Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 284

 

С.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Энхтуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Цэрэнсодном

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар “Монкорд” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Э.Батбаярт холбогдох 63 034 004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн, түр явагдахгүй байна гэж ойлгож байсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулсан гэдгийг бэрээсээ олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч гэж үзэн миний гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байж дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй. Манай бэрд дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг С.Энхтуулд хүлээлгэн өгөөгүй, энэ талаар мэдэгдээгүйд гомдолтой байна. Б.Эрдэнэсүрэн тогтоол авсан эсэх дээр маргахгүй. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхйин шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 тоот захирамжаар Э.Батбаяраас 63 270 564 төгрөг гаргуулж “Монкорд” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 14Б баяр 24 тоот 2 өрөө орон сууцыг хуульд зааснаас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04/30 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 152/04 тоот тогтоолоор хураасан. Үнэлгээтэй холбоотой асуудлыг өмнө нь шүүхийн шийдвэрүүдээр шийдвэрлэсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч Э.Батбаяр нь шүүхээс ногдуулсан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар төлж барагдуулахаас зайлсхийж, удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж, хугацаа хожин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Албадан дуудлага худалдаа болох гэж байгаа талаар төлбөр төлөгч Э.Батбаярын гэр бүлийн хүнд мэдэгдэж, тогтоолыг өгсөн гэжээ. 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах С.Энхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн, түр явагдахгүй байна гэж ойлгож байсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуудлага худалдаа явуулсан гэдгийг бэрээсээ олж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч гэж үзэн гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байгаа хирнээ дуудлага худалдаа явуулах талаар өмчлөгчид яагаад мэдэгдээгүйг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасан байхад бэр гэх хүнд уг дуудлага худалдаа явагдах тогтоолыг гардуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглэж маргааныг зөв шийдвэрлэсэн боловч хэргийн оролцогчид хамааралтай давж заалдах гомдол гаргах эрхийг шүүх хуралдааны оролцогчид хамааруулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 Нэхэмжлэгч С.Энхтуул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/264 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2001 дүгээр захирамжаар Э.Батбаяр нь 63 034 004 төгрөгийг “Монкорд” Хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг захирамжийг үндэслэж олгогдсон гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, ажиллагаа хүчинтэй байна.

Түүнчлэн төлбөр төлөгч Э.Батбаярын гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдолтой иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 455, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8729 дүгээр шийдвэрүүдээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, анхны албадан дуудлага худалдаатай холбоотой ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч С.Энхтуул нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч биш, гуравдагч этгээд байх тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх үүрэггүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Харин төлбөр төлөгч Э.Батбаярт шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хуульд заасан журмын дагуу хүргэгдсэн эсэх ажиллагаа нь энэ маргаанд хамааралгүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

Харин анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрх нь хэргийн оролцогчид хамааралтай байхад шүүх хуралдааны оролцогчид хамааралтай гэж давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулсан нь буруу боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүх хуралдааны оролцогч талууд...” гэснийг “...зохигч, тэдгээрийн төлөөлөгч...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА