Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэ, 5-р хороо, Яармаг 1 гудамж 7 тоотод оршин суух, Ерлөг овогт Тавхайн Бүргэд /ЗГ57022816/-ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Бүргэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Бүргэд шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 02 сарын 28-ны өдөр төрсөн. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 27 жил ажилласан. Үүнээс 1974-1976 онд Дундговь аймгийн Давжих зам нэгдэлд бог мал маллаж байгаад 1976-1979 цэргийн алба хаагаад 1979-1990 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд бог мал маллаж байсан. Эдгээр онуудын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын архив шатсан тул миний холбогдох баримт сумын болон аймгийн архивт байхгүй байна.

Иймд 1974 оны 06 сарын 15-наас 1976 оны 06 сарын 02 хүртэл, 1979 оны 07 сарын 15-наас 1990 оны 06 сарын 30-ныг хүртэл ажилласан жилийг баярын бичиг, мандат, гэрчилгээ, талархал, дипломын хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн тогтоож өгнө үү  гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Бүргэд нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 оны 06 сарын 15-наас 1976 оны 06 сарын 02-н хүртэл, 1979 оны 07 сарын 15-наас 1990 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

  1. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 12 дугаартай тодорхойлолтод: ‘’Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1973 оны 06 сарын 20-ноос 1990 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй тул Т.Бүргэдэд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна’’ гэжээ.  
  2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 08/28 дугаартай лавлагаагаар: ‘’Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл нь 1991 оны 04 сарын 28-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 03 сарын 23-нд ‘’Давших зам’’ ХКомпани .... болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ. /
  3. Монгол Улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн №00001421 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: ‘’Тавхайн Бүргэд БХЯ-ны сайдын 1976.06.30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1976.07.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1979.06.30-ны өдрийн н/364 дүгээр тушаалаар 1979.07.15-ны өдөр 341807 дугаарын цэргийн батлахтай хагадсан’’ гэжээ.
  4. Монгол Ардын Хувьсгалт намаас 1983 оны 10 сарын 11-ний өдөр Т.Бүргэдэд №094045 дугаартай намын бат илэрхийлэхэд: ‘’1983 оны 10-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оын 1-12 сар, 1991 оны 1-2 сар’’-ын цалин, татварын бичилт хийгдэжээ.
  5. Т.Бүргэдэд олгосон 1974 оны Илгээлтийн үнэмлэхийн эх хувь, 1981 оны гэрчилгээ, мандат, 1982, 1984 оны баярын бичиг, 1991 оны талархалын хуулбар, 
  6. Гэрч Т.Наранцэцэг, Д.Эхнэр, Ш.Цэрэндулам нарын мэдүүлэг зэрэг болно.

 

Хүсэлт гаргагч Т.Бүргэд нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 оны 06 сарын 15-наас 1976 оны 06 сарын 02-н хүртэл, 1979 оны 07 сарын 15-наас 1990 оны 06 сарын 30-н хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 12 дугаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хүсэлт гаргагч Т.Бүргэдийг  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 оны 06 сарын 15-наас 1976 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 сарын 15-наас 1990 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд  ажиллаж байсныг хэргийн 3-7-р хуудсанд авагдсан баярын бичиг, гэрчилгээ, талархал, дипломын хуулбар, 25-26-р хуудсанд авагдсан Монгол Ардын Хувьсгалт намын №094045 дугаартай бат илэрхийлэх, Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа, илгээлтийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ерлөг овогт Тавхайн Бүргэдийг  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1974 оны 06 сарын 15-ны өдрөөс 1976 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР