Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р баг, Баруун хөх овоо гэх газар нутаглах, Боржигон овогт Баянтогтохын Эрдэнэбат /ЗК68101006/-ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 оны 10 сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай 6 хүүхэдтэй. Би улсад тасралтгүй 21 жил ажилласан. Үүнд: 1980-1982 он хүртэл Төв аймгийн Баянцагаан суманд Өрнөх амьдрал нэгдлийн Алтат бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1983 оны 01 сараас 1985 оны 06 сар дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд дунд мэргэжлийн зоотехникчээр суралцаж төгссөн. 1985 оны 07 сараас 1986 оны 05 сар дуустал Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдлийн Алтат бригадын зоотехникчээр томилогдон ажилласан. Мөн 1986 оны 06 сараас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн бригадын бух маллагч, санитарч, адуу тэжээлийн цэгийн зоотехникчээр ажиллаж байгаад 1987 оны 11 сарын 12-ны өдөр санитарчний ажлаас чөлөөлөгдөж тус бригададын зоотехникчээр үргэлжлүүлэн 1990 оны 12 сарыг дуустал ажилласан. 1991-1993 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн бригадад төмөр сүргийн малчнаар ажилласан. Тухайн үед Мандах нэгдэл нь Мандах компани гэж нэрлэгдэх болсон. 1980-1990 оны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивиас зарим тушаал олдохгүй байгаа болно.

Мөн Төв аймгийн архивын тасгаас гарсан тушаал дээр М гэсэн овогтой байгаа нь тухайн үед хойд эцэг Мижиддоржоор овоглосон юм. Сүүлд ээж Баянтогтохоор овоглон хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтаа авсан.

Иймд миний 1980 оноос 1986 оны 05 сарын 31-ий өдрийг хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд, 1986 оны 6 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин, зоотехникч, санитарчаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбат нь 1980-1982 он, 1985 оны 7 сараас 1986 оны 05 сарын 31-ий өдрийг хүртэл Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд, 1986 оны 6 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08/42 дугаартай лавлагаагаар: ‘’ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 02 сарын 15-нд байгуулагдаж 1991 оны 04 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1994 оны 06 сарын 13-нд Мандах ББХКомпани болж өөрчлөгдсөн үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ. /
  2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 227 дугаар тодорхойлолтод: ‘’Тус архивын сан хөмрөгт Б.Эрдэнэбатын Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Үйзэн, Наран бригадад 1986 оны 01 сараас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар томилсон, мөн зоотехникчээр томилогдсон тухай холбогдох баримтууд байхгүй болно. Сайнцагаан сумын Мандах нэгдлийн 1987, 1992 оны Б.Эрдэнэбатад холбогдох 64, 15 дугаар тугаалын хуулбарыг гаргаж хүргүүлэв’’ гэжээ. 
  3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн даргын 1987 оны 11 сарын 12-ны өдрийн 64 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ‘’Үйзэн бригадын ЭТЦ-ийн санитарч Эрдэнэбатыг 1987 оны 11 сарын 12-ноос ажлаас чөлөөлж, бригадын мэдэлд шилжүүлсүгэй’’ гэжээ.
  4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1992 оны 03 сарын 25-ны өдрийн 15 дуаар Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт: ‘’Наран, Үйзэн бригадын зоотехникч Б.Эрдэнэбат...ыг 1992 оны 03 сарын 31-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй’’ гэжээ.
  5. Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 сарын 08-ны өдрийн 79 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбарт: ‘’...М.Эрдэнэбатыг Алтат бригадад дундын мэргэжлийн зоотехникчээр 1985 оны 07 сарын 8-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай’’ гэжээ.
  6. Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 05 сарын 22-ны өдрийн 51 дугаар ээлжийн амралт олгох тухай тушалын хуулбарт: ‘’М.Эрдэнэбатын ээлжийн амралтыг 1986.05.22-ны өдрөөс эхлэн 15 нэмэгдэл 11 бүгд 26 өдрөөр олгосугай’’ гэжээ.
  7. Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний №519294 дугаартай 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-2 сар, 1988 оны 10-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-9 сарын сарын цалин, татварын бөглөлт хийгдсэн бат илэрхийлэхийн хуулбар,
  8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1988 оны 11  сарын 13-ны өдөр Эрдэнэбатад олгосон №2889 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,
  9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Б.Эрдэнэбатад 1993 оны 05 сарын 15-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ‘’1991 оны 1-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 1-12 сар’’-ын бичилт хийгдэжээ.
  10.  Дундговь аймгийн Уралдаант үзлэг зохион байгуулах аймгийн комиссоос 1989 оны 06 сарын 11-нд Эрдэнэбатад олгосон талархал,
  11. Гэрч Д.Буянтогтох, Т.Эрдэнэхуяг, М.Оюунчимэг, Т.Бат-Өлзий, Б.Сүх, С.Ичинхорол нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбатыг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1980 оноос 1982 он, 1985 оны 7 сараас 1986 оны 05 сарын 31-нийг хүртэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдсэн, архивт зарим ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь хадлагдаагүй, өөрт нь байхгүй буюу устсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 227 дугаар, Төв аймгийн Архивын тасгийн 119 тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хүсэлт гаргагч Б.Эрдэнэбатыг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг хэргийн 7-13, 49-50-р хуудсанд авагдсан ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаалууд, Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, талархал  зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчүүдийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Харин хүсэлт гаргагчийн Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1980 оноос 1982 онд хүртэл  ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд түүнийг ажиллаж байсныг хотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Мөн хүсэлт гаргагч 1980-1982 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байсан байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Баянтогтохын Эрдэнэбатыг Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх амьдрал нэгдэлд 1985 оны 07 сарын 08-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1986 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР