Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Луус суманд 1961 оны 11 сарын 08-нд төрсөн, 55 настай, дээд боловсролтой, санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй, Дундговь  аймгийн Санхүү хяналт, аудитын албанд санхүү, хяналт шалтгалтын улсын байцаагч ажилтай, Дундговь  аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг 9-3 тоотод оршин суух Онгон овогт Балжиннямын Баярсайханы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 25-ны өдөр 139/2017/00043/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн. Энэ жил 55 нас хүрч байна.  Улсад 35 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын “Бараа хангамжийн хэлтэс”-т барааны няраваар 1988 оны 09 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 01-нийг хүртэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д ахлах нягтлан бодогчоор 1989 оны 08 сарын 01-нээс 1990 оны 02 сарын 01-н хүртэл ажилласан. Тухайн үеийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, мөн холбогдох баримт нь аймгийн архивт байхгүй тул хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, тухайн үеийн цалин хөлс, ээлжийн амралтын хуваарь зэргийг баталсан тушаал шийдвэрийг үндэслэн Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын “Бараа хангамжийн хэлтэс”-т барааны няраваар 1988 оны 09 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 01-нийг хүртэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Худалдаа бэлтгэлийн анги”-д ахлах нягтлан бодогчоор 1989 оны 08 сарын 01-нээс 1990 оны 02 сарын 01-н хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Б.Баярсайхан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Б.Баярсайхан нь Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бараа хангамжийн хэлтэст 1988 оны 09 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 01-н хүртэл барааны няраваар ажиллаж байсан болох нь:  

           Б.Баярсайханы №048978 дугаартай, Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газраас 1983 оны 12 сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны 10 сарын 13-ны өдрийн 98 дугаартай “Зарим ажилчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

           Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 02 сарын 21-ний өдрийн 08 дугаартай “Ажилчдын 1989 оны амралтын хуваарийг батлах тухай” тушаал, хавсралтын хуулбар,

           Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 03 сарын 04-ний өдрийн 12 дугаартай “Цэвэр орлогын 1000 төгрөгт ноогдох үнэлгээ тогтоох тухай” тушаал, хавсралтын хуулбар,

           Гэрч  Б.Аръяагийн “...Б.Баярсайхан 1988 оны 9 сарын 14-нөөс Худалдаа бэлтгэлийн ангийн удирдах газрын харъяа бөөний бараа баазад няраваар орж ажиллаж байсан. Бөөний бараа баазад няраваар 11 сар ажиллуулаад дараа нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор томилж ажиллуулсан. Яг хэдэн оны хэдэн сард томилж ажиллуулж байсан талаар мэдэхгүй байна. Удирдах газрын орлогч бол хүнээ танидаг, боловсон хүчний хөдөлгөөнийг хариуцдаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Оюундуламын “...Б.Баярсайхан 1988 оны намраас Худалдаа бэлтгэлийн ангийн удирдах газрын харъяа бөөний бараа баазад няраваар орж ажиллаж байсан. Бөөний бараа баазад няраваар 1989 оны 8 сар хүртэл ажиллаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор шилжиж явсан. Удирдах газар системийн санхүүгийн асуудлыг бүгдийг хариуцдаг байсан. Б.Баярсайханаас санхүүгийн тайлан бланс авч, мэдээ тайлан гаргадаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Эрдэнэбаатарын “...Б.Баярсайхан Худалдаа бэлтгэлийн ангийн удирдах газрын харъяа “Бараа хангамжийн хэлтс”-ийн бөөний бараа баазад няраваар ажиллаж байсан. 1988 оны 9 сараас 1989 оны 8 сар хүртэл ажилласан. Би Худалдаа бэлтгэлийн ангийн удирдах газарт байцаагч нягтлан бодогчоор 1983-1990 он хүртэл ажилласан. Миний ажил санхүүгийхэнд хяналт шалгалт хийдэг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Баярсайхан нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 08 сарын 01-нээс 1990 оны 02 сарын 01-н хүртэл ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь: 

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 08/609 тоот албан бичиг,

Б.Баярсайханы №048978 дугаартай, Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газраас 1983 оны 12 сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Дундговь аймгийн  Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 08 сарын 08-ны өдрийн 69 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

Гэрч Ц.Ганцэцэгийн “...1989 оны 8 сараас Б.Баярсайхан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлангаар ажилд орж 1990 оны 2 сарыг хүртэл ахлах нягтлангаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлсэн. 1993 онд Б.Баярсайхан буцаж ажилдаа орон, гаран ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаас гарсан талаар нь мэдэхгүй. Би 1988 оны 9 сараас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажилд орсон. 1994 он хүртэл ажиллаад анги тарахад би ажлаас гарсан юм. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Долгорцэрэнгийн “...Б.Баярсайхан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлангаар 1989 оны зун орж байсан. 1990 он хүртэл ахлах нягтлангаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд ажлаас гарсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986-1994 он хүртэл хүнсний няраваар ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч С.Цэгмидийн “...Б.Баярсайхан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оноос 1990 он хүртэл ахлах нягтлангаар ажиллаж байсан. Ажилд орж, гарсан сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би 1980-1994 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Онгон овогт Балжиннямын Баярсайхан /ЗЮ61110808/-ны Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бараа хангамжийн хэлтэст 1988 оны 09 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 01-н хүртэл барааны няраваар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 08 сарын 01-нээс 1990 оны 02 сарын 01-н хүртэл ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ