Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 1

 

2018 оны 01 сарын 18 өдөр                      2018/ДШМ/01                                     Хэрлэн сум

А.Л, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

226/2017/0041

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

Прокурор:  Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  С.Нарангэрэл,

Шүүгдэгч: А.Л, Б.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б, А.Л нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 1739000240022 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1996 онд  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Булгийн 3-5 тоотод оршин суух, (улсаас авсан гавьяа шагналгүй), ял шийтгэлгүй Б овогт А Л  /РД:СА96112710/

Хэнтий аймгийн Батноров суманд 1997 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Хэнтий аймаг Батноров сумын 6 дугаар баг Нөөлөг 2-4 тоотод оршин суух, (улсаас авсан гавьяа шагналгүй), ял шийтгэлгүй гэх Б овогт Б. Ц /РД:СА97082516/

Шүүгдэгч А.Л, Б.Ц нар нь 2017 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян хүнс” хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи 16 ширхэг, телекамер 2 ширхэг, бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас А.Л, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Б Цэ, Б овогт А Л нарыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгэлбаатарыг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч А.Лхагвахүүг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, А.Л нарт оногдуулсан хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл гүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц, А.Л нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж  тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн А.Л нь давж заалдах гомдолдоо: Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ухамсарлаж цаашид дахин ийм байдал гаргахгүй гэдгээ ойлгосон. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Ц нь давж заалдах гомдолдоо: Би уг хэргийг санаатай үйлдээгүй. Найзуудтайгаа бага зэрэг архи ууснаас болж тамхи татах хүсэлдээ автагдаж энэ хэргийг хийсэн. Хэсгийн төлөөлөгч яллах талаас нь нотлох баримтыг бүрдүүлсэн. Хохирлын тооцоо гаргахдаа хохирогч нарын хэлснээр шууд гаргасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний ар гэрийн байдлыг харгалзаж үзээгүй. Би хүнд өвчний улмаас ээж, эгч нараа алдаж сэтгэлийн зовлонтой байсан.  Дөнгөж 20 насандаа хорих байранд хоригдож их зүйлийг ойлгож, ухаарсан. Иймд миний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн,  алдаагаа засч залруулах боломж олгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ А.Л, Б.Ц нарын  эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

А.Л, Б.Ц нар нь 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян хүнс” хүнсний дэлгүүрт нэвтэрч, тамхи 16 ширхэг, телекамер 2 ширхэг, бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч З.У мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 13-ны өглөө  ээж Цэвэлмаа нь 10 цагийн орчим утсаар “урд шөнө манай дэлгүүрт хулгай орчихсон байна, яаралтай ир” гэхээр нь очсон. Надад 300.000 төгрөгийн хохирол учирсан. Манай дэлгүүрийн хяналтын камерт Л, Ц нарын дүрс бичигдсэн байсан. Би хадгалагдсан бичлэгээ ухрааж үзэхэд 03 цаг 40 минутын үед дэлгүүрт 2 хүн орж ирээд нэг нь лангууны араас юм аваад нөгөөх нь эд зүйл авч байгаа бичлэг үлдсэн байсан ... гэх /х-16-17х/

Эд зүйлийн үнэлгээ /х-18 х/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл ... /х-10-15 х/

Гэрч Х.А мөрдөн байцаалтанд өгсөн: Хадам ээж Цэвэлмаа маань дэлгүүрт хулгай орсон байна яаралтай ир гэхээр нь очтол дэлгүүрийн цоожний цүүг эвдчихсэн байсан ... гэх /х- 23 х/

Гэрч Г.У мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээр ирэхэд цоож нь эргэчихсэн байсан. ...Нандин-Эрдэнэ эгчийн гэрт орж дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн. Тэр шөнө Ц шөнө 01 цаг 41 минутанд Ц байна дэлгүүрээ онгойлгооч хөдөө явах гээд ойрхон байна гэж мессеж бичсэн байсан ... гэх  /х-25 х/

Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн: Камерийн бичлэг үзээд баруун чихэндээ хар цагаан жижиг ээмэг зүүсэн байсан. Түүгээр нь ээж миний хүү Лхагвахүү байна гэж таньсан ... гэх мэдүүлгүүд /х- 27х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд ... /х-12-13 х/   зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Л, Б.Ц нар нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн  нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 1997 оны 8 дугаар сарын 25-нд төрсөн 19 нас 10 сар, 18 хоногтой, шүүгдэгч А.Л нь 20 нас 7 сар 16 хоногтой байсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, их дээд сургуульд суралцдаггүй, цэргийн алба хаагаагүй, эцэг, эх, төрсөн ах нарынхаа асрамжинд байдаг, бие даан амьдрах арга барилд суралцаагүй, нийгэмд төлөвшиж чадаагүй байдал, гэрч Г.У мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр шөнө Ц шөнө 01 цаг 41 минутанд Ц байна дэлгүүрээ онгойлгооч хөдөө явах гээд ойрхон байна гэж мессеж бичсэн байсан ... гэх  /х-25 х/ мэдүүлэг зэрэг шүүгдэгч нарын нас бие, сэтгэцийн онцлогийг харгалзан тэднийг өсвөр насны хүн гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарт хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлбэл өсвөр насны хүний зан төлөв, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 40 дүгээр зүйлийн 4-т “Хүүхдийн аж байдал, үйлдсэн хэргийн байдалд тохируулан хандах үүднээс асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, асран хүмүүжүүлэх газар, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, чиглүүлэх тухай захирамж гаргах, түр асрамжид шилжүүлэх зэргээр бусад олон хувилбарын арга хэмжээ  авах нь чухал” гэж заасан байх бөгөөд  шүүгдэгч нарын  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас /тамхи татах  хүсэлдээ хөтлөгдөн/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан нийгэмд эзлэх байр суурийг нь олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор тэдэнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болохоор заасан байх тул өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй.

 

1.”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Б.Ц нарт 360 /гурван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах тус тус үүрэг хүлээлгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, Б.Цнарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Хэнтий аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газарт даалгаж, тэднийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг ах Б. Э, эх Х. Бнарт тус тус даалгасугай.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Л, Б.Ц нарын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  58 /тавин найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход ялыг эдэлж дууссан байх тул тэднийг  шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л, Б.Ц нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.СҮХГОМБО

   ШҮҮГЧИД                                                   О.БААТАРСҮХ

                                                                                                 Б.ДЭНСМАА

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО