Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0161/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав

Улсын яллагч                                               Ж.Батбаатар

Хохирогч                                                          Г.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Баярсайхан, Б.Болортунгалаг, С.Нарангэрэл, Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                          С.О, Н.М, Г.М, Б.Э, Н.Э, Ц.Ө нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Н.М, Г.М, Б.Э, Н.Э, Ц.Ө  нарт холбогдох 2016.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, С.О, Н.М, Г.М, Б.Э, Н.Э, Ц.Ө

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  С.О нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наран туул Олон Улсын Худалдааны Төвийн 170-р чингэлэгний цоожийг эвдэн орж 10 метрийн 5 боодол хулдаасыг авч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Ц.Ө нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ш.Ж, Т.З нарын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Сумъяагийн модны цехний хашаанд оршин суух Х.Долгорын гэрийн үүдний таамбараас Г.Мын цүнхтэй байсан бэлэн 1.000.000 төгрөг, 40 размерийн орос вакал, манан хөөрөг, өмд, подволк зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ц.Ө, Н.Э, С.О нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ш.Ж, Т.З нарын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Ө, Н.М, Г.М, Б.Э нар бүлэглэн нууцаар хууль бусаар 2015 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Ар цэнхэр ус гэх газраас иргэн Б.Гын 1 тооны бярууг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Ө, Н.М, Г.М, Б.Э нартай бүлэглэн нууцаар хууль бусаар 2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас иргэн Г.Ды 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.О нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул Худалдааны төвийн 170-р чингэлэгний цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 10 метрийн 5 боодол хулдаасыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Сумъяагийн модны цехний хашаанд оршин суух Х.Долгорын гэрийн үүдний таамбараас Г.Мын цүнхтэй байсан бэлэн 1.000.000 төгрөг, 40 размерийн орос вакал, манан хөөрөг, өмд, подволк зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.О Н.Э, Ц.Ө нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Ш.Ж, Т.З нарын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ө, Н.М, Г.М, Б.Э нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Ар цэнхэр ус гэх газраас иргэн Б.Гын 1 тооны бярууг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2015 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас иргэн Г.Ды 1 тооны сарлагийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би тэр өдөр гэртээ амарч байсан. Өдөр 17 цагийн үед манай нөхөр Өлзийсайхан надруу залгаад кантинер онгорхой хулдаас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ такси бариад Нарантуул зах дээр очсон. Намайг очиход Нарантуул захын Цагдаа нар хулгай хийсэн хүмүүсийг барьчихсан гээд зогсож байсан. Тэгээд би өөрийн 4 боодол хулдаасыг хүлээж авсан. 1 боодол хулдаас нь байхгүй байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31 тал/

2.  Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ... 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед би Нарантуул захын зүүн хойд хаалган дээр ачаа ачих гээд машиндаа сууж байсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр ирээд кантинераас 4, 5 хулдаас ачаад хар хорин зах орох гэсэн юм гэж эрэгтэй буюу сүүлд нэрийг нь мэдсэн О гэх залуу хэлээд 30.000 төгрөгөөр явахаар тохироод намайг тэр кантинерийн үүдэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тэнд очсон чинь тэр кантинераас 3 хулдаас ачсан. Тэгээд Нарантуул захаас гараад хойд мангасын амны зүүн талаас гадаа гудамжнаас 1 боодол хулдаас нэмж ачаад хөдөлсөн. Сүүлд ачсан хулдаасны хажууд 4 залуу зогсож байсан. Тэгээд хулдаасуудаа ачаад хар хорин зах руу хөдөлсөн. Тэгээд тэр хамт явсан эмэгтэйг нь би чи хулгай хийгээд байдаг биз дээ. Наад ачсан зүйл чинь хулгайн эд зүйл юм биш биздээ гэж хэлсэн чинь энэ миний хулдаас бишээ. Энэ гээд Оийг заагаад манай найзын найз нь байгаа юм. Энэ өөрийнхөө хулдаасыг зарж байгаа юм гэсэн. Тэгээд нөгөө О нь энэ миний хулдаас санаа зоволтгүй би өөрийнхөө кантинераас ачаа биз дээ та харсан шүү дээ. Гэгээн цагаан өдрөөр хэн хулгай хийхэв дээ гэж хэлсэн. Тэгээд худлдаасан дээр зогсдог хүмүүсийг асуусан чинь их сүрхий таниад байсан. Тэгээд би жоохон сэжигтэй санагдахаар нь Баяка гэд залуу руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Баагий гээд хулдаасны залуу руу залгаад  Т гэж залууг таних уу? Нарантуул захын зүүн талын мангасын амны урд талын урд талаасаа 3 дахь кантинер хэний кантинер вэ? гэж асуусан чинь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би О гэх залууг чи өөрийгөө Нарантуул зах дээр зогсдог гэдгийг батлах утас өг гэсэн 2 дугаар өгсөн боловч холбогдохгүй байсан. Ямар дугаар өгснийг би санахгүй байна. Тэгээд би хулдаас зөөдөг жолооч Өлзийрүү залгаад асуусан чинь сайн мэдэхгүй байна гэхээр нь наагуураа асуугаадах гээд салгасан. Тэгсэн чинь хулдаасны Баагий гэж залуу эргэж залгаад Ганаа ахаа наадах чинь хулгайн хулдаас байна. Хүнийг нь алдаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би вокзалын баруун талаас эргээд Нарантуул зах руу буцсан. Тэгсэн чинь хулдаасны эзэн нь гээд нэг залуу залгаад хаана явж байгаа юм хүнээ алдчихав гэж хэлсэн. Тэгээд нөгөө залууг өөдөөс тос гээд Нарантуул захын зүүн урд талын Тэс колонкоос эзэн нь гэх залуу 2 цагдаатай ирээд нөгөө 2 хүнийг аваад явсан... 4 боодол хулдаас ачсан. Хулдаасны эзэн нь эхлээд 4 боодол алдагдсан гэж байснаа ахиад 1 боодол хулдаас дутаад байна нийт 5 боодол алдагдсан байна гэж хэлсэн.... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32 тал/

 

3. Гэрч Ц.Алтанавдарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр архи ууж байгаад танилцсан. Түүнээс бол танихгүй...намайг машин аваад ирэхэд О өөрийн юм шиг тэр контенарыг онгойлгоод хаалгыг нь дэлгэчихсэн байсан. Тэр хавиар угаасаа хүн хөдөлгөөн ихтэй байхад тэгж өөртөө итгэлтэй онгойлгоод зөөгөөд байхаар нь өөрийнх нь юм байх гэж бодсон... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33 тал/

4. Гэрч О.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... тухайн үед контенарт 32 ширхэг хулдаас байснаас 5 ширхэг хулдаас нь байхгүй 27 ширхэг хулдаас үлдсэн байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36 тал/

5. Эд зүйл хүлээгэж өгсөн тэмдэглэл/ 1-р хх-ийн 26 хуудас/

6. Эд зүйлийн үнэлгээ / 1-р хх-ийн 29 хуудас/

7. Хохирогч Ш.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... 2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 7 цагийн үед хонио туугаад давхар энгэрийн зүүн адагт гэр дээрээ ирэхэд гэрийн баруун талд 1 км хэртэй газар хадат уулын зүүн хойд хормойд хар бараан юм харагдахаар нь гайхаад дурандсан чинь хар халзан үхэр хажуугаараа хэвтэж байсан. Би тухайн үед тугаллах гэж байгаа юм байх гэж бодоод морьтойгоо яваад очтол манай тугаллах гэж байсан хар халзан зүсмийн үнээг цуслаад алаад орхичихсон байсан мөн хар халзан үнээний баруун хойно нь жоохон зайтай улаан халзан зүсмийн соёолон эр үхрийн толгой, 4 шийр гэдсийг нь хаячихсан байсан...30-40 метрийн зайтай залганд мөн эрээн нүүртэй цагаан соёолон эр үхрийн толгой болон гэдсийг нь хаясан хажууд нь жалга руу ороод гарсан дан дугуйтай машины мөр үлдсэн байсан... тэр эрээн нүүртэй цагаан соёолон эр үхэр нь З гэдэг хүний үхэр байгаа юм. Манай үхэртэй цуг байдаг юм...Би улаан халзан эр үхрийнхээ толгойг үзэхэд зүүн шаанаанд нь ТОЗ-8 маркийн буугаар буудсан бололтой жижиг нүх гарсан байсан... “ гэсэн мэдүүлэг  1-р хх-ийн 64-65 тал/

8. Хохирогч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 7 цагийн үед Ж ах надруу залгаад Хадатын зүүн хойд хормойд манай үхэрнээс ажиллаад аваад явсан байна гэж надад хэлсэн...тэгээд үхэр ажиллаж авч явсан газар болох Хадатын зүүн хойд энгэрт очиход Жавчив ахын  тугаллах гэж байсан хар халзан үнээ, улаан халзан соёолон эр үхэр болон манай эрээн нүүртэй /хар толгойтой/ цагаан соёолон эр үхрийг ажиллаж авч явсан байсан ба хар халзан үнээг цуслаж алаад тэр чигт нь орхисон байсан... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 68-69 тал/

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 38-45 тал/

10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-ийн 46-50 тал/

11. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 54-58 тал/

12. Мал эд зүйлийн үнэлгээ / 1-р хх-ийн 66, 70 тал/

13. Иргэний нэхэмжлэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... Э миний машиныг гэртээ аваачсан юмаа тэгээд 2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө ирэх ёстой байсан...тэгээд би яагаад алга болсон талаар нь асуухад нэг хүн ойрхон юманд гуйгаад хөдөө яваад ирлээ гэж надад хэлсэн....би буруутай этгээдүүдээс машиныхаа төлбөрийг нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 80-81 тал/

14. Гэрч Х.Мөнх-Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Нөхөр Өыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед үхрийн мах худалдаж авах хүн асууж өгөөч гэж надруу утсаар ярихаар нь би өөрийн 8 дугаар байранд цайны газар ажиллуулдаг найз хүүхэн Сэлэнгээ рүү залгаад үхрийн мах худалдаж авах уу гэсэн.... “ гэсэн  мэдүүлэг/ 1-р хх-ийн 82-83 тал/

15. Гэрч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Ө гэртээ орж ирэхдээ ногоон эрээн ажлын хувцас бололтой юманд буу байж болохоор урт юм ороогоод бариад орж ирсэн...Өлзийтбат буу байгаа юм гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 85 тал/

16. Гэрч Р.Галрагчаагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Бурмаа эгчтэй мах авах гээд очиход О, Ө тэр 2 айлын үүдний таамбарт нь байж байсан, үүднийхээ таамбарт нэг юм дэвсээд үхрийн хаа гуя тавьсан байсан. Миний харснаар 2 үхрийн мах байх шиг байсан. Арьс толгой шийр харагдаагүй. Тэгээд Бурмаа эгчийн яг хажуу талынх нь хашаанд байдаг болохоор махыг нь оруулж өгчихөөд эргэж орж ирэхэд Э ирчихсэн байж байсан. Бурмаа эгчийг  мөнгөө хэнд нь өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд Бурмаа эгчийн машинтай ажил руу явсан, ажил дээр Бурмаа эгч үлдсэн, тэндээсээ Э, О, Ө 3 салаад явсан... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 86-87 тал/

17. Гэрч Д.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тэгээд 12 цагийн үед Ө гэдэг залуу....цагаан өнгийн фурган маркийн машинтай машины дугаарыг нь сайна хараагүй...тэр машин дотор тэр залуугаас гадна 2 залуу сууж байсан. Тэгээд улаан болон цагаан цайвардуу 2 үхрийн шир машинаасаа буулгаж өгсөн... “ гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 88 тал/

18.  Гэрч Г.Энхтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Ө танихгүй 2 залуутай цагаан өнгийн фурган машин уначихсан манайд ирсэн.....Ө хүн хөлслөөд Өмнөдэлгэр сумруу явж байна....буцахдаа орж амжихгүй байх гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 91-92 тал/

 

19. Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... 2015 оны 7 дугаар сарын 20-дын үер улсын баяр наадмын дараагаар манай үхэрнээс хар зүсмийн бяруу чих нь цуулбар имтэй охин бяруу алдсан юм....манай үхэр Ар цэнхэр ус гэдэг газартаа бэлчдэг, тэр газар хад чулуу бартаа ихтэй бэлчээр байгаа юм....Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны нутагтай залгаа байдаг юм....мөн тарвага ихтэй болохоор тарваганд хүмүүс их явдаг...машин тэрэг байнга явдаг...манай нутаглаж байгаа газрын зүүн урагшаа Д гэдэг сарлагтай айл байсан, тэр айл хар цагаан голдуу сарлагтай. Өөр бол сарлагтай айл байхгүй... “ гэсэн мэдүүлэг/ 1-р 72-73 тал/

20. Алдагдсан бярууг үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ  /1-р хх-ийн 75 тал/

21. Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2015 оны 7 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Манай цайны газарт бярууны мах зарах гэсэн юм гэж нэг 30 орчим насны залуу орж ирсэн...Тэгээд хуучин клонкын тэнд Галбадрах гуайн хашаанд очсон чинь хашааны буланд өлгөчихсөн байсан....нийт 300.000 төгрөгөөр худалдаж авсан.... “ гэсэн мэдүүлэг / 1-р 93-94 тал/

22. Гэрч Н.Энх-Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2015 оны 7 сард байх нэг  30 орчим насны залуугаас бярууны мах худалдаж авсан...Махаа авахаар очиход Галбадрах гэдэг өвгөний хашаанд байж байсан....тэгээд махаа авах болсон чинь гарал үүслийн бичиггүй удахгүй аваад ирнэ гээд байсан... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 96-97 тал/

23. Хохирогч Г.Ды мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... манайх нийт 165 тооны хар цагаан голдуу сарлагтай айл байгаа юм. 2015 оны 7 дүгээр сарын 20-дын үер яг өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Манайхаас 1 тооны хязаалан насны эр саарал сарлаг зүсээрээ дутсан....Тэгэхээр манай сарлаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас алдагдсан болж таарч байгаа юм...Дэлгэрхааны нутаг отрын бүс байгаа юм. Тийм учраас тарвага элбэгтэй зундаа бол байнга янз бүрийн машин мотоцикольтой хүмүүс явж байдаг... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78 тал/

24. Сэжигтэн Н.Эын  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Ө гэрээсээ ТОЗ-8 маркийн калибрь буу аваад гарч ирж таксидаад машин дээрээ ирсэн....Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу 14 цагийн үед гурвуулаа явсан....Тухайн үед С.О, Өад засмалаасаа гараад урагш явж гэж зам заасан. Явсаар урд уулын ам өгсөөд, буцаад уруудаж байхад бэлчиж байгаа олон тооны үхрүүд таарсан...би Фурганоо өөрөө жолоодохоор руль дээрээ суусан. Үхэр хараад С.О зогс зогс гээд байхаар нь зогссон. Өлзийтбат буугаа бариад С.Отэй машинаас буусан. Би үхрүүдээс жаахан холдоод хөдлөөд гэрлээ унтраагаад зогссон....тэгэхээр нь би буугаад тэр хоёр дээр очиход Ө, О нар олон үхрүүдийг бөөгнүүлээд байж байхаар нь би хамт бөөгнүүлэлцсэн. С.О 1 тооны соёолон насны болов уу гэмээр үхрийг буудсан. Буудаад оноогүй. Ө бууг нь аваад дахиад өөр соёолон насных болов уу гэмээр хар толгойтой цагаан зүсмийн үхрийг буудаж унагаасан. Дахиад 1 хар үнээ буудсан. Дахиад 1 улаан зүстэй шүдлэн юм уу гэмээр үхэр буудсан. Буудсан 3-н үхрийнхээ 2 үхрийнх нь гэдэс толгойг нь гурвуулаа хамжиж салгаад фургоны зааланд мах, ширийг нь ачсан. Харин 1 үхрийг 1 нь С.О их туранхай байна хэрэггүй хая хая гээд үлдээсэн...гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Ө, О нараас намайг хамтран гэмт хэрэг үйлдүүлэхээр дарамталсан асуудал байхгүй... “ гэсэн мэдүүлэг/ 1-р 188-190 тал/

25. Сэжигтээр Н.Мы 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2015 оны 7 дугаар сарын дундуур улсын баяр наадмын ар дээр миний цагаан өнгийн УАЗ-469 маркийн автомашинтай Ө, Э, М, М нарын хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Баяны уул, Цэнхэрмандал сумын нутаг Цэнхэр-Ус гэдэг газар очмоор тарваганд явж байгаад....бинзен дуусах дөхөөд. Тэгээд бинзений мөнгөгүй байсан учир буцахдаа үхэр хулгайлахаар ярилцаж тохирсон. Тэгсэн Цэнхэр-Усны хойд уул даваад 10 гаран тооны үхэр цуваад бургас руу орж байгаа харагдсан. Тэгээд М, Э 2 буугаа аваад үхэр орсон бургас руу явган буугаад явцгаасан. Харин Ө бид 2 машин дээрээ уулын орой дээр хүлээн байсан...очиход тэр хоёр үхэр ажилсан байсан. Тэгээд бид нар махыг зөөж машин даа хийсэн....Тэгээд бярууны махаа машиндаа ачаад Цэнхэрмандал сум ру ирж цайны газарт зарж борлуулсан....Үүнээс хойш 2-3 хоногийн дараа ахиад Дэлгэрхаан руу тарваганд явсан. Замд бороо ороод тарвага олдохгүй болоод ахиад үхэр хулгай хийе гэж ярьж тохирсон....цагаан саарал зүсмийн 1 тооны сарлаг буудаж алж тэнд ажиллаад арьс толгой шийрийг хаяаад махыг аваад явсан...хулгай хийсэн сарлагын махыг Улаанбаатар хотруу заруулахаар явуулсан... “ гэсэн мэдүүлэг/ 1-р 194-197 тал/

26. Сэжигтнээр Г.Мын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... тэгээд Эын хамт буугаа аваад үхэр буудаж алахаар бургас руу очсон. Тэнд очиход бургасны захад хар зүсмийн охин шүдлэн бургасан дотор бургасны цоорхойд явж байхаар Э буудаж унгаасан. Тэгээд буудсан үхрээ тэнд нь ажилласан...тэгээд бургасан дотроос үхрийнхээ махыг зөөж машин руу орлуулсан....Ө цайны газар зарчихлаа гээд 300.000 гаран төгрөгтэй ирсэн....ахиад үхэр хулгайлъя гэж шийдсэн. Тэгээд нэг хадтай толгой руу хэдэн сарлаг өгсөөд явж байхаар нь араас нь машинтай очоод ард нь явж байсан цагаан саарал зүсмийн эр сарлаг Э буудаж унагасан...ажиллаад машиндаа ачаад Багануур явцгаасан...тэгээд маргааш нь Э, Ө Улаанбаатар хот руу зарж борлуулахаар явсан .....2 таксинд махаа ачаад захаар явсан. 300.000 гаран төгрөгтэй ирсэн... “ гэсэн мэдүүлэг/1-р 201-203 тал/

27. Сэжигтнээр Б.Эын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тэгээд 2015 оны 7 дугаар сарын дундуур улсын баяр наадам өнгөрсөн  байх үеэр М, М, Ө нар намайг Дэлгэрхаан сумруу тарваганд авч авсан....тэр үед Мы цагаан өнгийн УАЗ-469 маркийн автомашинтай явсан....тэгэхэд М ТОЗ-8 маркийн авч явсан...бургастай торлогны үзүүр дээр 1 хар зүсмийн охин бярууг тэр хавьд нь ээрээд байж байсан...тэгээд М буугаа аваад ир гэхээр явж очсон. Тэгээд би очоод Мад буугаа өгөх гэхэд нөгөө бяруу зугтаах гээд байсан. Тэгээд М хурдан бууд гээд уурлаад байхаар тэр бярууг буудсан. Тэгээд М бид 2 ажиллаад арьс толгой шийрийг нь М бургас руу оруулж нуусан....Тэгээд М, Ө хоёрыг дуудаж ажилласан үхрээ Мы машинд ачсан....тэгээд шууд Цэнхэрмандал сум руу явсан. Цэнхэрмандал суманд очоод Өын таньдаг айлын хашаанд махаа өлгөсөн....Ө хулгайлсан бярууны махаа зарж борлуулсан, хэдэн төгрөг болсон гэдгийг нь мэдэхгүй байна...тэгээд мөнгөөрөө машиндаа бинзен хийгээд Өмнөдэлгэр сум руу тарваганд явсан....Цэнхэрмандал сумаас урагшаа нилээн явж байгаад их хад чулуутай газраар явсан....тэгсэн тэр хавьд нилээн олон тооны сарлаг таарсан.....Тэгээд М, М, Ө нар тэр сарлагнаас 1 сарлаг хулгайлъя гэж ярьсан. Тэр үед нилээн орой болж байсан бараг харанхуй болж байсан....тэгээд М бид хоёр машинаас буугаад Сарлаг руу дөхөж очсон. Тэгээд М надаас буу аваад нөгөө сарлагийг буудаж унагаасан...тэгээд 4-лүү ажиллаад мөн арьс толгойг тэндээ нуугаад махаа ачаад Багануур авсан....маргааш өглөө нь Мын ахын машинд махаа ачаад Улаанбаатар хот руу явсан.....тэгээд Дэнжийн мянга зах руу очиж Ө, М бид 3 махаа зарсан....гэх мэдүүлэг/ 2-р 43-46 тал /

28. Хохирогч Г.Мын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хороооллын 5 тоот Долгор гэх эмээгийнд амьдардаг юм 2019 оны 3 дугаар сарын 31-ний орой гэртээ байж байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд миний хамт байдаг өвөө, эмээтэй юм яриад сууж байсан. Тэр танихгүй залуу удалгүй гараад явсан...Тэгээд унтаж амрах гээд халгаа түгжих гэсэн чинь миний гэрийн үүдэнд байсан. Цэнхэр өнгийн хувцастай цүнх алга болсон байсан. тэгээд би цагдаад мэдэгдсэн...миний алдсан цүнхэн дотор миний өмсдөг зуны хувцаснууд байгаа, хүрэн өнгийн хитэвч байсан дотор нь 1 сая төгрөг байсан. 20.000 төгрөг, 10.000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. шинэ орос валкал байсан... “ гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 126- 128 тал/

29. Гэрч О.Ддоржийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны явцад өгсөн: ”... 2019 оны 03 дугаар сарын 31-ний орой бид арай унтаагүй байхад гаднаас 2 хүн орж ирсэн. би орж ирэхээр нь таниагүй. Надад тэр хүмүүс өөрсдийгөө Сэмээлийн хүүхэд байна. Манай аавыг та мэднэ шүүдээ...тэгээд удалгүй гараад явсан. Манайд байгаа Очир гэдэг хүн дараа  нь цүнхтэй юм алга болчихлоо гэсэн...би Сэмээлийг бол танина бид нэг нутгийн хүмүүс. Сэмээл Батширээт сумын иргэн байгаа юм... “ гэсэн  мэдүүлэг / 2-р хх-ийн 129 тал/

30. Гэрч Н.Баясгалангийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тэгээд айлд Ё.О бид хоёр цай уучихаад тэр айлаас гарсан. тэр айлын байшин дотор биш үүдний  таамбарт нэг бараан өнгийн цүнх дүүрэн юмыг С.О үүрээд гарсан. тухайн үед би С.Оөөс наадах чинь юу юм бэ гэж асуухад С.О Миний хувцас хунар байгаа юм гэж надад хэлсэн... О намайг дэлгүүрийн үүдэнд байж бай гэж хэлээд өөрөө дэлгүүрүү орсон. Тэгээд С.О удалгүй дэлгүүрээс гарч ирэхдээ 0.75 ерөөл, 0.5 ерөөл архи, 2 хайрцаг тамхи, нэг кола ундаа болон нөгөө ногоон цүнхээ үүрч гарч ирсэн...тэгэхээр би Оөд хандан чи хаанаас мөнгө олоод архи ундаа а ваад ирэв гэж асуухад С.О надад хандан Надад 200.000 төгрөг байсан юм. тэгээд 20.000 төгрөгөөр нь дээрх зүйлийг авлаа гэж хэлсэн...үлдсэн 0.75 литрийн архийг аваад Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн нилээн хойгуур Цогоо гэх айлд очиж Цогоо, О бид гурав уусан...Тэгээд Цогоо гэх хүний эхнэр машинаа бариад би хажууд нь суугаад дэлгүүр явсан. тэгээд замд цагдаа нар машин шалгаж байгаад намайг харчихаад надаас С.О хаана байна гэж асуусан...тэгээд цагдаа Оөөс бэлэн 160 гаран мянган төгрөг хурааж авсан... “ гэсэн  мэдүүлэг / 2-р хх-ийн 130-131  тал/

31. Гэрчээр С.Оийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тэр үед Өвгөний байшингийн үүдний таамбарт бараан өнгийн цүнх байхаар нь тэрийг нь аваад гарсан...тэр цүнхийг аваад дотор нь юу байгааг үзэхэд бас нэг ногоон өнгийн цүнх, цүнхэн дотор орос вакал шинээрээ байхаар нь Баясгалан ахад мэдэгдэхгүйгээр том цүнхийг нь хаяад дотор нь байсан ногоон цүнхийг үүрсэн...дэлгүүрт байсан танихгүй хүнд орос вакалыг зараад тэр хүнээр дэлгүүрээс 0.75 л ерөөл, 0.5 л ерөөл архи, 2 хайрцаг улаан шонхор тамхийг авахуулаад дэлгүүрээс гарч ирээд...архийг хийх гээд цүнхийг онгойлгоход дотор хүрэн өнгийн түрүүвч байсан. тэгээд түрүүвчийг үзэхэд 200.000 төгрөг байсан.. “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 132-133   тал/

 

32. Гэрч З.Мөнхзоригийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... Миний мэдэхийн цүнхэнд хувцас хунар болон 1.000.000 гаран мянган төгрөг байсан. Ах маань мөнгөө банкинд хийдэггүй өөрөө л хадгалдаг хүн байгаа юм. 1 манан хөөрөгтэй байсан. Тэр манан хөөрөг нь тэгэхдээ хуучний эд биш орчин үеийн хөөрөг байгаа юм... “ гэсэн мэдүүлэг  / 2-р хх-ийн 134 тал/

33. Гэрч Ж.Тогоонтөмөрийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Дүүгийн маань цүнхэнд хувцас хунар нь бас шинэ өвлийн нэг хос бакал 1 сая төгрөг бэлнээр байсныг мэдэж байна. Дүүд маань аавын маань барьж байсан манан хямдхан хөөрөг байх ёстой...  “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 135 тал/

34. Хөрөнгө үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №066 дугаартай:  “... 1.0 сая төгрөг, орос бакал, манан хөөрөг, шинэ ногоон эрээн дисант өмд хуучин подволк зэрэг эд зүйлсийн үнэлгээг 1.380.000 төгрөгөөр тогтоов... ” гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 140 тал/

35. Яллагдагч Н.Эын 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”.... 2016 оны 05 дугаар сарын дундуур  шиг санаж байна би Улаанбаатар хотын Багануур дүүргийн 22 дугаар байранд оршин суух Галрагчаагийн гэрлүү очсон чинь Галрагчаагийн гэрт нь Батширээт сумын харъяат С.О, Ц.Ө, Галрагчаа нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид 4 дахиж гаднаас архи авчирч уугаад байж байхад С.О: Би Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд айлын хаваржаа барьж өгсөн өртөг мөнгийг нь аваагүй байгаа тийшээ явж мөнгө авъя гэж хэлээд С.О, Ц.Ө бид 3 миний саарал өнгийн УАЗ пургон автомашинтай Жаргалтхаан сум руу явсан. Тэгээд бид 3 Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагшаа хөдөө шөнө байсан учир айлаа олохгүй нилээн явж байгаад бэлчээрт байх 20 тооны үхэрнээс 3 тооны үхэрийг буудаж унагаагаад тэр газартаа янзлаад мах арьс ширийг нь машиндаа ачаад Багануур луу авч явсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Тухайн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу С.О хүнээс мөнгө авна гэж явсан юм. Тэгээд шөнө айлаа олохгүй хөдөөгүүр давхиж байгаад малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хүлээн зөвшөөрч байна. Бид нар хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байгаа. Тэгэхдээ ойрын хугацаанд төлж барагдуулна. Буу нь цагдаагийн байгууллагад байгаа байх харин машин нь эвдрээд манай хуучин эзэнгүй хашаанд байж байгаад тоногдоод дууссан нэг араам үлдсэн байсан. Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 186-188 тал/

36. Яллагдагч Ц.Өын  мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: ”... 2015 оны 07 дугаар сарын эхээр Н.М, Б.Э, Г.М бид 4 Мы УАЗ-469 маркийн машинтай Улаанбаатар хотын Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагруу тарвага агнах санаатай явсан. Тэгээд Цэнхэрмандал сумын нутаг “Ар цэнхэр ус” гэх газарт очиход гадаа тэнгэр хангай муу байхаар нь тэр оройдоо тэндээ хоносон. Тэгээд маргаш өглөө нь Б.Э, Г.М нар тарвага хараад ирье гэж яваад М бид 2 машиндаа унтаад үлдсэн. Тэгээд удалгүй уулын доороос Б.Э, Г.М нар М бид 2-г дуудсан. Тэгээд очсон чинь тэр 2 1 тооны бярууг буудаад унагаагаад махыг нь янзалж байсан. Тэгээд гэдэс толгой шийрийг нь тэндээ хаяад махыг нь аваад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төврүү очоод зоогийн газарт хүнд 400 гаран мянган төгрөгөөр зараад мөнгөөр нь машиндаа шатахуун хийгээд бид 4 Хэнтий аймгийн Батширээт  сум руу явна гэж байгаад Өмнөдэлгэр суманд очоод 2 хоног архи уугаад буцаад Багануур дүүрэг рүү явсан. Н.М бид 2-г машинд унтаж байхад Г.М, Б.Э нар тарвага агнана гэж яваад бяруу ажилласан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 196 тал/

37. Яллагдагч Г.Мын 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би 2015 оны 07 дугаар сарын дундуур шиг санаж байна өөрийн найзууд болох Ө, М, Э нарын хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэроэнбаян-Улаан тогсгоноос хойш тарвага агнах санаатай Мы саарал өнгийн УАЗ-469 маркийн машинтай явсан. Тэгээд Хэрлэнбаян-Улаан тосгоны хойд талд 3 хоног болоод тарвага агнасан ч юм байхгүй буцаад Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү гэрлүүгээ явж байхад замд олон хэдэн сарлаг байхаар нь бид 4 цагаан цоохор зүстэй сарлагыг буудаж унагаагаад тэнд ажиллаад гэдсийг нь орхиод Мы машинд ачаад явсан. Тэгээд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт авчираад махыг нь манай  хашааны амбаарт цоожлоод орхисон. Тэгээд маргааш нь би нэг хүнээс жижиг машиныг гуйж аваад Ө, Э нартай махаа ачаад Улаанбаатар хотруу явсан. Тэгээд хот орохын өмнөхөн машин маань эвдрээд би машин дээрээ үлдээд Ө, Э махаа өөр машинд ачаад явсан.  Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 198 200 тал/

38.  Иргэний нэхэмжлэгч Д.Гийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн: ”... 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нарантуул зах дээр ачаа хараад зогсож байхад Т гэх залуу машинд чинь хулдаас ачиж хар хорин зах руу хүргүүлье гээд 1 контенаараас 4 боодол хулдаас ачуулсан. Тухайн  үед Т гэх залуу захын нэг архичин хулгайч хүүхэнтэй явж байсан. Тэгээд би тэр ачааг нь ачаад явж байгаад ер нь хулгайн хулдаас байж магадгүй гэж сэжиглээд таньдаг хулдаас зардаг хүмүү рүүгээ утсаар ярьж байгаад хулгайн хулдаас гэдгийг мэдсэн... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 163 тал/

39. Гэрч Д.Самбуугийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би Мыг танин....Г.М 2018 оны өвөл Улаанбаатар хотод Барс зах дээр надтай ачаа буулгадаг байсан....Г.М нь өдөрт 30 гаран мянган төгрөгний ажил хийдэг байсан... “ гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 165 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Оийн 2015, 2016 онуудад машин механизм ашиглаж, орон байранд хууль бусаар  нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусадтай бүлэглэн мал хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Х.Долгорын гэрийн үүдний таамбараас Г.Мын цүнхтэй эд зүйлүүдийг хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Ц.Ө, Н.Э, Н.М, Г.М, Б.Э нарын бусдын малыг бүлэглэн хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч С.Оийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Наран туул Худалдааны төвийн 170-р чингэлэгний цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 10 метрийн 5 боодол хулдаасыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан заалтаар зүйлчлэгдэхээр байгаа бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ял нь хүндрэхээр байгаа тул шинэ  Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байгаа болно. Харин шүүгдэгч Ц.Ө, Н.Э, Н.М, Г.М, Б.Э нарын 2015, 2016 онуудад мал хулгайлсан үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэгдэхээр байгаа бөгөөд тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ял хөнгөрөхөөр байгаа тул шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Оийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мт 1.380.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 140 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь хулгайд алдсан мөнгөнөөсөө 167.800 төгрөгийг буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 123 тал/-ээр тогтоогдож байх тул үлдэх 1.212.200 төгрөгийг шүүгдэгч С.Оөөс  гаргуулж хохирогч Г.Мт олгох, хохирогч Ц.Эт 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 29 тал/-гээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь хулгайд алдсан 5 ширхэг хулдаасныхаа  нэг бүрийн  үнэ 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг хулдаасаа хүлээн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 26 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд үлдсэн 1 ширхэг хулдаасны үнэ 180.000 төгрөгийг шүүгдэгч С.Оөөс гаргуулж хохирогч Ц.Эт олгох,

Мөн С.Оийн бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Жт 2.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь  мал эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 66 тал/, Т.Зод 1.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мал эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 70 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч С.Оөөс 700.000  төгрөгийг, шүүгдэгч Н.Эаас 700.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Өаас 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Жт, шүүгдэгч С.Оөөс 366.600, Н.Эаас 366.600, Ц.Өаас 366.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Зод олгох үндэслэлтэй байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Ө, Н.Э нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тэдний шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шүүгдэгч С.Оөөс 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Жт, 366.600 төгрөгий гаргуулж хохирогч Т.Зод олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ө, Н.М, Г.М, Б.Э нар бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 75 тал/, Г.Дд 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /3-р хх-ийн 49 тал/-ээр тогтоогдож байгаа  бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тэдний шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ө, Н.М, Г.М, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй болох нь Автотээврийн төвөөс гаргасан лавлагаа, тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Ц.Ө, Н.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 46-03 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох  3 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч С.Оөөс 1 000 000 төгрөг, шүүгдэгч Ц.Өаас 1 000 000 төгрөг, Н.Эаас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж, мөн шүүгдэгч Н.М, Г.М, Б.Э, Ц.Ө нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-98 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч Н.Маас 2 500 000 төгрөг, Г.Маас 2 500 000  төгрөг, Б.Эаас 2 500 000 төгрөг, Ц.Өаас 2 500 000  төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч С.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-77 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгч С.Оөөс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хар ногоон өнгийн хуучин ажлын комбинзон, хутга ирлэгч зэргийг устгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.М, Г.М, Б.Э, Н.Э, Ц.Ө нарын гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч С.Оийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд, хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч Н.Э, Б.Э нарын хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Оийг машин механизм ашиглаж, орон байранд хууль бусаар нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Ө, Э,  М, М, Э нарыг  бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Өыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Н.Мыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Г.Мыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

       3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Э, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Б.Э нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Н.Э, Б.Э  нарт анхааруулсугай.

 

   6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.Эын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Б.Эын  тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Оөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын  хорих ялаар тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оөд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Оийн цагдан хоригдсон  269 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Ө 139 хоног, Н.М 118 хоног, Г.М 118 хоног, Н.Э 23 хоног, Б.Э 13 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч Ц.Ө, Н.М, Г.М нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож тэдний эдлэх ялаас нь хасч, ялаа эдэлж дууссанд тооцсугай.

       10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, хар ногоон өнгийн хуучин ажлын комбинзон, хутга ирлэгч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 46-03 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох  3 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу шүүгдэгч С.Оөөс 1 000 000 төгрөг, шүүгдэгч Ц.Өаас 1 000 000 төгрөг, шүүгдэгч Н.Эаас 1 000 000 төгрөг, мөн 63-98 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 10 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж буюу Н.Маас 2 500 000 төгрөг, Г.Маас 2 500 000  төгрөг, Б.Эаас 2 500 000 төгрөг, Ц.Өаас 2 500 000  төгрөг, шүүгдэгч С.Оийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-77 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгч С.Оөөс гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлж, 46-03 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгч Б.Сүхбатын 2016 оны 05 дугаар сарын 27-ны тогтоолыг /1хх-61 хуудас/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   

       11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оөөс 180 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т, 700 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Жт, 366 000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Зод,  1 212 200 төгрөгийн гаргуулж хохирогч Г.Мт тус тус олгосугай.

       12. Шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ө, Н.Э, Н.М, Г.М, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.    

       13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       14. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  С.Оөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Э, Ц.Ө, Н.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч  Н.М, Г.М нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

 

                               ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ