| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0112/Э |
| Дугаар | 2020/шцт/104 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2020/шцт/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч З.Алтансолонго,
Иргэний нэхэмжлэгч С.Энхцэцэг, шүүгдэгч Т.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Т*******гийн С*******т холбогдох эрүүгийн 2036000000125 дугаартай, 178/2020/0112/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс дөрвөд, 1998 оны 08 сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, ******* овогт Т*******гийн С*******, регистрийн дугаар *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Т.С******* нь 2020 оны 1 дүгээр сарын эхээр Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Арал” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нийт 1.7135 м.куб бургас мод бэлтгэж, тээвэрлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэж байгаль орчинд 215901 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг:
1.Шүүгдэгч Т.С******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2.Иргэний нэхэмжлэгч С.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.
Эрүүгийн 2036000000125 дугаартай хавтаст хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5-р хуудас/,
2. Хэргийн газар болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
3.Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 9-12-р хуудас/,
4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
5. Хохирогч С.Лхамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/
6. Гэрч Б.Батцагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
7. Шүүгдэгч Т.С*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
8. Шүүгдэгч Т.С*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
9. Шинжээчийн модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.С*******т холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч Т.С******* нь 2020 оны 1 дүгээр сарын эхээр Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Арал” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нийт 1.7135 м.куб, 379 ширхэг нойтон бургас мод бэлтгэж ойн санд 215901 төгрөгийн хохирол учруулсан, уг хууль бусаар бэлтгэсэн бургас модыг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт байрлах улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Арал” гэх газраас Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоот хашаанд 1738 улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, уг тээвэрлэсэн бургас модоор гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
-Хэргийн газар болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
-Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 9-12-р хуудас/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 18-19-р хуудас/,
-Хохирогч С.Лхамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн “Арал” гэх газар улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Иргэн Т.С*******ыг Цагаан булан багийн “Арал” гэх газарт мод бэлтгэж байгаа талаар Цагаанбулан багийн Засаг дарга Б.Батхишигээс сонссон тухайн үе ямар нэгэн арга хэмжээ аваагүй. ...Мод бэлтгэх зөвшөөрлийг намар 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Байгаль орчны яам, Байгаль орчны газар, Байгаль хамгаалах тухай хуулинд заасны байгаль орчны байцаагч жилд нэг удаа хаягдал мод ашиглах, ой цэвэрлэх зорилгоор олгодог.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 28-29-р хуудас/,
-Гэрч Б.Батцагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн “Арал” гэх газар улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Манай Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт орно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
-Шүүгдэгч Т.С*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын эхээр Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Арал” гэх газарт очиж аавынхаа гэрт мал маллаж байхдаа бургас тасалж бэлдсэн юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 1738 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тасалж бэлдсэн 379 ширхэг нойтон бургасаа Ховд аймгийн төвд байрлах ******* сумын ******* багийн 26-28 тоот хашаандаа авч ирж гэрийн мод бэлтгээд байж байхад цагдаа нар авч ирж шалгасан юм. ...Би холбогдох зөвшөөрөл аваагүй. Би өөрөө хуримаа хийх гээд гэрийнхээ модыг тухайн газраас бэлтгэсэн юм. Манай төрсөн ээж болох С.Энхцэцэгийн эзэмшлийн Бонго пронтер маркийн цэнхэр өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэж орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
-Шинжээчийн модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “1. Бургасны овогт багтах таван дохиурт бургас мод
2.Бэлтгэж байх үед дээрх модод нь нойтон байх магадлалтай. Одоогийн байдлаар уг модод нь хуурайшсан шинж тэмдэг харагдаж байна. 3.Монгол Алтайн нурууны ой бүхий газар нь Байгаль орчны сайдын 20013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар нэгдүгээр мужлалд багтана. 4.Тусгай хамгааллаттай газар нутгийн ой мөн. 5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалын 1-р хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон болно. 1.7135 х 90000 х 1,4 =215901 /бодит хохирол/.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
Авто машин үнэлсэн тухай шинжээчийн “Kia frontier” маркын 2002 онд үйлдвэрлэгдэж 2011 оны 7 сард Монголд импортлогдсон авто машины үлдэх үнэ цэнэ 2020 оны 5 дугаар сарын байдлаар 500000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Т.С*******ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.С*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С*******ын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.С*******ыг “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь хувийн хэрэгцээнд гэрийн мод бэлтгэх зорилгоор хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн нь гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 215901 төгрөгийн /379 ширхэг 1.7135 м.куб бургас мод, 1.7135 м.куб мод х 90000 х 1,4 =215901 төгрөг/ хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлын хэмжээг тогтоосон нь үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд нийт 215901 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх 647703 төгрөгийг шүүгдэгч төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 63-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.С******* урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 50-р хуудас/ тогтоогдож байгаа боловч урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.С*******ын хувийн байдлын талаар гэрч Г.Сэржмядагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т.С******* нь дуу цөөнтэй, даруу дөлгөөн, хүнд тусархуу, илүү дутуу ааш араншингүй, ямар нэгэн хорт зуршилгүй ээж аавын хажууд мал малладаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,
Гэрч Д.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т.С******* нь дуу цөөнтэй, хүнд тусархуу, ажилч хичээнгүй, хүнийг их хүндэлдэг, илүү дутуу ааш араншингүй, мал маллах арга ухаанд их сайн суралцсан хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.С*******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил, 03 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.С*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кио пронтер” маркын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн ээж буюу иргэний нэхэмжлэгч С.Энхцэцэгийн эзэмшлийн бөгөөд ашиглах боломжгүй, задаргаанд орсон болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 500000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хууль бусаар бэлтгэсэн гэх 379 ширхэг, 1.7135 м.куб бургас модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч “иргэний нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих” санал гаргасан боловч иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т*******гийн С*******ыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт Т*******ий С*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.С*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.С*******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.С******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа пронтер маркын, улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулан, эд мөрийн баримтаар хураагдсан 379 ширхэг бургас модыг тус тус улсын төсөвт шилжүүлж, “Киа пронтер” маркын, улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч нь болох Ховд аймгийн Мянгат сумын Цагаанбулан багт оршин суух Самданы Энхцэцэгт буцаан олгосугай.
7. Иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.С*******т тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.С*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.С*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК