Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0179/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Г.Мөнхболд,

Шүүгдэгч                                                       Д.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д.О-д холбогдох 2039.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Оонот 9-07 тоот хашаанд иргэн Д.Этэй марган улмаар түүний нүүрэн тус газарт шилэн аягаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Оонот 9-07 тоот хашаанд иргэн Д.Этэй марган нүүрэн тус газарт шилэн аягаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

 

   1. Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа 0.5 литрийн савлагаатай архи уусан бөгөөд 15 цагийн орчимд хөдөөнөөс сумын төв дээр орж ирсэн. Тэгээд архины халуунд Бадамнямбуу гэх найзындаа очтол Бадамнямбуу, О нар машин дотор архи ууж байсан. Тэгээд би машиных нь ард суусан бөгөөд ууж байсан ундаанаасаа гэтэл надад ундаа өгөөгүй. Тэгэхээр нь ундааны саванд айлаас ус авч ирээд О гэх залуу руу цацсан. Тэгээд машины ард суугаад үг зөрөөд маргасан. Тэгтэл тас буугаад л явчихсан. Тэгээд би юу болсоныг санахгүй байгаа. Би нэг мэдэхэд л дүүгийндээ нүүрнээс цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан. ...нүүрний баруун хацар, нүдний эргэн тойронд зүсэгдсэн шархтай гээд эмч 7 оёдол тавьсан. ...яг О бид хоёрыг маргах үед О бид хоёроос өөр хүн байгаагүй. ...би яг тэр үедээ бол юугаар, яаж гэмт учруулсныг мэдээгүй юм. Сүүлд О өөрөө надад хэлэхдээ архи ууж байсан шилэн аягаараа чулуудсан гэж хэлсэн... Би эм эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

 

2. Гэрч Л.Бадмаанямбуугийн мөрдөн шалгах  ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр намайг гэрт байж байхад О манайд 1 шил архитай ирсэн. Намайг барилгын өрлөг хийгээд өгөөч гэж ирсэн. Ингээд О бид хоёр манай гэрийн гадаа миний машин дотор суугаад 1 шил архиа уусан. Архи ууж дуусаагүй байх үед Э согтуу ирсэн. Э ирээд Оын ууж байсан ундааг булаах зэрэг үйлдэл гаргаж тэр хоёр муудах гээд байсан. Ингээд байж байтал манай хашаанд гаднаас 1 машин ирэхээр нь та хоёр битгий муудаарай гэж хэлээд машиндаа үлдээгээд би гэртээ орсон. Ингээд намайг хүмүүст цай, идээ авч өгөөд юм яриад 15-20 орчим минутын дараа гэрийн гадаа  Э “О намайг цохичихлоо” гэж орилсон. Тэгэхээр нь гэрээсээ гараад иртэл Э гэрийн зүүн урд талд нүүрээ дараад доошоо хараад сууж байсан. Уруулнаас нь цус гараад байсан. Би Эг цусаа угаа гэтэл угаалгүй яваад өгсөн. О миний шар машин дотор сууж байсан. Тэгээд би юунаас болсон талаар Оаас асуухад “Э хэл амаар доромжлоод байсан. Мөн намайг өшиглөсөн. Тэгэхээр нь аягаар шидсэн” гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

3. Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр найз Бадмаанямбуугийн гэрт нь очоод хашаанд нь машин дотор нь архи хувааж уугаад ажил яриад сууж байсан. Гэтэл 17 цагийн орчимд нутгийн залуу Э залуу согтуу Дэрмээ гэж дууддаг залуутай ирсэн бөгөөд хоёулаа машины ард суусан. Тэгээд Э нь агсараад янз янзын юм яриад над руу ус цацаад чи муу цагаачин гээд орилоод байсан болохоор хамт ирсэн Дэрмээ гэх залуу нь чи зүгээр байгаа хүмүүст лай болоод байхын гэж хэлээд өшиглөж гаргаад машинаа дотроос нь цоожилсон. Тэгээд Бадмаанямбуу бид хоёр юм яриад сууж байтал нэг мэдэхэд Дэрмээ гэх залуу явчихсан Э гаднаас машин дотор ороод ирсэн. Тэгээд намайг янз янзаар дуудаад байсан. Тэр үед Бадмаанямбуу архи ууж чадахгүй зүв зүгээр байсан хүнийг өдлөө гээд загнаж байсан. Тэгээд удалгүй Бадмаанямбуугийн гэрт хүн ирээд Бадмаанямбуу буугаад явсан бөгөөд би дагаад буух гэтэл хаалга нь онгойхгүй байсан гэтэл Э нь хойд сандал дээр хэвтчихээд сандалны дээгүүр хөлөөрөө тийчлээд намайг өшиглөсөн. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд би гартаа барьж байсан шилэн аягаа шидчихсэн тэгтэл шилэн аяга яг нүүрэн дээр нь оноод хага үсэрч харагдсан. Тэгээд Э машинаас буусан. Тэр үед Бадмаанямбуу гарч ирж таараад Эгийн нүүрийг усаар угаагаад байсан. Тэгээд Эг явсных нь дараа би Бадмаанямбуугаас гайгүй  байна уу гэж асуутал гайгүй л юм шиг байна ш дээ хацар дээр нь шалбарсан юм шиг байна гэж хэлэхээр нь гайгүй  байх гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн... Бадмаанямбуутай 0.75 граммын хэмжээтэй архи хувааж уусан тэгэхдээ юу ч болсон талаар бүгдийг нь санаж байгаа. Э нэлээд согтуу байдалтай ирсэн одоо бол өөрөө юу болсоноо санахгүй байгаа юм шиг байна лээ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/

 

 4. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 280 дугаартай: “...

1. Д.Эгийн биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд зовхи, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эгийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 37  тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.От   оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар хөх өнгийн шаазан аяганы хагархайг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ