Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 79

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 4-3 тоотод оршин суух, ПЮ55112970 регистрийн дугаартай, Адууч овогт Намсрайн Банзайдоржийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Банзайдорж, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Банзайдорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шуудан зөөгч, жолооч зэрэг ажлуудыг хийж, улсад нийт 5 жил 9 сар ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт буюу нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 70 тоот тушаал байгаа боловч, энэ хугацааны ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж үзэж миний 5 жил 9 сарын ажилласан жилийг хасаж тэтгэвэр тогтоосон учраас миний бие хохироход хүрээд байна.

Иймд миний 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд шуудан зөөгчөөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Банзайдорж нь 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд шуудан зөөгчөөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Н.Банзайдоржийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1940 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тушаал,

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 773 дугаартай лавлагаа,

-Гэрч Ч.Гүнзэлийн “Н.Банзайдорж 1971 онд илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт малчнаар гарч, 1971-1974 онд малчин, шуудан зөөгч зэрэг ажил хийж байгаад 1974-1977 оны 06 дугаар сарын 10 оны хүртэл цэргийн алба хаасан бөгөөд 1977 оны 07 дугаар сараас тус багт цэгийн машины жолоочоор 1982 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Ө.Паламын “Н.Банзайдорж 1971 онд илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт малчнаар гарч, 1971-1974 онд малчин, шуудан зөөгч зэрэг ажил хийж байгаад 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 06 дугаар сарын 10 оны хүртэл цэргийн алба хаасан бөгөөд 1977 оны 07 дугаар сараас тус багт нэгдэлд тэжээл эмчилгээний цэгийн жолоочоор 1981 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Банзайдоржийг 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд шуудан зөөгчөөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адууч овогт Намсрайн Банзайдоржийг 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд шуудан зөөгчөөр, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА