Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0171/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   М.Долгоржав,

Улсын яллагч                                               Ж.Б,

Шүүгдэгч                                                       Ч.Б  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ч.Б  -д   холбогдох 2039.... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч   хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.Б 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 15-07 тоотод тус хаягт оршин суух Д.Эийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө согтуугаар Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 15-07 тоотод оршин суух Д.Эийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч  Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би 2020 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Хэнтий аймгийн Мөрөн сумын  4 дүгээр баг ноёны 15-07 тоотод гэртээ ганцаараа унтах гэж байхад манай гэрийн гадаа машин ирж зогссон. Манай гэрийн гадуур хашаа байдаггүй болохоор манай гэрийн гадаа ирсэн машинууд шууд л гэрийн хаалганд ойрхон зогсдог болохоор машины дуу чимээ тод сонсогддог юм. Ингээд манай гэрийн хаалгыг 2, 3 удаа хүчтэй өшиглөхөөр нь гэрлээ асаагаад хэн юм бол гэж бодоод хаалгаа онгойлгоод өгсөн. Тэгтэл манай сумын Б гэдэг залуу байсан. Тэгээд намайг түлхэж үгийн зөрүүгүй манайд орж ирээд чиний дарга гэж юу байдаг юм, та нар муусайнууд миний ээжийн ажлыг булааж авсан биздээ гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд намайг арагшаа тэнцвэр алдтал миний шилэн хүзүүнээс гараараа барьж өөртөө ойртуулаад миний нүүрэн тус газарт дахин нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би гараас нь мултраад гэр дотроо зугтаасан. Тэгээд би түлээний мод хагалдаг сүхийг гэрийн баруун урд талд байх угаалтуурын хажуунаас шүүрч аваад, амиа хамгаалъя, тэгэхгүй бол намайг ганцаараа байхад яаж ч магадгүй гэж бодоод сүхээр далайсан чинь гэрээс гараад зугтаасан. Тэгэхгүй бол намайг үргэлжлүүлж зодох гээд гэр дотор хөөсөн юм. Би тухайн үед нэлээн айж балмагдсан байсан. Тэгээд би Быг гэрээс гараад явахаар нь цаашаа явчихлаа гэж бодоод араас нь хаалга хүртэл яваад гэрийнхээ хаалгаар сүхээ газар шидээд хаалгаа түгжих гэтэл Б хаалга угзарч онгойлгосон. Тэгэхдээ миний хаясан сүхийг газраас аваад гартаа барьчихсан, чи яасан их сүх барьдаг юм бэ, чамайг сүхээр цохино, пизда минь гэж хэлээд над руу сүхээ бариад дайрсан. Тэгэхээр нь би айсандаа зуухан дээр байсан ягаан цэцэгтэй цагаан данхыг аваад биеэ хамгаалах санаатай дайралтыг зогсоох гэж данхаар Б-ыг цохих гэтэл оноогүй. Харин бариул нь миний гарт үлдсэн. Тэр үед Б гартаа бариад байсан сүхний ишээр миний цээж рүү цохиод арагш нь орон дээр унагааж толгой дээр цохисон. Би гарт байсан бариулаар Бын толгой руу нэг удаа цохисон, болиулах гэтэл дийлэхгүй байсан. Энэ байдлаар миний биеийн хэд хэдэн газар сүхээр болон данхны ишээр урж зүссэн. Тэгээд над руу дайрахаа болиод байхдаа чи орж ирээд байхад цай май хийж өгдөггүй юм уу гээд аяга авч над руу шидсэн. Намайг Бт зодуулж байхад гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй. Мөн Бын унаж явсан машин нь манай гэрийн гадаа байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Б миний нүүрэн тус газар 10-аад удаа цохих үед миний доод үүдний нэг шүд, мөн үүдний 6 шүд суларсан... Бид хоёрт уг нь муудах шалтгаан байхгүй, яагаад ингэж зодсон талаар надад мэдэх юм алга... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

Хохирогч  Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: ”... Тухайн үед Б нь согтсон байсан бөгөөд согтуу хүний л гаргадаг авир гаргасан. Б нь миний хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд надад гомдол санал гээд байх зүйл байхгүй... Би Бтай урьд маргаж муудаж байсан асуудал байхгүй. Тааралдахаараа хоорондоо мэнд устай л байдаг болохоос өөрөөр нэг нэгэндээ муу муухай санаж явдаг асуудал байхгүй... Манай суманд дараалалсан тамгын газрын өмчийн 4 байшин байдаг бөгөөд манайх уг нь нэг байшинд нь байдаг юм. Тухайн үед манайх уг байшингийн урд гэр барьчихсан зам дээр шахуу гэртэйгээ байсан юм. Тэгээд зам дээр шахуу байдаг учраас согтуу, хөлчүү, зам асуусан, сонин сайхан ярьсан хүмүүс их орж гардаг юм. Би бодохдоо согтуу хүн зам дагуу л ороод ирсэн байх гэж бодож байна... Миний зүгээс гомдол санал байхгүй нутгийн хүүхэд нэг нэгийгээ таньж мэддэг. Залуу хүн тэгээд согтуудаа л гаргасан авир гэж бодоод би уучилсан, гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

2. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой Дашдорж, Баяраа нарын хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг буюу сумын төвд Дашдоржийн гэрт архи уусан. Ингээд 0.5 граммын хэмжээтэй 2 шил архи бид гурвуулаа хувааж уучихаад би Дашдоржийн гэрээс 23 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар машинаа өөрөө бариад ганцаараа 79-98 УАВ улсын дугаартай тоёота фелтер маркийн автомашинтай явсан. Дашдоржийн гэр сумын төвийн баруун урд байдаг. Манайх сумын төвийн төвд Ерөнхий  Боловсролын Сургуулийн баруун хойно байдаг юм. Ингээд би Мөрөн сумын Иргэдийн хурлын  дарга Эийн гэрийн гадаа машинтай очиж зогссон. Тэгээд би гэрийнх нь хаалгыг тогшоод орсон. Тэдний гэрт Э ах ганцаарааа байсан. Намайг гэрт ороход Э ах дотоожтойгоо цээжин бие нүцгэн, өмд өмсөөгүй байсан. Тэгээд би чи намын дарга хийж чадахгүй гэсэн чинь Э ах уурлаад чам шиг бандийг бодвол нэлээд юм хийсэн хүн шүү гээд бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенийгээ ална тална дээрээ тулаад тэгээд нэг мэдсэн чинь Э ах чамайг би алчихаж чадна шүү гээд сүх бариад далайгаад эргүүлсэн. Тэгэхээр нь би уурандаа Э ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд би сүхийг нь аваад гэрээс гаргаад эргэж орсон. Тэгээд би гэрт нь байсан цагаан өнгийн ягаан цэцэгтэй данхаар Эийн толгойн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр үед миний гарт данхны бариул үлдсэн. Ингээд бид хоёр хоорондоо барьцалдаад дээр доороо орж ноцолдсон. Тэгээд Э ах цагдаа дуудсан, тэгээд цагдаа ирсэн... Миний хувьд нэлээд согтчихсон байсан. Тэгээд Э ах үгээр идээд байснаас болж л бид хоёр муудалцсан. Тэгээд Э ах сүх барьж цохих гээд байсанд нь уур хүрээд буцаагаад цохичихсон юм... Э намайг цохиж зодсон асуудлыг мэдэхгүй байна. Би сайн санахгүй байгаа. Миний биед учирсан гэмтэл байхгүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/

3. Гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би сумын төв дээр нутгийн найз Дашдоржтой хамтарч хашаанд морь тэжээдэг юм. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн үед Дашдоржийн гэрт очоод бид хоёр морьны тэжээл өгөөд зогсож байтал манай сумын Б гэдэг залуу машинтай ирсэн. Тэгэхэд архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэгээд машинаасаа 2 шил 0.75 литрийн архи хараа архи гаргаад Дашдоржийн гэрт бид гурав уусан. Би маргааш нь ажилтай байсан болохоор нээх их уугаагүй, тэр хоёр шил архийг ихэнхийг нь Б, Дашдорж хоёр тэр уусан. Тэгээд орой 22 цагийн үед архиа ууж дуусаад Дашдорж бид хоёр ч морьныхоо тэжээлийг өгөхөөр болсон. Б ч гэсэн машинтайгаа хөдлөөд явсан. Би ч гэсэн мориндоо өвсийг нь тавьж өгөөд гараад явсан. Бид гурав дандаа л морь ярьсан даа. Маргааш нь Бын машин Э даргын гадаа байна, тэр хоёрыг зодолдоод аймгийн цагдаа руу явсан гэж Э даргын хажуу айлын Бум-Эрдэнэ гэдэг хүнээс сонссон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/

4. Гэрч Д.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ ганцаараа байсан юм. Манай эхнэр хүүхэд ямаа самнах ажлаар хөдөө яваад өгсөн байсан. Ингээд намайг гэртээ байх үед Энхбаяр манай гэрт ирсэн. Энхбаяр бид хоёр найзууд байгаа юм. Бид хоёр хамт морь тэжээдэг юм. Тэгээд бид хоёр моринд тэжээл өгөөд байж байтал манай ангийн Б өөрийнхөө машинтай 17 цаг 30 минутын үед ганцаараа ирсэн. Ингээд бид гурав манай гэрт 2 шил 0.75 литрийн хараа архи хувааж уусан. Б манай гэрт ирэхдээ хоёр шил архитай ирсэн. Манайд гаднаас өөр хүн ирээгүй. Хашаанд манайхаас өөр айл байхгүй. Тэгээд бид нар архиа тойруулж уусан. Энхбаяр маргааш ажилтай гээд нээх их уугаагүй, Б нилээн уусан. Би бас их согтоогүй. Бид нар хоорондоо хурдан морь малны талаар ярьсан. Тэгээд 2 шил архиа уугаад дууссан. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед Энхбаяр бид хоёр мориндоо өвс тавьж өгч байхад Б машинаа бариад хөдлөөд явсан. Харих гэж байгаа байх гэж бодсон. Бид хоёрт  явлаа гэж хэлээгүй хөдөлсөн. Энхбаяр ч гэсэн моринд өвс тавьж өгөөд гэр рүүгээ алхаад явсан. Ингээд маргааш нь үдээс хойш нь нилээн хэдэн цагдаа суманд ирээд яваад байхаар нь юу болсон талаар хүмүүсээс сурагласан юм. Сумын Иргэдийн хурлын дарга хүний толгой хагалсан ч гэлүү, хүнд толгойгоо хагалуулсан ч гэл үү тийм бүрхэг яриа сонссон юм. Тэгээд тэрний маргааш нь Э дарга манай найз Б хоёрын хоорондоо зодолдсон гэдгийг Бын ээж Алимаагаас мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №05 дугаартай: “...

1. Д.Эийн биед баруун дээд 1, 2, 3-р, зүүн дээд 1-р, баруун доод 2-р шүдний булгарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 тал/

6. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Мөрөн сумын төв дээр найз Дашдорж, Энхбаяр нарын хамтаар 2 шил 0.75 граммын хэмжээтэй архи уусан. Орой 22 цагийн орчимд Дашдоржийн гэрээс гарсан бөгөөд гэрээрээ орчихоод 23 цагийн орчимд Э ахын гэрт очсон. Гэрийнх нь хаалга цоожтой байсан бөгөөд тогшиж ороод орон дээр нь суугаад бид хоёр намын талаар ярилцсан. Би Э даргыг та ер нь намын дарга хийж чадахгүй хүндээ гэж хэлсэнээс болж маргаан үүсээд улмаар Э дарга намайг би бол хаана ч ажил хийгээд явж чадах хүшшн чи юу гээд байгаа  юм чамайг ер нь алаад хаячихъя гэж хэлээд нэг мэдэхэд  сүх гаргаж ирээд цохих гэж дайрахаар нь би зугтаагаад гадаа гарсан. Тэгээд эргэж ороход Э ах гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан. Би тулганы хойно байсан цэцэгтэй шар данхыг аваад очоод данхаар толгой руу нь 1 удаа цохьсон. Тэгтэл урдаас босч ирээд барьцалдаад дээр доороо оролцоод тэгээд салцгаасан. Тэгээд Э ах утсаараа цагдаа дуудсан. Тэгээд нэгэнт хоёулаа зодолдсон юм чинь гээд би цагдаа иртэл хүлээж суусан...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/

Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн: “... Миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр болсон асуудлыг бүрэн гүйцэт санахгүй байгаа. Тухайн үед нилээн согтолттой байсан. Ямар ч байсан Э ахтай маргалдаад Э ахтай муудалцаад агсам тавьж байснаа санаж байна. Тэгээд нүүр рүү нь цохиж шүдийг нь гэмтээсэн нь үнэн. Миний хувьд Э ахтай урьд маргаж муудаж байсан асуудал байхгүй. Тухайн өдөр согтуу тэнэж яваад л Э ахын гэр гэрэлтэй байхаар нь яваад орсон. Тэгээд муудалцсанаас болж сүх барьж авсанд нь уур хүрээд буцаад өөрийг нь сүхээр айлгах санаатай сүх барьж авсан. Тэгтэл урдаас хамгаалаад ноцолдох явцдаа биеийнх нь хэд хэдэн газар сүхээр гэмтэл учруулсан. Тэрнээс би Э ахын биед сүхээр санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э ахтай харилцан эвлэрсэн хохирол төлбөрийг нь бүрэн гүйцэт барагдуулахаар болсон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Эийн биед учруулсан хохиролд нийт 8.000.000 /найман сая төгрөг/-ийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр багтаан төлөхөөр харилцан тохиролцож 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 67 тал/, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд гарсан эмчилгээний зардал болох 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Долгор овогтой Э миний бие эрүүл мэндэд хохирол учруулсан төлбөр болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг иргэн Ч.Б барагдуулсан тул цаашид нэхэмжлэх төлбөр , өөрийн зүгээс гомдол саналгүй болно... ” /хх-ийн 68 тал / гэсэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард  500.000  төгрөг төлөхөөр буюу 5 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан данх, данхны салсан бариул, модон иштэй сүх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ