Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2020/шцт/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н,

Улсын яллагч З.А,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Эмч овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2008007390148 дугаартай, 178/2020/0133/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1973 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, Ховд аймгийн Дуут сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Д.Б, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын хойд талд 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр үл таних 2 хүнээс агнагдсан ховор амьтан болох Алтайн хойлог шувуу 2 ширхэгийг 300.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

.Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулсан. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

2.Эрүүгийн 2008007390148 дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2-р хуудас/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 3-6-р хуудас/,

3. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 12-р хуудас/,

4. Гэрч Ю.Энхтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 15-18-р хуудас/,

5.Гэрч С.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/,

6.Яллагдагч Д.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас/,

7.Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-92 дугаар хуудас/,

8.Яллагдагч Д.Б-ийн хохирол төлсөн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 99-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал                    

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Д.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын хойд талд 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр үл таних хоёр хүнээс агнагдсан ховор амьтан болох Алтайн хойлог шувуу 2 ширхэгийг 300.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авч ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдаж авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нансалмаагийн /Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 4-11 тоотод оршин суух, дээд боловсролтой, 45 настай эмэгтэй, биологийн багш мэргэжилтэй, эмэгтэй, Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай,  ПИ75101408 тоот регистрийн дугаартай, Саарал овогт Алтангэрэлийн Нансалмаа/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Надад энэ талаар мэдсэн зүйл алга.Сумуудад байгаа байгаль хамгаалагч нар энэ талаар мэдээлэх ёстой.Гэвч нууцаар агнагдсан бол бид нар мэдэх боломжгүй. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ан амьтаны Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр 130,000 төгрөгөөр үнэлэгддэг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны хууль тогтоомж зөрчсөний улмаас аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтоосон гэж заасан байдаг.Тэгэхээр нэг хойлог шувуу нь 260000 төгрөг болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,

            -Гэрч С.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....уг хойлогний махтай ачааг мэдэлгүй авсан бөгөөд ачааны хөлсөнд 10.000 төгрөг авсан юм. Тэгээд хотод орж ирээд ачаа авсан гэх хүний утасны дугаараар холбогдож уг ачаа авах гэж байсан хүнийг цагдаа нарт барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

            -Гэрч Ю.Э*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... Би нэг жил гаруйн өмнөөс Ховд аймгийн Дуут сумын харьяат өөрийн танил дүү Б*******эд хойлогны мах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд өнөөдрөөс 7 хоногийн өмнө манай танил дүү Д.Б*******ийн охин Туул надруу яриад аав таны захисан зүйлийг олсон гэнэ та аавтай яриарай гэхээр нь би дүү болох Д.Б*******тэй утсаар ярьсан. Тэгээд утсаар яриад 2 ширхэг хойлог байна гэхээр би хоёуланг нь авъя гэж хэлээд түүний Хаан банкны дансруу 300000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 01 сарын 28-ны өдөр охин Туул нь надруу залгаад таны захисан зүйлийг унаанд дайлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал ачаа авах мөнүү гэхээр нь би очиж авах гээд ирэхэд цагдаа нар машинтай ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

            -Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний танил Э******* 2019 оны 12 сарын сүүлчээр залгаад найз нь сахарын өвчтэй болсон надад хойлогны мах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би асууж өгье гэж хэлсэн. Би 2020 оны 01 сарын 20-ны өдөр аймгийн төв орж ирээд дугуй засварын газар дээр дугуйгаа янзлуулж байхад хөдөөний хоёр казак залуучууд байхаар нь санаандгүй хойлог байна уу гэхэд байна гэж хэлсэн. Би охин руугаа залгаад миний охин нөгөө хүнээс хойлог шувуу байна авахуу гээд асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай охин удалгүй надруу залгаад авна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хоёр залууг яваад аваад ир гэхэд удалгүй аваад ирсэн. Тухайн үед надад эхнэрийн эм авчир гэсэн эмийн мөнгө байсан учраас тэр мөнгөнөөсөө 300000 төгрөгийг өгөөд авчихаад Улаанбаатар хотын автобусанд 10000 төгрөг өгөөд дайсан. Би тэр хоёр залуугийн машиныг нь анзаараагүй. Би хориотой гэдгийг нь мэднэ. Тэр захисан хүн бол бөө хүн байсан. Манай эхнэрийг хүнд өвчтэй байхад тус болсон болохоор би тус болъё гэж бодсон” гэх мэдүүлэг,

            -2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 3-6 хуудас/,

             -2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг шалгаж тодорхой хэмжээний дүгнэлт гаргах боломжтой байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынханы овгийн 2 ширхэг Алтайн хойлог шувуу болохыг тогтоолоо. 3. Мөн 2-уул бие гүйцсэн шувуу болохыг нь тогтоож байна. Харин шувууны хүйсийг тодорхойлох боломжгүй байна. 4. Хоёр шувуу нуруун талаасаа буудуулсан сумны оромтой. Шувууны гадаад байр байдлаас дүгнэж агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 5. Алтайн хойлог шувуу нь Монгол орны Улаан номонд бүртгэлтэй. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар “ховордож болзошгүй зүйл”-д хамаарна. 6.Алтайн Хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр 130000 төгрөг байна.” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 12-р хуудас/,

            - Яллагдагч Д.Б*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр прокурорт гаргасан “Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон Б******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /хавтас хэргийн 98-р хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  илтгэх хуудас /хавтаст хэргийн 27-р хуудас/, эд зүйл бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг” ховор амьтан гэж ойлгохоор заасан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар                                         тогтоолын 1 дүгээр хавсралтаар Алтайн хойлог шувууг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

Шүүгдэгч  Д.Б*******ийн 2 ширхэг Алтайн хойлог шувууг 300000 төгрөгөөр худалдаж авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан “ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдаж авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс шүүгдэгч Д.Б*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Б*******ийг ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдаж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Б нь ховор амьтан гэдгийг мэдсээр байж бусдын захисанаар Алтайн хойлог шувууны махыг худалдаж авсан нь гэм буруугийн шууд санаатай гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хууль бусаар агнагдсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууны түүхий эдийг худалдан авсан үйлдлийн улмаас 260000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу ховор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх /2 х 260000 төгрөг/ 520000 төгрөгийг шүүгдэгч төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 99-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б*******ийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б******* урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 78-р хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид нар нэг нутаг усанд 40 орчим жил найзалж нөхөрлөж явна. Манай найз Д.Б******* нь төлөв даруу, дуу цөөнтэй, даруу дөлгөөн, хүнд тусархуу, илүү дутуу ааш араншингүй, сумын хүн эмнэлэгт жолоочоор ажилладаг. Хувьдаа мал хөрөнгөтэй хүн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, гэрч Н.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид нар бага ангийн найзууд байгаа юм. Манай найз Б******* нь эхнэр хүүхдүүдийн хамт Дуут суманд амьдардаг. Эхнэр нь сумын эмийн санг ажиллуулдаг боломжийн амьдралтай хүмүүс байгаа” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 38-39-р хуудас/, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Засаг даргын  2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч Д.Б*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил, 04 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Алтайн хойлог шувууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдаж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

5.Шүүгдэгч Д.Б-д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Алтайн хойлог шувууг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д  зааснаар шүүгдэгч Д.Б*******эд тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.БАХЫТБЕК