| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0113/Э |
| Дугаар | 2020/шцт/108 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/шцт/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч З.Алтансолонго,
Хохирогч Б.О*******,
Шүүгдэгч Н.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б*******д овогт Н*******ийн М*******д холбогдох эрүүгийн 2036000000130 дугаартай, 178/2020/0113/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ж******* суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл 10, аав, ээж, ах, эгч, дүү, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Ж******* сумын Ц******* багийн 02-01 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, Б*******д ургийн овогт Н*******ийн М******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Н.М******* нь 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Ж******* сумын Ц******* багийн 02-01 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О*******тэй маргалдаж улмаар түүний биед халдан цохиж хуйханд улайлт, үсний халцрал болон олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг:
1.Шүүгдэгч Н.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2.Хохирогч Б.О******* /1974 оны дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Ховд аймаг Ж******* сумын Хайрхан багийн 1-4 тоотод оршин суудаг, Алагынхан овогт Бярзаны О*******, пю74062306/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, торгуулийн ялыг ихэсгэж өгнө үү гэв.
Эрүүгийн 2036000000130 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 4-р хуудас/,
2.Мөрдөгчийн хохирогчоор тогтоосон тогтоол /хавтаст хэргийн 6-р хуудас/,
3. Хохирогч Б.О*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
4. Гэрч Ганболынд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
5. Насанд хүрээгүй гэрч Н.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
6. Гэрч Г.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
7 Гэрч М.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
8. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-22-р хуудас/
9. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 401 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 26-р хуудас/,
10. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 403 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 26-р хуудас/,
11. Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 11 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 34-р хуудас/,
12. Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/,
13. 2020 оны 06 сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэцийн №13 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 42-44-р хуудас/
14.Гар утас үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-р хуудас/,
15. Яллагдагч Н.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
16. Яллагдагч Н.М*******гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 83-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.М*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч Н.М******* нь Ховд аймгийн Ж******* сумын Ц******* багийн 02-01 тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.О*******тэй маргалдаж улмаар түүний биед халдан цохиж хуйханд улайлт, үсний халцрал болон олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
-Хохирогч Б.О*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “..Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед манай нөхөртэй 2 өдөр хамт архи уусан М******* гэх эмэгтэйгийн Ц******* багт байх гэрт нь найз Чукагийн хамт очсон. Тэгээд гэрт нь ороод нөхөр нь гэх залууд сайн байна уу, чи М*******гийн нөхөр мөн үү, танай эхнэр манай нөхөртэй 2 хоног шоудаж зочид буудалд орсон байна гэтэл М******* чиний нөхөртэй архи ууж болохгүй юу, нөхрөө аваад ир, миний гэрт орж ирээд миний нөхөр болон ээжид хэлдэг хэн юм бэ" гээд хэрэлдсэн бөгөөд хэрэлдэж байх явцдаа миний нүүрлүү нулимж, шанагатай ус цацаж намайг чимхэж, татаж, зулгаах үйлдэл хийж байгаад маргаан ширүүсэж бид хоёр 2 талаасаа нэг нэгнийгээ үсдэлцээд нилээн удаан ноцолдсон ойролцоогоор 30-40 орчим минут ноцолдсон байх гэж бодож байна. Үсдэлцээд ноцолдож байх хугацаанд М******* миний гар хөлийг маажиж, цохих үйлдэл хийж байсан. Тэгээд бид 2 салаад орон дээр сууж байтал М******* гүйж ирээд миний хамар хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан бөгөөд тэнд байсан дүү нь надад салфетка авчирч өгөөд би цусаа арчиж цэвэрлээд сууж байтал цагдаа нар орж ирсэн бөгөөд аваад явсан. Бид хоёр харилцан нэг нэгнийхээ үснээс зулгаалцсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас /,
-Гэрч Э.Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2020 оны 05 сарын 07-ны өдөр манай гэрт танихгүй хоёр эмэгтэй орж ирээд надад танай эхнэр манай нөхөртэй хамт нийлж архи уугаад шоудаад яваад байна гэж хэлэхэд манай эхнэр уурлаад тэр эмэгтэйтэй барилцаж аваад нэг нэгнээ үсдэлцээд зулгаалцалдаад хэрүүл маргаан болоод би салгах гэсэн боловч салахгүй болохоор нь би дүүгээ цагдаа дууд гэж хэлэхэд манай дүү цагдаа дуудсан. О******* нь бага зэрэг согтолттой байсан. Би хүүхдээ тэврээд гараад явсан болохоор гар утас дэвссэн талаар бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Н.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 05 сарын 07-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад гаднаас танихгүй хоёр эмэгтэй хүн орж ирээд манай хүргэн ахад хандаад манай эгчийг заагаад энэ танай эхнэр мөнүү гэхэд хүргэн ах мөн гэж хэлсэн. Манай эгч тэм эмэгтэйг та нар арай дэндэж байна гар гэхэд тэр эмэгтэйгийн нэг нь манай эгчийг янхан минь янханы ордоныг яасанч яадаг юм гээд орилсон. Тэгээд эгчийг үсдээд авсан тэгэхээр нь би ахтайгаа салгах гэж байхад хамт ирсэн эмэгтэй нь чи эхлээд хүн цохилоо шүү дээ гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед манай дүү уйлахаар нь хүргэн ах аваад гараад явсан. Эгч тэр хоёр үсдэлцээд орон дээр ноцолдож байхад манай эгчийн утас унахаар нь би авах гэтэл тэр эгч утсан дээр гишгэчихээд банкны хуулгаа авч ирж өгөөд надаас утсаа ав гээд дэвсээд салахгүй болохоор нь би цагдаа дуудсан. Тэгээд тэр эгч банкны хуулгаа авчирч өгөөд утсаа аваарай гээд дэвсээд хагалчихсан. Цагдаа ирээд аваад явсаны дараагаар би орон доороос утсыг авахад дэлгэц нь хагараад салчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
-Шүүгдэгч Н.М*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед гэртээ байж ба гаднаас үл таних эмэгтэй хүн согтуу орж ирээд, “Миний нөхөртэй явалдлаа, янханы орон гэх мэтчилэнгээр намайг доромжлоод байхаар нь би наад хэрүүлээ гадаа гарч хий гэтэл шууд баруун гараараа миний зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаад үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдэлцсэн бөгөөд бараг 10 орчим минут хоорондоо үсдэлцсэн чигээрээ ноцолдож, нэг нэгнийхээ хөлрүү ээлжлээд өшиглөж байсан. Тэгээд би О******* гэх эмэгтэйн үснээс тавиад зүүн талын орлуу түлхэж унагаагаад гартал гадна цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд цагдаа нар манай гэрт орж ирээд юу болсон талаар асууж байтал О******* гэх эмэгтэй манай зуух руу шүлсээ хаяхаар нь би уурлаад гүйгээд очтол цагдаа нар намайг боль гээд бариад авсан. Тэгээд цагдаа барьж байхад намайг дахиж үсдэж байгаад миний зүүн ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл 1 цагдаа нь О******* гэх эмэгтэйг манай гэрээс чирээд гарсан. Тэгээд О******* бид хоёрыг цагдаа дээр авчирч согтолт тодорхойлж мэдүүлэг авсан. Би О******* гэх хүнтэй урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан асуудал байхгүй. Эхлээд намайг баруун гараараа, зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаж, дарж аваад намайг үсдэж 10 орчим минут болсон. Баруун хөлийн шилбэ, өвдөг хэсэгт зүүн хөлний хянганы яс хэсэгт нилээн хэдэн удаа баруун зүүн хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан хэдэн удаа аль хөлөөрөө өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Мөн цагдаа нар барьж байхад намайг дахиж үсдэж байгаад зүүн ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Түүнээс хойш би тэр О*******тэй уулзаагүй уулзаж байгаад эмчилгээний зардлыг төлж өгнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 403 тоот “Б.О*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. Б.О*******гийн биед толгойн зулай хэсгийн хуйханд улайлт, зулайн хэсэгт үсний халцрал, доод уруулын зүүн гадна хэсэгт зулгаралт, баруун доод эрүүний гадна хэсэгт зулгаралтууд, хамрын баруун угалз хэсэгт зулгаралтууд, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт, баруун гарын бугалга урд дунд хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы урд дунд хэсэгт хуралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, бар гарын бугалганы ар дунд хэсэгт цус хуралтууд, баруун гарын бугалганы дотор доод хэсэгт цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралтууд, цээжний баруун дээд хэсэгт цус хуралтууд, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы урд доод хэсэгт цус хуралтууд, зүүн гарын бугалганы ар дунд хэсэгт цус хуралтууд, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.О*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
-Гар утас үнэлсэн тухай шинжээчийн “ Samsung s5 маркийн гар утас үнэлсэн тухай шинжээчийн зах зээлийн үнийн судалгааг mobicom.mn сайт, орон нутгийн гар утас худалдааны төвүүдээр ижил загвар, маркийн гар утас зарах үнийн саналуудыг харьцуулан судалж ашиглалтаас хамаарсан үнэ цэнийн бууралтыг тооцон тохируулж 2020 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаар 150000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.М*******гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.М*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогчтай маргалдаж улмаар биед нь халдаж цохиж гэмтэл учруулсан гэм буруугийн шууд санаагаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.М******* урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 58-р хуудас/ тогтоогдож байгаа ба хохирогчтой маргалдаж улмаар түүний биед халдаж гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.М*******гийн хувийн байдлын талаар гэрч Г.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н.М******* бид хоёр хар багаасаа үерхэж эхэлсэн. Манай найз Н.М******* нь нийтэч, тайван зантай, хааяа нэг архи уух дуртай, найзуудтайгаа хамт байх, шударга зантай хүн байгаа юм. Архи хэрэглэсэн үедээ олон зүйл ярьдаггүй. Хэт их согтохоороо хүнтэй хавьчаад байдаггүй, зүгээр унтчихдаг ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,
Гэрч М.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “манай охин Н.М******* нь байгаагаараа байдаг, төлөв даруу, бага байхдаа сургуулийн шатнаас унаад татаж унадаг өвчтэй болсон. Уурлахаараа өөрийгөө барьж чаддаггүй. Мэдрэлийн уналт гэх оноштойгоор группэд байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч Н.М*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дөрвөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун таван тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.М*******д оногдуулсан 455000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******д овогт Н*******ийн М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*******ийн М*******д дөрвөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М*******д оногдуулсан дөрвөн зуун тавин таван мянган төгрөгийн торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.М*******д тайлбарласугай
5.Эрүүгийн 2036000000130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Н.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК