Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2

 

2018 оны 01 сарын 25 өдөр                      2018ДШМ/02                                    Хэрлэн сум

Н.Х холбогдох эрүүгийн хэргийн талаар

226/2018/0001

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор:Д.Энхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Ганбадрах,

Шүүгдэгч: Н.Х нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Х түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын давж заалдах гомдлоор эрүүгийн  1740000270009 дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймагт 1978 онд төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Нийтийн байр”-ны 08-04 тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Б овогт Н6 Х /РД:ЛН78110913/

Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 8 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалантын” 08-807 тоотод оршин суух Д.О гэрт нэвтэрч “DDISH”-ийн станц” хулгайлж, 165000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Прокурорын газраас Н.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Н Х бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н Х 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Н.Х оногдуулсан 1  жилийн хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдолдоо: Хохирогч О гэрийн гадна тал болон хашаанд “DDISH”-ийн станц байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Хг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч уг хэргийг хэн үйлдсэнийг шууд  нотлоогүй. Гэрч Базербекийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байцаасан байхад уг хэрэг 9 дүгээр сарын 15-ны өглөө гарсан ойлгомжгүй байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэгт Хишигсайханыг хулгай хийснийг шууд заагаагүй, араас нь харсан  гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд хэт яллах талыг барьсан. Хохирлын 165000 төгрөгийн хувьд олон хоног ажил таслахаас сэргийлж Х ажилладаг уурхайн эзний болгоомжилсон үйлдэлтэй холбоотой. Шүүхээс Хишигсайханы хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх мэдүүлэгт хөтлөгдөж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Х нь давж заалдах гомдолдоо: Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй. Энэ асуудлаас болж би олон хоног цагдаагийн газар шалгагдаж, дуудагдсан юм. Энэ байдлаас залхаж, хурдан салах гэсэндээ л хохирлын 165000 төгрөгийг нь төлсөн юм. Гэрч Базарбек андуурч мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Энхжаргал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох  баримтуудаар шүүгдэгч Н.Хишигсайхан нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Н.Хишигсайханы эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

Н.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг “Жаргалантын” 08-807 тоотод оршин суух Д.Оюунсүрэнгийн гэрт нэвтэрч  “DDISH-ийн станц” хулгайлж, 165000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн:  2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө дэлгүүр ороод иртэл гэрийн хойморт байсан “DDISH-ийн станц”  алга болсон байсан. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоогүй. Анх цагдаад дуудлага өгөхдөө би андуураад цоожтой байсан гэж хэлсэн. Би антенаа 120000 төгрөгөөр, картаа 45000 төгрөгөөр үнэлнэ. ... гэх  /хх- 12-14 х/

Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө О-н хашаанаас Х гараад явж байсан ... гэх мэдүүлэг /хх-14-15 х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-18 х/ хэрэг учрал болсон газрын гэрэл зургийн үзүүлэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон  хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд:

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэртэй тохирсон байна.

Шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь хохирогч Д.О, гэрч Х.Б нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ”хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах” талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр  сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.Х нь шийтгэх тогтоол гарснаас хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.СҮХГОМБО

                          ШҮҮГЧИД                                                       О.БААТАРСҮХ

                                                                                                  Б.ДЭНСМАА