Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 88

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-15 тоотод оршин суух, ПЮ61102862 регистрийн дугаартай, Эмчийнхэн овогт Аюушийн Цэнгэлжаргалын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Цэнгэлжаргал, гэрч А.Ариунаа, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Цэнгэлжаргал нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар тушаалаар Туршин нэвтрүүлэх төвд 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэхмэлчнээр ажиллаж эхэлсэн. Гэвч тус байгууллага 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот тушаалаар Тээврийн удирдах газарт шилжсэн. Улмаар Тээврийн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тушаалаар тус байгууллагад нэхмэлчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд миний 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт сүлжмэлчнээр ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Цэнгэлжаргал нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийн удирдах газарт сүлжмэлчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1876 дугаар албан бичиг,

-А.Цэнгэлжаргалын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Н.Наранхүүгийн Миний бие А.Цэнгэлжаргалтай 1990-1993 оныг дуустал Тээврийн удирдах газрын дэргэдэх сүлжмэлийн цехэд хамт ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Б.Тогтохын Миний бие А.Цэнгэлжаргалтай хамт 1990-1993 оныг дуустал Тээврийн удирдах газрын дэргэдэх сүлжмэлийн цехэд хамт ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Н.Наранхүүгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч А.Ариунаагийн шүүх хуралдаанд өгсөн  А.Цэнгэлжаргал нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийн удирдах газарт сүлжмэлчнээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-Гэрч М.Пүрэвдоржийн Туршин нэвтрүүлэх төв гэх газрыг Тээврийн удирдах газар 1990 оны 12 дугаар сарын сүүлээр хүлээж авсан. Туршин нэвтрүүлэх төвийг шилжүүлж авахад ирсэн ажилтнуудын нэг нь А.Цэнгэлжаргал юм. Тухайн үед нийт 58 ажилтан шилжиж ирж байсан. А.Цэнгэлжаргалыг хуучин ажиллаж байсан сүлжмэлийн цехэд ажиллуулсан. Улмаар А.Цэнгэлжаргал нь 1993 оны 10 сарын сүүл хүртэл ажиллаж байгаад сүлжмэлийн цехийг татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн. Би тухайн үед Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргаар ажиллаж байсан. А.Цэнгэлжаргал нь ажилдаа хариуцлагатай, цаг сайн барьдаг, ажлаа сайн хийдэг, сайшаал урамшуулал байнга авдаг ажилтнуудын нэг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

         Хүсэлт гаргагч А.Цэнгэлжаргал нь 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийн удирдах газарт сүлжмэлчнээр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас А.Цэнгэлжаргалд холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1876 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.Цэнгэлжаргалын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.Наранхүүгээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр 1990-1993 оныг дуустал Ховд аймгийн Тээврийн удирдах газарт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Н.Наранхүүгийн хөдөлмөрийн  дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

         Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн А.Цэнгэлжаргалыг 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийн удирдах газарт сүлжмэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эмчийнхэн овогт Аюушийн Цэнгэлжаргалыг 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Туршин нэвтрүүлэх төвд сүлжмэлчнээр, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Тээврийн удирдах газарт сүлжмэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА