Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 85

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Е., орчуулагч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Е. нь 2009-2015 он хүртэл миний 31 толгой малыг маллаж, ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газар миний өвөлжөөнд өвөлжсөн. Би аман хэлэлцээрээр уг өвөлжөөг Е.д худалдаж, гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгсөн.

Би ногоо тарьдаг ба бууц авах гэж 2012 онд ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байрлах өвөлжөөндөө Е.г буулгасан. Тэгээд 2 жил бууц авсан. 2016 оны хавар бууц авах гэж Е.гийнд очиход “өгөхгүй” гэсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Е. нь миний малыг 4 жил хариулсан. Би хөлсийг нь тухайн үед гэрийг нь нүүлгэх, гурил будаа өгөх зэргээр өгч байсан. Би хүүхдийн хурим болох гээд Е.гаас 6 толгой бог малыг мөнгийг нь өгөөд авч байсан. Түүнээс өөр зүйл аваагүй. Тэгээд 2012 онд би уг өвөлжөөгөө Е.д 2 сая төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байсан. Энэ мөнгөө өгөхгүй болохоор би шүүхэд 3 сая төгрөг гэж нэхэмжилсэн. Одоо би өвөлжөөний үнэ 2,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Е. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Б.*******аас ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байрлах өвөлжөөний зориулалттай 0,4 га газрыг 2,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан. Уг газрын гэрчилгээг миний нэр дээр гаргуулсан. Уг өвөлжөө нь мөн хаваржааны зориулалтаар ашиглаж болдог тул өвөлжөө, хаваржаа хамтдаа байдаг. Иймд гэрчилгээ дээр “хаваржаа” гэж бичигдсэн байгаа. Би Б.*******ы малыг 6 жил малласан боловч хөлс мөнгө аваагүй. Б.******* 2016 оны хавар надтай ирж уулзаагүй. Би Б.*******д 8 толгой хонь, 15 тэвш бууц өгсөн. Иймд би Б.*******д өгөх өглөг байхгүй, 2012 онд өгсөн өвөлжөөний үнэ гэж нэхэмжлэхгүй байж байгаад яагаад 2016 онд 4 жилийн дараа нэхэмжлээд байна вэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Е.д холбогдуулан ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байршилтай өвөлжөөний үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байрлах өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглах боломжтой өвөлжөөг хариуцагч Е.д худалдсан, уг өвөлжөөний гэрчилгээ Е.н нэр дээр шилжсэн болох нь хэрэгт авагдсан иргэн М.ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-4/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигчид нь уг өвөлжөөг 2,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь “******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байршилтай өвөлжөөг Е.д 2,000,000 төгрөгөөр зарсан ба үнийг одоо болтол төлөөгүй” гэж, хариуцагч Е. нь “би Б.*******аас 2,000,000 төгрөгөөр өвөлжөөг нь худалдан аваад 8 толгой хонь, 15 тэвш бууц өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцлээ.

Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус тус заасантай нийцэж байна.

Хариуцагч Е. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...би худалдан авсан өвөлжөөний үнэд мал, бууц өгсөн. Тэгээд Б.*******аас 2012 онд өвөлжөөг нь худалдан аваад гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд Б.******* нь өвөлжөөний үнийг бүрэн төлсөн талаар гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь энэхүү тайлбарыг няцааж чадаагүй, үүнийг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, өөрөөр хэлбэл өвөлжөөний үнийг хариуцагч төлөөгүй болохыг нотлож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч талаас шинээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/29 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний хуулбар, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг материалуудыг гаргаж өгсөн боловч эдгээр материалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар нь хавтаст хэргийн 15 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангагдаж авагдсан байх тул эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Е.д холбогдох ******* сумын ******* багийн нутаг Өртөө худаг гэдэг газарт байршилтай өвөлжөөний үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МАРИНА