Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/шцт/117

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа,

улсын яллагч Т.Өсөхболд,

шүүгдэгч С.О*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын О*******т холбогдох эрүүгийн 2036000000121 дугаартай, 178/2020/0121/Э/ индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, яс үндэс дөрвөд, 1975 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 17 дугаар гудамжны 20 тоотод  оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******ын О******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.О******* нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хашааны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан 8147 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota spacio” маркын тээврийн хэрэгсэл дотор иргэн Т.Ц******* нь үнэ бүхий эд зүйлс болох “Samsung” загварын зөөврийн компьютерээ түр хадгалах зориулалтаар өөрийн тээврийн хэрэгслийнхээ бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн тээврийн хэрэгслийнхээ хаалгыг түгжиж, салхины шилийг хааж битүүмжлэн орхиж явсан байх үед буюу тээврийн хэрэгслийг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан байх үед уг тээврийн хэрэгслийн салхины шилийг саарал өнгийн чулуурхаг хатуу биетээр цохиж хагалан, хууль бусаар нэвтрэн “Samsung” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Т.Ц*******д 420000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 3-15 насны хүүхдүүд, эхнэрийн хамт амьдардаг. Манай эхнэр хөл хүнд 7 сартай. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн 2036000000121 дугаартай хавтаст хэргээс:

1.Гэрч С.О*******ийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 хуудас /,

2. Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47-р хуудас /,

3. Хохирогч Т.Ц*******гийн тодорхойлолт /хавтаст хэргийн 66-р хуудас /,

4. 2020 оны 5-р сарын 07-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10-р хуудас /,

5. 2020 оны 5-р сарын 27-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14-р хуудас, 19-20-р хуудас /,

6. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-р хуудас /,

7. Үйлчилгээний зориулалттай барилга үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-41 хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч С.О******* нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хашааны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан Т.Ц*******ийн эзэмшлийн 8147 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota spacio” маркын тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы урд салхины шил, борооны хааялгыг саарал өнгийн чулуурхаг хатуу биетээр хагалж дотор нь байсан иргэн Т.Ц*******гийн “Samsung” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авсан байна. Тухайн үед С.Отгонохишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хулгайлан авсан зөөврийн компьютерийг  Дааваа гэгчийн гэрт нууж үлдээсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.     

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.О*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч С.О******* нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “ ******* өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хашааны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан 8147 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota spacio” маркын тээврийн хэрэгсэл дотор иргэн Т.Ц******* нь үнэ бүхий эд зүйлс болох “Samsung” загварын зөөврийн компьютерээ түр хадгалах зориулалтаар өөрийн тээврийн хэрэгслийнхээ бүхээгт үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн тээврийн хэрэгслийнхээ хаалгыг түгжиж, салхины шилийг хааж битүүмжлэн орхиж явсан байх үед буюу тээврийн хэрэгслийг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан байх үед уг тээврийн хэрэгслийн салхины шилийг саарал өнгийн чулуурхаг хатуу биетээр цохиж хагалан, хууль бусаар нэвтрэн “Samsung” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Т.Ц*******д 420000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- 2020 оны 5-р сарын 07-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн “Уг хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* Өрхийн эрүүл мэндийн төвийн ертөнцийн зүгээр хашааны баруун талд баруун тийш харж зогсоосон 8147 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн SPASIO загварын автомашинд болсон байв.” гэх тэмдэглэл,  хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10-р хуудас /,

-2020 оны 5-р сарын 27-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20-р хуудас /,

-Хохирогч Тоголдойгийн Ц*******гийн / Ховд аймгийн ******* сумын Наран баг 26-18 тоотод оршин суух, дээд боловсролтой, эх баригч сувилагч мэргэжилтэй, ******* сумын ******* өрхийн эмнэлэгт сувилагч ажилтай/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 5-р сарын 06-ны өдөр би ажлынхаа гадаа очоод өөрийн эзэмшлийн 8147 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Spasio загварын автомашинаа хашаа руу шахаж байрлуулчихаад ажил руугаа орсон. Манай байгууллага дээр шалгалт ирсэн байсан болохоор би ажлаасаа огт гарч чадаагүй юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад ажлаасаа хамт ажилладаг эмч Цооз, сувилагч Аманбекийн хамтаар гараад би түрүүлж гүйж очоод машинаа онгойлгоод суухад миний нөүтбүүкийн хар цүнх миний жолооч талын суудал дээр байж байхаар нь өргөхөд их хөнгөн байхаар нь онгойлгож үзэхэд нөүтбүүк  байхгүй байсан. Тэгээд хартал жолоочийн эсрэг талын хаалганы цонх хагарсан, шил нь бутараад суудал дээгүүр цацарсан байсан. Тэгээд би машинаасаа буцаж гараад урагшаа гүйгээд явах гэж байсан Цооз эмч, Аманбек сувилагч нар очиж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Миний автомашины жолоочийн эсрэг талын хаалганы цонх хагарсан салхины хамгаалалт нь бас хагарсан, жолооч талын цонхны шил, ар талын хаалганы цонхны шил зэргийг зураад олон удаа цохисон ул мөр болсон байсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас /,

          -2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн “2020 оны 5 дугаар сарын байдлаар “Corolla spasio” маркын авто машины эвдрэл болон Samsung  маркын нөүтбүүкийн нийт дүн 660000 төгрөг болохыг тодорхойлов.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-р хуудас /,

          -Яллагдагч С.О*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт харамсаж байна. ...Би архи согтууруулах ундааны зүйл тухайн үед хэрэглэчихсэн байсан болохоор дахиж архи авч уух санаатай тухайн тээврийн хэрэгсэл дотор мөнгө, эд зүйл байж магадгүй гээд тухайн тээврийн хэрэгслийн хаалганы цонхыг хагалж дотор нь байсан нөүтбүүкийг авсан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас /,

          - Хохирогч Т.Ц*******гийн “Миний цонх хаалганы дотор байсан нөүтбүүкийг хулгайлсан С.О*******ээс хохирлоо бүрэн барагдуулж авлаа. Гомдолгүй болно. Нөүтбүүкээ буцааж авсан. Мөн бэлэн 300000 төгрөг хүлээн авсан” гэх прокурорт гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 65-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон  хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хохирогчийн хувьд тээврийн хэрэгсэл нь ажилд очих, ирэх, гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг эд хөрөнгө нь бөгөөд  эд зүйлээ дотор нь хадгалах зорилгоор зөөврийн компьютерээ үлдээж, хууль бус халдлагаас сэргийлэн тээврийн хэрэгсэлийнхээ хаалгыг түгжсэн, тухайн цаг хугацааны хувьд бусдын нэвтрэхийг хориглосон орон зай байх тул тээврийн хэрэгслийг эд зүйлээ хадгалах агуулахын зориулалтаар түр ашигласан гэж үзнэ. Мөн тухайн цаг хугацаанд машинд нэвтрэхийг хориглосон орон зай буюу түгжээтэй машины цонхыг хагалж дотор нь орсон, гараа оруулсан үйлдлийг агуулахад нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзлээ.

Иймээс агуулах, орон байранд хууль бусаар нэвтэрсэн л бол хохирол учирсан эсэхээс үл хамааран хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.О******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдүүлж байх боловч архи авч уух зорилгоор машин дотор мөнгө, эд зүйлс байж магадгүй хэмээн машины хаалга цоожтой байгааг, бусдын машинд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч болохгүй гэдгийг мэдсээр байж учрах саадыг арилгахын тулд чулуурхаг зүйлээр цонхыг нь хагалж дотогш нэвтэрсэн үйлдлийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатайгаар хулгайлах гэмт хэргийг хүсч үйлдсэн гэж үзлээ.  

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О*******ийн үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн улмаас гарах хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.О*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн машины зүүн талын хаалганы салхины шил, борооны хаялага нь хагарч гэмтсэн бөгөөд учирсан хохиролд 300000 төгрөг төлж өгсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар Т.Ц******* тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.О*******т урьд нь гэмт хэрэгт холбогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 47-р хуудас/ тогтоогдож байгаа боловч  бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хууль бусаар авсан үйлдлийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй,  хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч С.О*******ийн хувийн байдлын талаар гэрч Ч.Лхагва-Очир, Б.Батчулуун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эхнэр Б.Ц******* ажилгүй, хүү О.Энхбаатар 19 настай, Бадамлах дөл ХХК-д слесариар ажилладаг, охин О.Энхжин 17 настай, коллежид үсчний ангид сурдаг, хүү О.Энхбаяр 14 настай 2 дугаар 12 жилийн 9 дүгээр ангид сурдаг, хүү О.Энхбат 3 настай. С.О******* зан ааш сайтай, хүнд тусархаг, шулуун шударга, илүү дутуу зан ааш байхгүй, төлөв томоотой, хүнд тусархуу сайн залуу байгаа юм” гэх мэдүүлэг, “ Гэмтлийн улмаас хоёр хөлний хуруунууд тайрагдсан тулах эрхтний үйл ажиллагаа хүндээр алдагдсан 70-80 %, ахуйн осол” гэх Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 2 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон хорих ялыг 1 жил болгож оногдуулах” тухай тус тус санал гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч С.О*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгч С.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг төлж барагдуулсан, улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung  маркын зөөврийн компьютерийг эзэмшигч нь болох Ховд аймгийн ******* сумын Наран баг 26-18 тоотод оршин суух Т.Ц*******д буцаан олгож, саарал өнгийн чулуурхаг хатуу биет 1 ширхэгийг устгахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, энэ хэргийн учир  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор С.О*******ийн өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холботой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000147486 тоот гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 24 м.кв талбай бүхий обьектийг  битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5/51 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ын О*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Samsung  маркын зөөврийн компьютерийг эзэмшигч нь болох Ховд аймгийн ******* сумын Наран баг 26-18 тоотод оршин суух Т.Ц*******д буцаан олгож, саарал өнгийн чулуурхаг хатуу биет 1 ширхэгийг устгахыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.О*******ийн өмчлөлийн №000147486 тоот гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 24 м.кв талбай бүхий обьектийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/51 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.О******* нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.БАХЫТБЕК