Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 78

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант наран багийн 18-06 тоотод оршин суух, ПЖ61120719 регистрийн дугаартай, Хасар овогт Чулууны Гэрэлсүрэнгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976-1992 оныг дуустал Ховд аймгийн Манхан суманд тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд миний ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэн нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1942 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1976 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1976 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалын хавсралтын хуулбар,

-Ч.Гэрэлсүрэнгийн 1977-1989 оны цалингийн түүвэр, хүснэгтийн хуулбар,

-Г.Гэрэлсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилттэй нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 000001347 дугаар лавлагаа,

-Г.Гэрэлсүрэнгийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч Д.Баатархүүгийн “Ч.Гэрэлсүрэн нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976-1990 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд автын жолоочоор ажиллаж байсан. Бид инженер Балсангийн удирдлага доор ажиллаж байсан. Грашийн дарга нь Дамдинсүрэн, Галсан гэдэг хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Гунанбаатарын “Ч.Гэрэлсүрэн нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1976-1990 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд авто грашт засварчин, үйлдвэр бригадад ажиллаж байсан. Бид инженер Балсангийн удирдлага доор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэнгийн 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1942 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэнгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэн нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Харин Ч.Гэрэлсүрэн нь 1991-1992 онуудад Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарлах боловч хүсэлт гаргагчийг 1991, 1992 онуудад Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн гэрч Д.Баатархүү, Б.Гунанбаатар нар Ч.Гэрэлсүрэнг 1976-1990 он дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэж мэдүүлсэн байна.

Иймд хүсэлт гаргагч Ч.Гэрэлсүрэнгийн 1991-1992 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нотлох баримтаа цуглуулан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хасар овогт Чулууны Гэрэлсүрэнг 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991-1992 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн Манай зам ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА