Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0177/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                       Г.Б   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Г.Б  -т холбогдох 2039............ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн нутаг болох Цагаан хошуу гэх газраас иргэн Г.Бгийн ухаа зүсмийн сартай хамар цагаан адууг хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг Цагаан хошуу гэх газраас иргэн Г.Бгийн 1 адууг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч   Г.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр адуугаа татаж авчирч тоолж үзэхэд зүсээрээ нэг тооны адуу дутуу байсан. Манай дутуу байсан нэг тооны адууны зүс нь ухаа, зүсмийн хязаалан насны үрээ, хойд хөл нь бэлэвсэн ахар дэлтэй сартай хамар цагаан ширээтэй дөлтэй давхар саран тамгатай үрээ алга байсан....Баян-Овоо сумаас ирсэн отрын айл руу очиж өөрийн алга болсон ухаа зүсмийн хамар цагаан хойд хөл бэлэвсэн үрээгээ асуухад Норолин сумын иргэн Б гэдэг хүн ирээд аваад явсан гэж хэлсэн....би алдсан адууныхаа хохирол болон адуугаа хайж явахад гарсан зардал бинзен тосны хохирлыг гаргуулж авмаар байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

 

2. Гэрч А.Цэндсүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”...  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэмандал, Чин-эрдэнэ бид гурав хөдөөгөөр явж байгаад Эрдэнэ-мандалын гэрийн зүүн хойно нэг хүн адуу туугаад уулан дээрээс бууж ирж байсан бид гуравтай таарсан. Тэгээд тэр хүнийг Норовлин сумын Б гэдэг гэж Эрдэнэ-мандал хэлсэн тэгээд бид гурвыг энэ адуунаас энэ 2 үрээг ялгаж өгчих манайхны адуу байна гэж хэлээд бид гурав хөөцөлдөж ялгаж өгөөд ухаа зүсмийн үрээг ялгаад аваад явсан. Нэг үрээ нь буцаад адуундаа нийлсэн тэр адуугаа авч яваагүй юм...Ухаа зүсмийн дэлтэй адуу харагдаж байсан өөр ямар нэгэн содон шинж тэмдэг тамгыг нь анзаараагүй... цайруу зүсмийн морьтой ганцаараа уурга барьсан ирсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/

 

3. Гэрч А.Эрдэнэмандалын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Норовлин сумын Б гэх 30 гаран насны залуутай таарсан тэр үед ганцаараа явж байсан Б нь уулан дээрээс манай адууг туугаад бууж ирээд бид гуравт хандаж энэ хоёр үрээг ялгалцаад өгчих манай адуу байна гэж ярьж байсан тэгэхээр бид гурав ялгалцаж хөөцөлдөж өгөөд Б гэх хүн нь ухаа зүсмийн үрээг ялгаж аваад явсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/

 

4. Шүүгдэгч  Г.Бын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ”... Тэгээд би адуунд нь орсон хонгор халзан зүсмийн хойд хөл нь бэлэвсэн, дунхан дээрээ сартай хонгор халзан зүсмийн үрээг тэд нартай ялгаж аваад адуу руугаа нийлүүлэх гээд тууж яваад хонгор зүсмийн үрээ буцаад айлын адуу руу явах гэхээр нь уургалаад татсан чинь хонгор үрээ газар ойчсон тэгээд босоод ирэхдээ хөл нь хугарсан байсан. Тэгэхээр нь би тэнд нь хонгор зүсмийн үрээг орхиод явсан. Тэгээд маргааш нь буцаж ирэн хонгор үрээг харахад орхисон газраасаа холдоогүй байсан. Тэгэхлээр нь би өөрийн унаж явсан ухаа зүсмийн моринд хүзүүгээр нь холбож уяад Норовлин сумын төвд байрлах гэрлүүгээ аваад явсан. Тэгээд би гэртэй аваачиж хонгор зүсмийн үрээг нядлаад өөрийн идшиндээ хэрэглэсэн. Арьс толгойг нь би хогтой нийлүүлж байгаад хаясан...Манай сумын 2 дугаар багийн иргэн Гантулга, үеэл эгч Бгийн хонгор халзан үрээ байсан. Би тухайн үед би Б эгчийн үрээ гэдгийг нь мэдэж байсан.....Би Гантулга гэдэг хүнийг адууг албан ёсны гэрээ хөлсөөр бол харж байгаагүй тэрнээс биш би ах дүү нарын адууг нь бол бүгдийг нь хардаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/

5. Гэрч Г.Баатарсүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... Тухайн үед буюу 2020 оны 01 дүгээр сард Б нь Гантулга гэх хүний адууг хулгай хийсэн талаар нь мэдээгүй. Харин сүүлд би БатБс өөрөөс нь сонссон халиун адуу хулгай хийхдээ манай ухаа халзан зүсмийн морийг унаж явсан гэж Б нь өөрөө хэлсэн. 2020 оны 01 дүгээр сард Б нь манай адууг хөлсөөр хардаг байсан болохоор манай адуунаас дуртай адуугаа барьж унадаг байсан. Тэгээд манай ухаа халзан зүсмийн 8 настай морийг унаад явсан гэж байсан.... Одоо манай ухаа халзан зүсмийн адуу байхгүй Б нь манай адууг харж байгаад больсоны ард би тэр ухаа халзан зүсмийн адуугаа нядлаад зарж борлуулан өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Тухайн үед ухаа халзан зүсмийн адуу маань 8 настай байсан. Тамга нь задгай чандмань тамгатай адуу байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн  26 тал/

 6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020/ШД258/ дугаартай: ”... шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 700.000 /долоон зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-37 тал/

 

7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020/ШД279/ дугаартай: ”... 1 тооны 8 настай хул халзан зүсмийн адууны зах зээлийн үнэлгээг 900.000 /есөн зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 тал/

 8. Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед би Б эгчийн сарнисан үрээг хайж Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг модот гэх газраар явсан. Тэгээд Эрдэнэмандал гэх залуугийн гэрт очоод сарнисан үрээгээ сураглахад манай адууг дагаж яваа гэж хэлсэн. Би тэгээд Эрдэнэмандалын бор азаргатай адуун дээр очиход сарнисан ухаа халзан зүсмийн үрээ байсан. Тэгээд Эрдэнэмандал түүний найз нарын хамт би сарнисан үрээгээ адуунаас нь салгаж хөөгөөд явсан. Эрдэнэмандал найз нарынхаа хамт яваад өгсөн. Хонгор халзан үрээ буцаж адуу руу зугтаад байсан. Тэгэхээр нь уургалаад татсан чинь унаад өгсөн. Босож ирэхдээ зүүн талын хойд хөл нь хугарсан байсан. Тэгэхээр нь үрээг тэнд нь орхиод гэр лүүгээ явсан. Маргааш өдөр нь адуундааа явж байхдаа ухаа халзан зүсмийн үрээг харахад миний орхисон газрын ойролцоо байхаар нь барьж аваад хазаарлаад хөтлөөд Норовлин сумын төвд ирсэн. Тэгээд үрээг нядалж өвлийн хүнсэндээ хэрэглэсэн... Гантулга гэдэг хүний эхнэр Б гэдэг хүний адуу байгаа юм... Би Б, Гантулга нарын адууг малладаг юм. Гэхдээ надад цалин хөлс өгдөггүй юм. Гэхдээ манай адууг харж байгаарай гэж захидаг юм... Би Баатарсүх, Баатархүрэл, Баатарболд, Баатарцогт нарын адууг малладаг юм. Баатарсүх, Баатархүрэл, Баатарболд, Баатарцогт нар нь Бгийн ах дүү нар байгаа юм... Надад Бгийн адууг захиран зарцуулах эрх байхгүй... Би Бд адууны хөл нь хугарсан талаар хэлээгүй... Би хул халзан зүсмийн морьтой явсан... Хул халзан зүсмийн морь Баатарсүх гэдэг хүний морь байсан... Би хохирол барагдуулсан. Надад гомдол санал байхгүй гэж бичиг өгсөн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-50 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчоос “... 2020 оны 05 сарын 25-нд хохирол барагдуулсан дахин Бс нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 76 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ