бид нар боломжоороо Б-н эмчилгээнд мөнгө төгрөгөөр туслах болно...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/0172 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Б-н биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24/,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, Н.Б-н гадаад паспортын нотариатоор батлуулсан хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн кабелийн телевизын урд иргэн С.Б-г зодсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн кабелийн телевизын урд иргэн С.Б-г зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч С.Б “...Б миний зүүн шанаанд цохисоны дараа миний эрүү зүгээр байсан, харин Б миний эрүүний баруун хэсэг нүүрний баруун талыг хавсарч дэвссэний дараа миний эрүү баруун талдаа хугарсан. Тухайн үедээ нэг их мэдэгдээгүй ч хэсэг хугацааны дараа өвчин ороод мэдэгдсэн. Тэгэхээр Б намайг зодож надад гэмтэл учруулсан...” гэсэн, гэрч У.Б  “...би Б-той маргаж байгаад түүний зүүн шанаанд нь баруун гараараа зөөлхөн 1 удаа цохисон. Тэгтэл Б Б-н араас боож газар унагаад түүний баруун шанаа руу нэлээн хүчтэй өшиглөсөн... Б нүүрээ 2 гараараа дараад ёооё гээд хэвтээд байсан... маргааш нь Б танай дүү Б намайг зодоод эрүү хугалчихлаа гээд уулзсан...” гэсэн, гэрч У.Н-н “... Б танай хүү чинь намайг зодоод эрүү хугалчихлаа гэсэн... Б-с асуухад яалт ч үгүй би 1 цохиод 1 өшиглөчихсөн юмаа гэж байсан...” гэсэн, гэрч Г.Э-н “...Б ирж намайг авсан ба эрүү хугалчихсан байна, ёооё л гээд байсан...” гэсэн, гэрч П.Я-н “...Б би зөөлхөн 1 удаа зүүн шанаанд нь алгадсан. Б харин 1 удаа баруун шанаа руу нь өшиглөсөн, тэгэхэд л хугарчихаж дээ гээд байсан...” гэсэн, гэрч Х.М “...Б Б-н баруун шанаа руу нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан... Б манай гэрт орж ирээд Б-н эрүү хугарчихсан гэнэ, ирж уулз гээд байна гэсэн... Б ч уучлалт гуйж мөнгө төгрөг зохицуулж өгөхөөр болсон...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/0172 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэм хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрөөс  төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялаар шийтгэж, одоогоор ажилгүй, улирлын чанартай ажил хийдэг, эхнэр нь төрөх гэж байгаа зэрэг байдлыг харгалзан торгуулийн ялыг найман сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч С.Б нь “...сая хагалгаанд орсон дахин орно 4,000,000 төгрөг нэхэмжилнэ, 1,100,000 төгрөг өгсөн үлдсэн 2,900,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг дүгнээд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж эмчилгээний болон эм, бинзений зардал нийт 1,486,281 төгрөгийг хангаж, нотлох баримтын шаардлага хангахгүй /хүн өдөр тутам иддэг/ хоол хүнсний 98,825 төгрөг, пост машинаар уншуулсан 107,500 төгрөг, нотлох баримтгүй 2,307,394 төгрөг нийт 2,513,719 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 1,100,000 төгрөгийг өгсөн байх тул 1,486,281 төгрөгнөөс хасч 386,281 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Хохирогч С.Б нь дахин хагалгаанд орно гэх тул цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Н.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн Н.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-с 386,281 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод оршин суух, Н овогт С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,513,719 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч С.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н