| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0172/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0172/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтантуяа,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Э.Д-д холбогдох 2039...... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт хөдөө хэсэгт 10-10 УБЛ улсын дугаартай тоёота ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1 дүгээр бүлгийн 2.41 үзэгдэлт хангалтгүй нөхцөл гэж байгалийн үзэгдэл /цас, бороо, манан, шуурга гэх мэт/ болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт 10-10 УБП улсын дугаартай тоёота ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Бг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 07-13 хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: ”...Э.Д ах бид нар явсан юм. Тэгээд адуун дээр ирээд адуугаа замаас хойш гаргаад тууж яваад юу болсон талаар би сайн санахгүй байна эмнэлэгт сэрсэн. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй....надад гомдол санал байхгүй... Э.Д ах миний бүх хохирол эмчилгээний зардлыг барагдуулсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гын 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхнэр бид 2-г Улаанбаатар хотод байж байхад Хэнтий аймгийн Баянхутаг сумаас манай эхнэрийн гар утас руу Энхбат гэх хүний эхнэр Саруул залгаад хүүг маань хөдөө машинд дайруулаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн талаар хэлсэн. Ингээд эхнэр бид 2 Улаанбаатар хотоос яаран ирсэн....ойлгохдоо 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хөдөө бороо орж салхи шуураад Энхбат түүний хүү болох Д, манай хүү Г.Б нар явган нь явган морьтой нь морьтой машинтай нь машинтай адуу туугаад явж байгаад л хүү маань Дийн машины доогуур орсон юм шиг байгаа юм. Одоо хүү маань Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна... Хүүгийн маань нүүр ам нь шалбарч зүүн талын гар нь хугарч хэцүүхэн байдалтай л байна даа... Надад одоогоор гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
4. Гэрч Л.Энхбатын 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн: ”... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед манай адуу цасан шуурганд уруудаад бид нар очиж буцаагаад гэрлүүгээ хөөж байсан юм. Тэр үед манай хүү өөрийн 10-10 УБЛ улсын дугаартай автомашинтай адуугаа тууж байгаад... адуун дундаас Г.Б дүү гэнэт гарч ирээд машины урдуур орж дайруулсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
5. Шүүгдэгч Э.Диийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Ингээд Б.Батхишиг, Г.Б, Б.Чулуунбаатар бид нар машинаасаа буугаад явган гэрлүүгээ адуугаа тууж байгаад би өөрийнхөө жолоодож явсан машинаас нилээн холдохоор нь эргэж машин тавьсан газар луугаа алхаж очоод машинаа унаад нөгөө хэдийнхээ араас ирээд адууныхаа араар нь бахираад туугаад явж байхад адуун дотроос гэнэт Г.Б адуугаа туугаад явган миний машины өөдөөс гүйгээд гараад ирсэн. Ингээд би машиныхаа тоормосыг гишгээд байсан боловч машин маань гулгаж очоод Г.Бг дайрчихсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
6. Гэрч Э.Мөнгөнсүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Тэр үед манай ах өөрийн унаж явсан 10-10 УБЛ улсын дугаартай тоёота ланд-100 маркийн машинтай тууж байгаад машинаасаа бууж явган адуу тууж байгаад машинаасаа холдохоор нь эргэж машин тавьсан газар луугаа алхаж очоод машинаа унаад бид нарын араас ирээд адууныхаа араар нь машинтай адуугаа туугаад явж байхад адуун дотроос гэнэт Г.Б дүү явган гүйж гарч ирсэн. Тэр үед ах маань унаж явсан машиныхаа тоормосыг гишгээд байсан боловч машин маань гулгаж очоод Г Бг дайрчихсан. Ийм л асуудал болсон. Тухайн үед тэнгэр хангай бороо салхитай цастай газар чийгтэй нялцгай байсан юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
7. Шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5708 дугаартай: ”...
1. Г. Бгийн биед гавлын орой болон суурь ясны далд хугарал, тархины баруун бөмбөлөгийн хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гарын шуу ясны далд хугарал, толгойн хуйх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/
8. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Будсүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №55 дугаартай: “...
1. 10-10 УБЛ улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 1 дүгээр бүлгийн 2.41 “үзэгдэлт хангалтгүй нөхцөл гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг, зөрчсөн байх үндэслэлтэй байна. Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.
2. 10-10 УБЛ улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
3. 10-10 УБЛ улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон Д нь тээврийн хэрэгсэл жолоодох "ВС" ангиллын эрхийн үнэмлэхтэй байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 тал/
9. Яллагдагч Э.Дийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... би зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. миний хувьд маш их гэмшиж байна...би насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн хохирлыг бүрэн барагдуулсан...хохирогч Г.Б дүү одоо эмнэлгээс гараад гэртээ эмчлүүлж байгаа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “... миний хүүгийн эмчилгээний зардал болон бусад хохирол мөнгийг жолооч Э.Д нь бүрэн барагдуулсан тул бидэнд ямар нэгэн гомдол санал байхгүй... ” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт /хх-ийн 60 тал/-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дт анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Дийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ