| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2021/0777/З |
| Дугаар | 221/МА2022/0093 |
| Огноо | 2022-02-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0093
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0782 дугаар шийдвэрийг “Б” ХК-ийн төлөөлөгч Б.З-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХК,
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гуравдагч этгээд Т.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0782 дугаар
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Г
Хариуцагч Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, М.У
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0777/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0782 дугаар шийдвэрээр “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүх Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 82.1 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн ба эдгээрээс яг аль заалт нь Санхүүгийн зохицуулах хороонд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр олгохыг даалгасан захиргааны акт” гаргах эрх хэмжээг олгосон талаар дурдаагүй.
Анхан шатны шүүхийн үндэслэсэн хуулийн зохицуулалтууд нь Хорооноос даатгагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, даатгагч даатгуулагч хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх заалтууд байх бөгөөд хорооны уг эрх хэмжээг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй болно. Харин ийнхүү урьдчилан шийдвэрлэхдээ даатгагчид нөхөн төлбөр олгохыг даалгаж, энэ талаар эргэн хариу мэдэгдэхийг үүрэг болгон захиргааны акт гаргаж буйг эрх хэмжээгээ хэтрүүлсэн хэмээн үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаагүй асуудалтай холбоотой зохицуулалтыг хэрэглэн, хуулийг буруу тайлбарлан Санхүүгийн зохицуулах хороог захиргааны акт гаргах эрхтэй хэмээн дүгнэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим”-д нийцээгүй шийдвэр болгосон байна.
Мөн “Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэхдээ нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан “Уг мэдэгдэлд үндэслэн өөр нэг захиргааны байгууллага нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан” гэх тайлбарыг үнэлээгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж талуудын тайлбар нотлох баримт болох талаар зааж өгсөн.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн “өөр захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан” гэсэн тайлбартай гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй төдийгүй уг мэдэгдэлд үндэслэн Сангийн яамны Улсын байцаагчийн дүгнэлт гарсан талаар тайлбар хэлсэн байдаг.
Түүнчлэн шүүх уг мэдэгдлийг “нэхэмжлэгчид үүрэг ногдуулсан, тухайлбал даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэсэн агуулгаар гарснаараа нэхэмжлэгчид дарамт учруулсан шинжтэй” гэсэн атлаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн, уг актын үндсэн дээр гарсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан талаар хэргийн оролцогч нар маргаагүй байхад дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр болгосон байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан нөхцлийн дагуу олговол зохих даатгалын нөхөн төлбөрийг зөвхөн даатгалын гэрээгээр тохиролцоогүй эрсдэл, шалтгаан гэх үндэслэлээр хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгохыг заасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх, олгох бол хэдэн төгрөгний нөхөн төлбөр олгох, тухайн тохиолдол нь даатгалын тохиолдол мөн эсэхийг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд энэ талаар тухайн мэдэгдэлд тусгайлан зааж өгсөн нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн буюу буруу хэрэглэсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа дараагийн хэсэгт “... нэхэмжлэгчээс хуулийн энэ заалтыг баримтлан шүүхийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж маргасан боловч энэ нь тухайн гэрээний талаар иргэний хэргийн шүүхийн дүгнэлт өгөх асуудал тул Захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй” гэжээ.
Шүүгчийн дээрх хоёр дүгнэлт нь хооронд агуулгын хувьд зөрүүтэй байх бөгөөд эхний хэсэгт “захиргаан байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн буюу буруу хэрэглэсэн гэж үзэхгүй” хэмээн захиргааны байгууллага Иргэний хуулийн хууль буцаан хэрэглэх эрхтэй, маргаан бүхий акт нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлт хийсэн боловч дараагийн хэсэгт “иргэний хэргийн шүүхийн дүгнэлт өгөх асуудал тул Захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй” гэж өмнө бичсэн дүгнэлтээ үгүйсгэсэн буюу уг асуудалд Захиргааны шүүх дүгнэлт өгөх боломжгүй талаар дурдсан байна.
Зүйн нь шүүх маргаан бүхий актыг хууль буруу хэрэглэсэн эсэх асуудлыг тогтоохын тулд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан зохицуулалтыг буцаан хэрэглэх эрхтэй эсэх, тухайн буцаан хэрэглэсэн нь хууль зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрлэх ёстой бөгөөд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаас үзэхэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь тодорхой байдаг.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөрүүтэй, бие биеэ үгүйсгэсэн шинжтэй дүгнэлт байгаа нь шүүхийн шийдвэрийн “Үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй юм.
Түүнчлэн шүүхийн шийдвэрт захиргааны актын агуулгыг зорилгодоо нийцсэн тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэсэн атлаа захиргааны байгууллагын ямар зорилгод нийцсэн талаар дурдаагүй төдийгүй үндсэн маргаантай холбоотой хэсэгт дүгнэлт өгчээ. Мөн Иргэний шүүхийн шийдвэрлэх асуудлыг шийдэж, хууль буцаан хэрэглэснийг зөвтгөж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.
Нэхэмжлэгчийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо нөхөн төлбөр олгохыг даалгасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй, захиргааны актыг гаргахдаа хууль буцаан хэрэглэснээрээ даатгагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Б” ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ