Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 296

 

 “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05600 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Даваажавт холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 1 117 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Эрдэнэсувд, Г.Хонгорзул

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК нь Ж.Даваажавтай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээс”-ийн 021 тоот гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 410 000  төгрөг төлөхөөр тохирсон. Манай зүгээс түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх үүднээс 2015 оны 1-3, 5-12 дугаар сарууд, 2016 оны 1-3 дугаар саруудад төлбөрийг 130 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 112 666 төгрөг болгон бууруулсан.

Гэтэл Ж.Даваажав нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх заалтыг зөрчин 2015 оны 7, 8, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 4 дүгээр саруудын нийт 7 сарын төлбөрийг төлөөгүй. Түрээслэгч нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар дангаар гэрээ цуцлах эрхтэй ба гэрээ цуцлах саналаа 1 сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу мэдэгдэж байгаагүй.

Мөн түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм. Манай зүгээс “үйл ажиллагаагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү” гэсэн бичгийг оршин суух хаягаар нь явуулж байсан боловч хариу өгөөгүй, төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй. Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч гэрээгээ цуцалж хохирлоо шаардаж байна. Ж.Даваажаваас түрээсийн төлбөр 1 117 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед “Скайтел” ХХК-ийн Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхар нь Мобиком-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхар луу шууд ордог гарцтай байсан. Тухайн үед үйлчлүүлэгч нар боломжийн орж гардаг, лангууг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж болохоор байсан. Гэтэл “Скайтел” ХХК, “Мобиком” ХХК-иуд нь талбайн асуудлаар хоорондоо маргалдаж гол үйлчлүүлэгч орж гардаг байсан хаалгыг тагласан. Тэр үед маргаантай орц гарцтай талбайг бидэнд түрээслүүлснийг мэдсэн. Тэр хаалгыг хааснаас хойш үйлчлүүлэгч орохоо больж, санхүүгийн хүндрэлд орсон.

Хаалга хаасны дараа “Скайтел” ХХК-ийн удирдлагуудтай уулзахад “удахгүй нээгдэнэ, санаа зоволтгүй” гэсэн. Хаалгыг хаах байсан бол би эхнээсээ гэрээ хийхгүй байсан. Гэтэл түрээслүүлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгийг шилжүүлж түрээслэгчийг хохироосон. Хаалга нээж өгөхийг гэрээний 6.3.2-т зааснаар санал тавьсан боловч “Мобиком” ХХК-тай маргаантай байгаа гээд ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн “Скайтел” ХХК нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн хааж 18-8 тоот лангуунд компьютерийн ажилчдаа суулган үйл ажиллагаа явуулж байгаа. Түрээсийн гэрээ байгуулахад бүртгэлийн хураамж гэж 450 000 төгрөг хууль бусаар авсан. “Скайтел” ХХК-ийн буруугаас болж лангуугаа ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Даваажаваас 1 117 666 төгрөг гаргуулахыг хүссэн “Скайтел” ХХК-нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн мөртлөө уг гэрээний заалтыг баримтлан уг маргааныг шийдвэрлээгүй байна. Тус гэрээний 10.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, түрээсийн төлбөрийг бага багаар төлж байсан нь "Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ"-гээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь гэрээг цуцлах зорилгогүй байсан нь харагдаж байгаа. Шүүх түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй тул 2015 оны 11,12 дугаар cap, 2016 оны 1-4 сард түрээслэгч гэрээний хөлс төлөх үүрэггүй гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр гэрээний "Хэрэв талуудын аль нэг но энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, Түрээслэгч Гэрээний 10.1-т заасан дутагдал доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд Гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно" гэсэн заалтыг баримтлан шийдвэрлээгүй байна.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Ж.Даваажавын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүгч тус нотлох баримттай танилцах боломж олгоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй. Шүүхийн шийдвэрт нь нэхэмжлэгч талын тайлбарыг үл ойшоон хэт нэг талыг барин хариуцагч талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн үндсэн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ж.Даваажавт холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 1 117 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            “Скайтел” ХХК болон Ж.Даваажав нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ” байгуулагдсан, түрээслүүлэгч “Скайтел” ХХК нь түрээсийн зүйл болох “Скайтел-Теди” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 18-8 тоот лангууг түрээслэгч Ж.Даваажав хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

            Түрээсийн гэрээг талууд 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний 3.2 дах хэсэгт гэрээний хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг дахин 12 сараар сунгахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд түрээсийн гэрээг цуцлах талаар хариуцагч санал гаргаагүй байна.

            Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

            Гэрээний 3.2 дахь заалт, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцон тогтооно гэсэнтэй нийцсэн, гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусахаас өмнөх төлбөрийг шаардсан нь зөв болжээ.

Гэрээгээр хүлээж авсан гэрээний зүйлийг хариуцагч Ж.Даваажав нь түрээслүүлэгч талдаа хүлээлгэж өгөөгүй тул түүнийг түрээсийн зүйлийг ашигласан гэж үзэх бөгөөд тэрээр түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээгээр тохиролцсоноор сар бүр 410 000 төгрөгөөр тооцож төлөх үүрэгтэй.

Түрээслүүлэгч нь түрээслэгчид хөнгөлөлт үзүүлсэн гэх үндэслэлээр  түрээсийн төлбөрийг багасгаж нэхэмжилсэн ба нэхэмжлэлд заасан хугацааны төлбөрийг түрээслэгч төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй байхад шүүх гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссан гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан түрээслүүлэгчийн хохирол болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд тус тус алдаатай болсон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Түрээсийн гэрээгээр талууд бүртгэлийн хураамж тохирсон нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэх бөгөөд бүртгэлийн хураамжид 450 000 төгрөгийг хураасан байдлыг анхан шатны шүүх буруутгахдаа үндэслэлээ заагаагүй байна.

Иймд хариуцагч Ж.Даваажаваас түрээсийн гэрээний 2015 оны 7, 8, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 4 дүгээр сарын төлбөрт 1 117 666 төгрөгийг гаргуулж “Скайтел” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05600 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Даваажаваас 1 117 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Ж.Даваажаваас улсын тэмдэгтийн хураамжид 31 373 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 373 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА