Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 87

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-3 тоотод оршин суух, ПЭ66101501 регистрийн дугаартай, Зуутраг овогт Дүгэрсүрэнгийн Оюундэлгэрийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Оюундэлгэр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюундэлгэр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад аав ээжийн хамт 1982 оны 07 сараас эхлэн мал маллаж байгаад 1986 оны 06 дугаар сард өрх тусгаарлаж Галсаннамжилтай гэр бүл болсон. Түүнээс хойш Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нөхрөө даган нормын ажил хийсэн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг хэрэг авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж, 1983-1985 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюундэлгэр нь шүүхэд 1982-1991 оныг дуустал ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1983-1985 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тайлбар гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Д.Оюундэлгэрийн 1986-1990 оны цалингийн түүвэр,

-Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1941 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1982-1985 оны 70 дугаар дансны хуулбар,

-Д.Оюундэлгэрийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.Дэмбэрэлийн Д.Оюундэлгэр нь 1982-1986 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт аав, ээжийн хамт мал маллаж байсан. Улмаар Барилгын техних мэргэжлийн сургууль төгсөөд Ховд аймгийн төвд Барилгын газар ажилд орсон байх. Би Д.Оюундэлгэрийг 1982-1986 он хүртэл мал маллаж байсныг сайн мэдэж байна. Түүнээс хойш хугацааны ажилласан байдлыг сайн мэдэхгүй. Би тухайн үед Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт малчнаар ажиллаж байсан. Би Д.Оюундэлгэрийн аав Дүгэрсүрэн, ээж Нямаа нарыг сайн танина гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Наранхүүгийн Д.Оюундэлгэр нь 1986 оны 06 дугаар сарын сүүлээр хөдөөнөөс шинэ гэр бүл болж Ховд аймгийн Барилга трестийн 6 дугаар бригадад ирж, ажиллаж байсан. Тухайн үед манай бригад Дөргөн сумын Усан цахилгаан станц дээр ажиллаж байсан. Д.Оюундэлгэр болон манай бригадын ажилтнууд 1991 он дуустал ажиллаад тарсан. Би тухайн үед Ховд аймгийн Барилга трестийн 6 дугаар бригадад засалчнаар ажиллаж байсан. Д.Оюундэлгэр шинээр ажилд ороод миний туслахаар ажиллаж байгаад засалчин болсон гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Оюундэлгэрийг 1983-1985 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Дүгэрсүрэнгийн Оюундэлгэрийг 1983-1985 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад малчнаар, 1986 оны 07 дугаар сараас 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА