| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/10169/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0108, 169/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,
Хохирогч Л.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1839......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Н.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт согтуугаар иргэн Л.Мтэй марган улмаар “Хюндай гресс” маркийн 35-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Л.Мг дайрч түүний биед зүүн талд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талд 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун уушигны няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, баруун талын сүүжний тогоо ацетабулын доод ирмэг дайрсан хугарал, баруун суудал яс дайрсан хугарал, зүүн хөндлөн сэртгэнд хугарал, хуйханд шарх, зүүн нүдний гадна талд сорви, нуруунд нөсөө, цус хуралт, зүүн доод зовхи, баруун гуянд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт согтуугаар “Хюндай гресс” маркийн 35-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Л.Мг дайрч түүний биед хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Хэнтий аймгийн Биндэр сум руу аав Лхамгомбынд очихоор өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 06-76 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би Хэнтий аймгийн төвөөс Цоож гэх эмэгтэйтэй явсан... Цоож эгчийг буулгаж өгчихөөд аавын гэр рүү явах замд Дэлгэрмандахын гэр нь гэрэлтэй байсан. Дэлгэрмандахынх замд ойрхон байдаг юм. Дэлгэрмандахын гэрт ороход Дэлгэрмандах унтаагүй сууж байсан. Эхнэр нь унтаж байсан. Намайг Дэлгэрмандахын гэрт очиход шөнийн 01 цаг болж байсан. Миний машин дотор 500 граммын савлагаатай 2 ширхэг пиво байсан ба Дэлгэрмандах бид хоёр уг пивийг хувааж уугаад өглөө болсон. Дэлгэрмандах нь намайг Төрөөгийнхөөс хонь ачаад авч ирж өгөөч гэж гуйсан ба би ч зөвшөөрсөн. Бид хоёр Төрөөгийн гэрт өглөө 07 цагийн орчимд очсон... Төрөө нь найз Дэлгэрмандахад 1 шил “Болор” нэртэй архи гаргаж өгсөн. Би тэр архинаас уугаагүй. Надад хийж өгч байсан ч би амсаад өгч байсан ба Төрөө, Дэлгэрмандах хоёр хувааж уусан. Ихэнх архийг нь Төрөө уугаад байсан ба Төрөө нь “машин, мотоцикль бензингүй болчихсон, Бт бензин захисан, Бынхаас бензин авч ирж өгөөч” гэж надаас гуйсан. Би зөвшөөрч Төрөө өөрийн 1 нас гарантай хүүхдийг дагуулаад Дэлгэрмандах бид нар Бын гэрт очсон. Бын гэрт 11 цагийн орчимд очсон... Бын гэрт Төрөө, Дэлгэрмандах нар орсон ба би өөрийн тээврийн хэрэгслийн гал хамгаалагчийг засчихаад Бын аав, ээжийн гэрт орсон. Дараа нь Бын гэрт ороход Б, Төрөө, Дэлгэрмандах нар нь 1 шил архи уугаад дуусчихсан, шил нь ширээн доор нь байсан. Мөн 1 шил архи талаасаа доош орчихсон тэд нар ууж байсан. Ингээд Төрөө, Б, Дэлгэрмандах нар нь Бэрх тосгон явъя гэсэн. Намайг хамт явъя гэсэн. Тэгээд бид нар Бэрх тосгонд 14 цагийн орчимд очсон. Бэрх тосгон руу Бын микро маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Б эхлээд шатахуун түгээх станцаас түлш аваад дараа нь дэлгүүрийн гадна очиж зогссон. Төрөө, Дэлгэрмандах хоёр дэлгүүр рүү орсон. Б бид хоёр дэлгүүр ороогүй. Төрөө, Дэлгэрмандах хоёр уутанд архи, чихэр, гурилан боов хийчихсэн дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд бид нар буцаж Бын гэр рүү явсан. Б тээврийн хэрэгслээ жолоодож явсан... Замд явж байхдаа Дэлгэрмандах архи задалж бид нар хувааж уусан. Би хийж өгсөн архинаас нь зарим үед ууж байсан. Замд явж байхад Б над руу манай хүргэн болох Түвшинзаяаг зэвүүн залуу байгаа юм та нарыг ална гээд дайраад байсан. Би Бт Түвшинзаяа чинь надад хамаагүй. Бид тусдаа амьдралтай хүн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Замд ууж байсан архи дууссан ба Бэрх тосгоноос хойд зүгт 10 орчим км-т байх газарт зогсож бид нар бие зассан. Би тээврийн хэрэгсэл зогсож байсан газраас зүүн талд босоогоороо бие засаж байхад Б намайг ирж тээврийн хэрэгслээрээ дайрсан. Б нь миний дээгүүр тээврийн хэрэгслээрээ дайрж гарсан. Би босож ирээд унасан... тэгээд Дэлгэрмандах, Төрөө нар нь намайг машинд суулгасан... Тэгээд би ухаан алдсан. Нэг мэдэхэд би эмнэлэгт ирчихсэн миний хөлөнд жин тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-32 тал/
2. Хохирогч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Б намайг санаатай ирж тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэж бодож байна. Учир нь Бын машинд би өөрөө зорчиж явсан. Би машинаас нь буугаад машинаас зүүн тийш явж 30 гаран метрийн зайд босоогоороо шээгэээд зогсож байхад Б нь машинаа дугуйруулж тойрч ирээд намайг мөргөсөн. Б машинтайгаа миний зогсож байсан газраар машинтай явах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд ч надтай цуг машинаас бууж бие засаж байсан хүмүүс машинд суугаагүй байсан... намайг зогсож байхад яг миний нуруу ар хэсэг рүү мөргөсөн. Намайг мөргөхгүй миний аль ч талаар машинаа гаргаж явах боломжтой байсан... Б надад 13.000.000 төгрөг эмчилгээний зардалд өгөөд байна... Би гомдолтой байна. Би цаашид дахин эмчилгээ сувилгаа хийлгэнэ. Энэ зардлыг нэхэмжилнэ. Би 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Энэрэл” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоо миний аарцаг, сүүж зэрэг төмөр бэхэлгээтэй байна. Биеийн байдал сайнгүй, зовиур ихтэй байна... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 204-206 тал /
3. Хохирогч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би босоогоороо бие засаад зогсож байсан. Би 182 см өндөртэй. Б дунгуйрч тойрч ирээд намайг мөргөсөн. Б намайг санаатай мөргөсөн байх... Тухайн үед нар жаргаж гэгээ тасарч байсан. Тэр жил цасгүй бараан байсан... Тухайн үед Б машины гэрлээ асаагаагүй байсан Бүүр харанхуй болоогүй машины гэрэл асаахааргүй орчин тойрны юмс харагдаж байсан... Биеийн байдал хүнд байна. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Б шүүх хурал болсноос хойш бүтэн жилийн хугацаанд хохирол төлбөр төлсөнгүй. Бын гар утас нь холбогдохгүй байгаа. Манай эхнэр бас ажлаа хийж чадахгүй байна. Би эрүүл саруул байвал жилдээ 11 сая төгрөг олчих байсан... Би 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөнд Б урд өгсөн 13.000.000 төгрөг хамаарахгүй... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 12-13 тал/
4. Гэр Л.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний үүрээр 04 цаг 22 минутад Баян-Адарга суманд байдаг Осгоноо ах залгасан байсан. Тэгээд ээж, аав хоёр бас залгасан байхаар нь аавын утсыг аваад ярихад “ах чинь морьноос унаад ухаангүй аймгийн эмнэлэгт очсон гэж байна. Хурдан оч” гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд манай ах болох М нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ухаан орчихсон хэвтэж байсан. Тэгээд Дэлгэрмандахаас энэ яахаараа ийм аймар болдог юм бэ? мориноос унаад ийм болох юм уу? та нар зодчихсон юм биш үү гэхэд Дэлгэрмандах “үгүй танай ах чинь мориноос унасан” гэж хэлсэн. Тэгээд би мориноос унаад арай ч ийм болохгүй. Би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь Дэлгэрмандах нь “за би юугаа нуух вэ зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд би хэнд яагаад гэсэн чинь Б ахтай Б ах зодсон гэж хэлсэн. Тэгээд манай ах сэрээд “Б намайг машинаар мөргөсөн” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... намайг аймгийн Нэгдэн эмнэлгийн мэс заслын тасгийн 3 дугаар палатанд ороход манай ах М эмнэлгийн орон дээр хэвтсэн байдалтай, биеийн байдал нь маш муу байсан. Би тухайн үед М ахаас юу болсон талаар асуухад юу ч дуугарахгүй нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаад хэсэг хугацааны дараа “Б гэх хүн намайг машинаар дайрсан” гэж хэлсэн... Б гэх хүн эмнэлгийн гадаа ирээд Мгийн сахиултай уулъя гэхээр нь би эмнэлгээс гараад Б гэх хүний машинд нь суугаад уулзахад “би танай ахыг зодоогүй, машинаар мөргөөгүй, танай ах өөрөө машинаас унасан” гэж тухайн үед хэлсэн. Тэгэхээр нь би хамт байсан Дэлгэрмандах гэх хүнээс чи манай ахыг Б гэх хүн мөргөсөн гэж хэлсэн биз дээ гэсэн чинь Дэлгэрмандах нь юу ч дуугараагүй. Тэгэхээр нь би та нар ингэж болхгүй. Та нараас болж миний ах эрүүл мэндээрээ хохирлоо. Одоо яах юм бэ? гэсэн чинь Б гэх хүн “ чи намайг цагдаад өгөөд юу олж авах юм бэ? Эндээ ингээд тохиръё” ухааны юм ярихаар нь би тийм юм байхгүй ээ цагдаагаар шийдүүлнэ гээд цагдаагийн газарт ирсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 тал/
5. Гэрч Ч.Дэлгэрмандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... анх Батцогт, М ах бид нар Б ахын аав, ээжийнх нь гэрт орсон. Б ахын аав ээжийн гэрт ороод хэсэг сууж цай уусан. Б ахын гэрт 10 цаг өнгөрч байхад очсон. Б ах Батцогт бид хоёрыг манайхаар ор миний гэр гэж тусдаа байдаг юм. Ах нь ингэж амьдардаг шүү дээ гэж хэлж байсан. М ах Б ахын аав, ээж хоёртой юм яриад сууж байсан. Батцогт бид хоёр Б ахын гэрт орсон. Б ах экс нэртэй 750 граммын 1 шил архи гаргаж өгсөн. Б ах бид гурав хувааж уусан. Би бол нилээн согтсон байсан. 750 граммын архи талаасаа доош өнгөрч байсан. Б ах Мг дууд гэж хэлсэн. Би М ахыг дуудсан. М ах гаднаас орж ирсэн. Б ах архийг тойруулж аягалж өгч байсан ба М ахад мөнгөн аягаар архи хийж өгсөн. М ах архийг уусан, уугаагүйг сайн мэдэхгүй байна... намайг М ахыг дуудах үед М ах нь Б ахын аавж ээжийн гэрт настай хүмүүстэй юм яриад сууж байсан... тухайн үед би согтсон байсан. Б ах, М ах хоёр машин урд талын суудал дээр сууж явсан. Би архи авахаар Бэрх тосгон явлаа гэж ойлгосон. Бэрх тосгонд очоод дэлгүүрээс 4 шил архи авсан. Архи аваад машинд суучихсан байхад Б ах надад 20.000 төгрөг өгөөд 500 граммын линтонтой пиво 1 ширхэгийг авахуулсан... дэлгүүрт байхад М ах ардаас орж ирсэн ба Бын аав ээжид хоосон очиж болохгүй гээд юм авч байсан. Юу авсныг нь мэдэхгүй байна. Б ах дэлгүүрт орж ирээгүй. Бэрх тосгоноос 16 цаг өнгөрч байхад гарсан байх. Цагийг нь андуурсан байх магадгүй ямар ч байсан гадаа нартай байсан. Бэрх тосгоны төвд архи уугаагүй. Бэрх тосгоноос гараад зүүн хойд зүгт явсан. Явж байхдаа архи ууж явсан. Би Батцогт хамт арын суудал дээр сууж явсан. Б ах машинаа бариад М ах хажууд нь суугаад явсан. Замд 2 шил архи уусан. Би бүх хүнд л архи хундаглаж өгсөн ба тэд бүгд л хундагатай архийг аваад буцааж өгөөд байсан. Батцогт бид хоёр хоёр шил архийг хувааж ууна гэж байхгүй. Тэгэхээр М Бэхбатаар ах хоёр архи хувааж уусан байх гэж бодож байна. Замд явж байхад М, Б ах хоёр маргалдаад байх шиг байсан. Замд хоёр удаа зогссон. Эхний удаа зогсоход бүгд гарч бие зассан. Тэгээд М ахыг арын суудал дээрд суулгаад би жолоочийн ард талын суудалд суусан. М ах ард суусан ч Б ах М ах хоёр маргалдаад байсан. Хэсэг явж байгаад дахиад зогссон. Тэгээд бид нар бууж бие зассан. Б ах М ахыг заамдаж авсан. Би харсан учраас салгасан. Тэгээд М ах машинд суухгүй гээд машин зогсож байсан газраас зүүн зүгт алхаад явсан. Машин хойд зүгт хараад зогсож байсан. Би М ахаа гээд дуудаад араас нь алхсан. Б ах машинаа асааж яваад миний хажуугаар гараад М ахын хажууд очоод зүүн урагш хараад зогссон. Би Б ахыг М ахын хажууд нь зогсож байна гэж бодоод гүйгээд очиход М ах машины арын 2 дугуйны хооронд дээшээ хараад хэвтэж байсан. М ах намайг таниад ково гээд байсан. Намайг хүмүүс ково гэж дууддаг юм. М ахыг машин доороос татаж гаргаж ирээд машинд суулгасан. Б ах “одоо яах вэ” гээд байсан. Би Б ахад уурлаад та хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар Хэнтий аймгийн эмнэлэгт ирсэн. Б эмнэлэгт түрүүлж ороод М ахыг мориноос унасан хүн ирлээ гэж хэлсэн... Б ах эмнэлгийн гадаа ирж зогсоод “М миний хөгшин мориноос унасан шүү, тийм биздээ” гэсэн. М ах тийм ээ гэж байсан. Батцогт бид хоёрт бас М мориноос унасан шүү гэж хэлсэн. Анх мориноос унасан гэх санааг Б ах гаргасан. М ах мөргүүлэхдээ анх тээврийн хэрэгсэл зогссон газраас нилээн зайтай явсан байсан. Гэхдээ харагдаж байсан... би согтуу байсан болохоор юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна... гэр бүлийн маргаантай юм уу л гэж ойлгосон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-43 тал/
6. Гэрч Э.Батцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг “Цагаан-Өндөр” гэх газарт хөдөө гэртээ байж байтал 09 цаг өнгөрч байхад манай нутгийн ах болох Дэлгэрмандах, М ах хоёр ирсэн. Тэгээд би тэр хоёрыг ирлээ гээд гэрт байсан 1 шил архиа гаргаад Дэлгэрмандах бид хоёр хувааж уусан. М ахыг машин барьж байгаа гээд архи өгөөгүй. Тэгээд байж байтал манай нутгийн таньдаг ах болох Б гэх ах залгаад захисан 20 литр бензинийг гэртээ аваад ирсэн шүү гэж хэлэхээр нь би М ахыг машинтай явж байгаа болохоор нь гуйгаад Б ахын гэр рүү явсан. Б ахын гэр манай хөдөө гэрээс баруун урд зүгт 10 гаран км зайд байдаг. Тэгээд М ах, Дэлгэрмандах, манай бага насны охин бид дөрөв М ахын машинтай Б ахынд очиход Б ах гэртээ хөгшин настай аав, ээж хоёртойгоо байж байсан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал Б ах бид нарт 1 шил архи гаргаж өгөөд тэр архийг нь Дэлгэрмандах бид хоёр голдуу уугаад М ах нэг их уухгүй, Б ах аав, ээж хоёрынхоо хажууд байгаа гээд уухгүй байсан. Тэгээд Б ах Бэрх тосгон орж машиндаа бензин авна гэхээр нь бид нар цуг явъя гээд М ах, Дэлгэрмандах, манай охин, Б ах бид тав Бэрх тосгон руу Б ахын эзэмшлийн микро маркийн автомашинтай явсан. Би Бэрх тосгон явах замдаа архи их уусан болохоор ухаан санаа орж гараад нэг мэдэхэд Бэрх тосгонд очсон байдалтай, Б ах машиндаа колонкоос бензин аваад зогсож байсан. Тэгээд бид нар дэлгүүрийн гадна зогсоод дэлгүүрээс ойр зуурын юм болон архи авсан. Яг хэдэн шил архи авсныг би мэдэхгүй... Тэгээд би машинд нэг сэрэхэд Б ах, М ах хоёр хоорондоо маргалдаад байгаа юм шиг харагдаж байсан. Б ах хөдөө хээр зогссон. Тэгээд бид нар машинаас буугаад гадаа зогсож байтал М ах ганцаараа бид нараас зайдуу алхаж байхаар нь би М ахаа нааш ирээ, харанхуйд хаачих гэж байгаа юм гээд хэлсэн чинь М ах миний хэлэхийг сонсоогүй байдалтай цааш алхаж байтал Б ах гэнэт машинаа асаагаад М ахын араас хөдлөөд яваад өгөхөөр нь би тухайн үед М ахыг очиж авах гэж байна даа гэж бодсон. Гэтэл Б ах удалгүй ойролцоогоор 100 гаран метр яваад зогсохоор нь Дэлгэрмандах бид хоёр араас нь аажуухан алхаад Дэлгэрмандах миний урд түрүүлээд би араас нь удаан алхаж байсан чинь Дэлгэрмандах Б ахын машин дээр түрүүлж очоод намайг дуудсан. Тэгэхээр нь би гайхаад гүйгээд очтол М ах Б ахын машины хойд хоёр дугуйны ойролцоо хэвтэж байхаар нь Б ах, Дэлгэрмандах бид гурав татаж гаргаад М ахыг машинд суулгаад явсан. Тэгээд би машинд суугаад их согтуу байсан болохоор яг хаашаа явж байгааг анзаараагүй. Нэг мэдэхэд Нэгдсэн эмнэлгийн гадаа ирсэн байсан... Б ахын машин руу очих үед бодит байдал дээр М ах Б ахын машинд мөргүүлсэн байдалтай байсан... би хүүхэдтэйгээ арын суудал дээр сууж явсан. Дэлгэрмандах миний хажууд сууж явсан. Б ах тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Жолоочийн хажуу талын суудалд М ах сууж явсан. Б ах М ах хоёр маргалдаад байхаар нь Дэлгэрмандах М ах хоёр суудлаа сольж байсан... Бэрх тосгоноос хойш нилээд явж байгаад зогссон. Яагаад зогссон гэдгийг нь мэдэхгүй байна. Бид нар бүгд машинаас буусан. М, Б ах хоёр маргалдаад байсан. Би 2 настай хүүхэдтэйгээ явсан ба хүүхэд уйлаад байсан. Би хүүхдээ авч байсан. Нэг харахад М ах машин зогсож байсан газраас зүүн зүгт явган ганцаараа алхаж байсан. Араас нь Дэлгэрмандах алхаж байсан. Би араас нь хүүхдээ дагуулаад явж байтал Б машиндаа суугаад машинаа асаагаад миний хажуугаар өнгөрөөд, М ахын чигтээ явж очоод зогсож байсан... М ахын дайруулсан газар нь эрүүл хөдөө өвстэй хээр газар байсан... эмнэлгийн гадаа ирээд Б эхэлж эмнэлэгт орсон. Бэхбатаар эмнэлгээс гарч ирээд машиндаа суугаад М мориноос унасан шүү гээд дарамталж загнаж байгаа шинжтэй бид нарт хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-50 тал/
7. Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн алдад Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр баг хөх дов гэх газар хөдөө гэртээ байж байтал манайд Төрөө, Шарка /Дэлгэрмандах/ хоёр нэг хүнтэй хамт ирсэн. Тэр цуг ирсэн хүнийг нь би сайн танихгүй. Тэр гурав ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Архи үнэртэж байсан. Тэгэд би тэр гуравт нэг шил архи задалж өгөөд тухайн архийг тэр гурав хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй ээ. Тэгээд бид дөрөв Бэрх орж бензин болон бусад ойр зуурын юм авах санаатай миний эзэмшлийн 35-93 ХЭА улсын дугаартай микор маркийн тээврийн хэрэгсэлээр би жолоодоод Бэрх тосгон орсон. Бэрх тосгонд ороод колонкийн хажуу талын дэлгүүрээс нөгөө гурав ороод хүнсний зүйл болон 2-3 шил архи авсан байсан. Би яг хэдэн шил архи авсан болохыг сайн анзаарч хараагүй ээ. Тэгээд бид дөрөв Бэрх тосгоноос хойш гараад 10 гаруй км яваад нөгөө хэд нэг шил архиа задлая гээд зогссон. Тэгээд машиндаа нэг шил архиа тэр гурав хувааж уугаад надад ганц нэг хийж өгөхөд нь би амсаад эргүүлээд өгөөд байсан. Тэгээд эхний нэг шил архиа ууж дуусаад дараагийн нэг шил архиа задлаад ууж эхэлсэн. Тэр архинаас мөн л надад хийж өгөх үед нь би амсаад эргүүлж өгөөд тэр гурав хувааж ууж эхэлсэн. Тэгээд буцаж хөдлөөд 10 гаруй км яваад шээхээр зогсоод бүгд машинаас буусан. Тэгээд гадаа Төрөө, Шарка /Дэлгэрмандах/ хоёр зогсож байтал нөгөө миний танихгүй залуу ганцаараа өөр тийшээ алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би гайхаад нөгөө хоёрыг үлдээчээд араас нь авах гээд машинтайгаа очтол нөгөө залуу юу хийхийн зуургүй миний машины урдуур ороод ирэхээр нь би зогсож амжилгүй нөгөө залууг машиныхаа буруу талын урд гуперээр мөргөсөн. Тэгээд нөгөө залуу газар унасан. Тэгээд нөгөө залуу босч чадахгүй болоод нөгөө хоёрыгоо дуудаад машинд суулгаад шууд Хэнтий аймаг руу аваад явсан. Тэгээд шөнө аймгийн эмнэлэгт ирээд шууд хэвтүүлсэн... Би сандарсандаа тэр залууг морьноос унасан гэж хэлсэн. Би тухайн үед худлаа хэлье гэж бодоогүй хоромхон зуур шоконд орж сандарсандаа морьноос унасан гэж хэлсэн... Би тэр залуутай хэрүүл маргаан үүсгэж зодолдсон асуудал юу ч болоогүй... нөгөө гурав нилээн согтолттой байсан. Би харин эрүүл байсан. Тэр гурвын хийж өгсөн архийг амсаад л өгөөд байсан. Гүйцэт аваад амруугаа хийсэн асуудал байхгүй... Яг тэгж маргалдсан асуудал байхгүй. Тэр хоёр архи их уусан байсан болохоор М бид хоёрыг юм ярьж байхыг маргалдаж байна гэж бодсон байх. Бид хоёр уг нь хөгшин настай хүмүүсээ болон хуучны дурсамжуудаа ярьж байсан. Тэрийг л маргалдсан гэж ойлгосон байж магадгүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №82 дугаартай: “...
1. Л.Мгийн биед зүүн талд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, баруун талд 3, 4, 5 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун уушигны няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, баруун талын сүүжний тогоо ацетабулын доод ирмэг дайрсан хугарал, баруун суудал яс дайрсан хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, ууц ташааны үе дайран доош үргэлжилсэн хугарал, умдаг ясны салалт, бүсэлхийн 5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, хуйханд шарх, зүүн нүдний гадна талд сорви, нуруунд нөсөө, цус хуралт, зүүн доод зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15, 3.6.1-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 68-69 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал 20.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүх хуралдааны явцад хохирогч, шүүгдэгч нар нь эвлэрэн хэлэлцэж “...Н.Б миний бие хохирогч Л.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд өнөөдрийн байдлаар нийт 16 сая төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардалд Л.Мгийн нэхэмжилсэн 20 сая төгрөгийг 2021 оны 01 сараас 03 сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгахаар Л.Мтэй сайн дураар эвлэрэн хэлэлцэв... Л.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг баталж гарын үсэг зурсан болно. Хэрэв 20 сая төгрөгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Б өөрийн эзэмшлийн орон сууц /Хэнтий аймаг Хэрлэн сум Т-172 байр 05 тоот/ төлбөрт өгөхөд татгалзах зүйлгүй, хохирол төлбөр төлөх, эвлэрсэн дээрх байдлыг /нөхцлийг/ Н.Б хохирогч Л.М нар сайн дураараа зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно... ” гэсэн нотариатаар баталгаажуулсан баримтыг гаргаж өгсөн бөгөөд тэдний харилцан тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул тохиролцсоных нь дагуу буюу шүүгдэгч Н.Баас 20.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, заримыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-93 ХЭА улсын дугаартай HYUNDAI grace маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай тогтоол, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолын “...28 толгой адуу битүүмжилсэн...” хэсгийг тус тус шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолын “...30 толгой үхэр, 200 толгой хонь, 100 толгой ямааг битүүмжилсэн...” хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгчийн 59448 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 278.000 төгрөг төлөхөөр буюу 3 жилийн дотор хэсэгчлэн төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Л.Мд 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 01-ний хооронд төлж барагдуулах үүргийг шүүгдэгч Н.Бт хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан HYUNDAI grace маркийн 35-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай тогтоол, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолын “...28 толгой адуу битүүмжилсэн...” хэсгийг тус тус шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дугаартай тогтоолын “...30 толгой үхэр, 200 толгой хонь, 100 толгой ямааг битүүмжилсэн...” хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй үгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй ба шүүгдэгчийн 59448 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ