Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т-У” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: ““Т-У” ХХК-ийн захирал Б.М тус компанийн эзэмшлийн XV-01*******, XV-01******* дугаарын тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагадаа: “Манай компани Дорноговь аймгийн Д*******жаргал сумын нутаг Д*******гийн г******* нэртэй хайгуулын XV-01******* тоот 914.81 га талбай, Зүүн д******* XV-01*******тоот 2145.77 га бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа болно. Тусгай зөвшөөрлийг эзэмших явцад жил бүрийн хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөө, зардлын доод хэмжээг баталгаажуулан ажиллаж, 2008-2016 онуудад жил бүр төлбөрийг төлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн. Компанийн захирал Б.Ц миний бие 2016 оны 03 дугаар сард бие муудаж эмнэлэгт хэвтэж удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн. 

2015 оны 12 дугаар сард манай компани “Э” ХХК-тай хөрөнгө оруулалтын  гэрээ  байгуулан  хамтран  ажиллахаар  тохиролцсон.  Тус компанийн 

XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2015 оны 299 дүгээр шийдвэрээр цуцалсан бөгөөд урьдчилж төлсөн төлбөрийг төрийн захиргааны байгууллагаас буцаан авахдаа манай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг шилжүүлэн тооцуулах, үлдэгдлийг гаргуулан авч манай тусгай зөвшөөрөлт талбайнуудад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцсон юм. “Э” ХХК-ийн зүгээс Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын хамтарсан 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 358/512 дугаар тушаалын дагуу улсын төсөвт илүү төлсөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох журмын дагуу хандсан. Ашигт малтмалын газрын Санхүүгийн албаны төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь танай компаниудын хүсэлтийн дагуу төлбөрийг шилжүүлэн бүртгүүлж болно гэсэн хариу амаар өгсөн бөгөөд бидний зүгээс бүх асуудал шийдвэрлэгдэх нь гэсэн ойлголт авсан.

Гэтэл манай компанийн эзэмшлийн XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр цуцалсан байдаг. 

Бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг шилжүүлэн тооцох боломжтой гэж байсан учир тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээгүй байсан. Ашигт малтмалын газар нь 2016 оны 07 дугаар сард бүтцийн өөрчлөлт хийгдэж данс тооцоо солигдож хэсэг хугацаа өнгөрсөн. Бид хэд хэдэн удаа очиж уулзахад болно гэснээр 2017 он гарч Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/7032 тоотоороо цуцлагдсан нь үндэслэлтэй тул манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” заасны дагуу танай шүүхэд хандаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “”Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.” Заалтын дагуу төрийн захиргааны байгууллага төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх зохицуулалттай. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” мэдэгдлийг манайд ирүүлээгүй ба хэрэв ирүүлээд манай компани тухайн мэдэгдлийг хүлээн авсан бол хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасан заалтын хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаан, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлэн тооцуулах нөхцөл, амаар боломжтой гэж тайлбарлаж байсан үйл баримтыг баталгаажуулан гарган өгч хүргүүлэх бүрэн боломжтой байсан юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” заасан байна. 

Гэтэл дээрх үйл ажиллагаа хэрэгжээгүйн улмаас манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын Д*******гийн г******* нэртэй газарт хайгуулын ХҮ-01******* дугаар 911,08 га талбайд, Зүүнд*******д ХҮ-01******* дугаар 2145,77 га талбай бүхий нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч нь 2008 оны 04 дүгээр сарын 18ны өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эзэмших эрх нь үүсэж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрлийн хайгуулын ажиллагааны тайлан, төлөвлөгөө, зардлын доод хэмжээг баталгаажуулан ажиллаж байсан. 2016-2018 онуудад төлбөрөө төлж, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн. 2017 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн хагас жилийн төлөвлөгөөний асуудлаар 2015 оны 12 дугаар сард манай компани Э ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцсон байсан. Тус компанийн ХҮ01******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 299 дүгээр шийдвэрээр цуцалсан байдаг. Цуцалсан үндэслэл нь төлбөрийг дутуу төлсөн гэдэг. Дутуу төлсөн мөнгөн дүн нь 100,000,000 гаруй төгрөг. Үүнээс 54,000,000 төгрөгийг Э ХХК төлсөн байдаг. Компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдаад ашиглах боломжгүй байгаа. Төлбөрөө манай компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах байдлаар оруулсан. Нэгэнт төлөгдсөн байгаа төлбөрөө суутгуулах тухай тохиролцоод хамтран ажиллах гэрээг байгуулж байсан. Э ХХК-н зүгээс Сангийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 358/512 дугаар тушаалын дагуу улсын төсөвт төлсөн. Ашигт малтмалын газрын санхүүгийн албаны төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, хүсэлтээ танилцуулсан. Үүний дагуу төлбөрийн шилжүүлж болно гэсэн хариуг өгсөн. Энэ шийдвэрийн хариуг сонсоод бидний зүгээс жилийн төлбөрөө ингэж шилжүүлэх боломжтой байна гэдгийг ойлгосон. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр цуцалсан. Энэ шийдвэрийг 2017 оны 09 дүгээр сард мэдсэн. Энэ нь хууль зөрчиж байна. 2016 оны 07 дугаар сард Ашигт малтмалын газарт бүтцийн өөрчлөлт хийж, данс тооцоо солигдож, ямар нэгэн ажил хийгдэх боломжгүй байсан. Ашигт малтмал газрын тосны газарт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр энэ тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль бус гэж гомдол гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна. Тиймээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасны дагуу мэдэгдлийг хүлээж авч чадаагүй. Хариуцагч байгууллагаас хүргүүлэх арга хэмжээг аваагүй. Хэрэв хүргүүлсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт болон хөрөнгө оруулалтын гэрээ, тухайн үеийн үйл баримтыг гаргаж өгөх бололцоогоор хангах бүрэн боломжтой байсан. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасны дагуу хэрэв нэхэмжлэгч мэдэгдлийг хууль ёсны дагуу хүлээн авч холбогдох бичиг баримтыг гаргаж асуудлыг шийдсэн бол тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл өөрөө хууль бус болох байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хуульд үндэслэсэн байх, 4.1.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу сонсгох ажиллагаа хийх шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг захиргааны байгууллага хангаж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Бусдын хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах ёстой. Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн газрын даргын тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших “Д*******гийн г*******” нэртэй 916 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр “Т-У” ХХК-д олгосон байна. 

Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших “Зүүн д*******” нэртэй 2148 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр “Т-У” ХХК-д олгосон бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад 04 дүгээр сарын 18-ны өдрөөр бүртгэж, тэмдэглэгээ хийсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэж зааснаар “Т-У” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаархи мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2565 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр “Т-У” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/3371 тоот албан бичгээр цуцалсан талаархи мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд “Т-У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын Д*******гийн г******* нэртэй 916 га газарт ашигт малтмалын хайгуулын 1******* тоот дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр Т-У ХХК-нд олгосон. Хоёр дахь тусгай зөвшөөрлийг Дорноговь аймгийн Д*******жарг******* суманд орших Зүүн д******* гэдэг нэртэй 2148 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын хэлтийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу Т-У ХХК-н ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 1*******, 1******* дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн гэдгийг Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2565 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд, тусгай зөвшөөрөл эзэмшигч Т-У ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алданги төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллага ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт мэдэгдлийг Кадастрын хэлтсийн дарга 6/2565 тоот албан тоот бичгээр хүргүүлсэн. Төлбөрийн баримтыг хүргүүлээгүйн улмаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний 6/3371 дугаар албан бичгээр цуцалсан талаарх бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг авч ажилласан. Иймээс Кадастрын хэлтсийн газрын даргын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т-У” ХХК-ийн захирал Б.М тус компанийн эзэмшлийн XV-01*******, XV-01******* дугаарын тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг “Э” ХХК-ийн цуцлагдсан тусгай зөвшөөрлийн урьдчилж төлсөн 54.500.000 төгрөгийг “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж шилжүүлэн тооцохоор тохиролцож Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байх явцад манай эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий 388 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон шийдвэрлэв.

Дорноговь аймгийн Д*******жарг******* сумын нутагт орших “Д*******гийн г*******” нэртэй 916 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01*******, “Зүүн д*******” нэртэй 2148 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр “Т-У” ХХК-д олгож, 04 дүгээр сарын 18-ны өдрөөр бүртгэж тэмдэглэгээ хийжээ.

Харин Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч компаний XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

Хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 6/2565 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн гэж, нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тухайн жилийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан боловч “Э” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулснаар энэ компаний цуцлагдсан тусгай зөвшөөрлийн урьдчилж төлсөн 54.500.000 төгрөгөөс шилжүүлж тооцохоор байсан хэмээн тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан “М” ХК-ийн Шуудангийн технологийн газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08/187 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагын “баримт бичиг хүлээлцэх дэвтэр” дэх явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэснээр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 6/2565 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн хэдий ч “буцаалт” гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчид очоогүй болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны шатанд “...мэдээллийн санд байсан хаягаар мэдэгдэл хүргүүлсэн, буцаалт гэж эргэж ирсэний дараа дахин хүргүүлэхээр явуулсан эсэхийг мэдэхгүй, бичиг хэргийн ажилтнаас асуухад дахин хүргүүлсэн талаар мэдэхгүй байсан..” гэх тайлбар уг мэдэгдэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид очоогүй болохыг нотолж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, улмаар тухайн этгээдээс хариу тайлбар, нотлох баримт ирүүлснээр уг зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаас үзэхэд мэдэгдэл өгөх гэдгийг эрх бүхий этгээдийн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгох бөгөөд мэдэгдэл хүргүүлэх үүргийг хариуцагч хүлээхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч хуулинд заасан мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд мэдэгдэл хүргүүлсэн талаар баримттайгаар нотлоогүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалд холбогдуулан дүгнэвэл нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээж аваагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

Учир нь “Э” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулснаар энэ компаний цуцлагдсан тусгай зөвшөөрлийн урьдчилж төлсөн 54.500.000 төгрөгөөс тухайн жилийн төлбөрийг шилжүүлж тооцохоор болсон талаар хариуцагчид хандаж байсан талаар тусгай зөвшөөрлийн төлбөр үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч нотолсон тайлбартай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байна.

Үүний зэрэгцээ XV-01*******, XV-01******* тоот тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлүүдээр цуцалсан хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч өөр компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөрөөс суутган тооцох байдлаар тухайн жилийн төлбөрийг шилжүүлж төлөхөөр тохиролцож хүлээлт үүссэн, хариуцагчаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй зэргээс үзвэл, хариуцагч энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө ямар шалтгаанаар хуулийн хугацаанд нь төлөөгүй болох, хугацаа хожимдуулсан хүндэтгэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэхээр байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг гардуулж баримтжуулаагүй, энэ талаар хангалттай нотлоогүйн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасан эрхээ хэрэгжүүлж цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлох боломжоор хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-д заасныг баримтлан  Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хайгуулын XV-01*******, XV-01******* дугаарын тусгай зөвшөөрлийг цуцалсан 388 дугаар шийдвэрийн “Т-У” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР