Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/¬¬¬¬112

 

2020 оны 07 дугаар сарын 28                              Дугаар 2020/ШЦТ/­­­­112                                            Ханбогд сум

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч С.Б,

Шүүгдэгч И.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Содномын Баяссах, Дэлэг овогт Ичинхорлоогийн Г нарт холбогдох 2029000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нямбаярын эзэмшлийн “Даювуу PC70C1” pgu.gjsy 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийг устгаж, гэмтээсний улмаас 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 31-нд Одмичид манайд ирсэн. Манай найз ирсэн байгаа ирж танилц гэсэн. Тэгээд 2 шил архи уугаад жоохон маргалдаад байхаар нь би энэ хоёрыг салгах гээд орсон чинь Гыг цохисон. Тэгээд намайг буу гээд би гадаа гараад сууж байсан чинь Г гарч ирээд шилийг нь хагалсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар  сарын 31-ны өдөр архи уусан. Одмичид бид хоёрын найз. Миний найз ирчихсэн байгаа. Та хоёр очиж танилц гэсэн. Яваад очиход машин байсан. Бид 3 архи уугаад байж байхад жолооч дахиад нэг архи авчирч ууж байгаад согтоцгоосон. Би хувьдаа уул уурхай, машинтай та хоёр арчаагүй амьдарч байна гээд маргалдаан үүсээд намайг цохиж авсан. Тэгээд Баяраа бид хоёрыг машинаасаа өшиглөөд унгасан. Би уурандаа шил арчигчийг нь сугалж аваад цохиж, Баяраа чулуугаар цохисон” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-21-р хуудаст/

Хохирогч Ц.Нямбаярын: “...2020 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 10 цагийн үед манай найз 2 танихгүй хүнтэй ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад бид нар архи уусан. Тэгэхэд манай найз хүнтэй уулзана гээд яваад өгсөн тэгэхээр нь би нөгөө 2 хүнтэй нь архи уугаад дуусахаар нь дахиж нэг архи авч уугаад 2 дахь шил архи дуусахад Баяраа нь виза карт гаргаж ирээд надад мөнгө байгаа нэг шил архи дахиад авъя гэхэд хажууд байгаа хүн нь Баярааг чи яагаад мөнгөтэй байгаа юм би мөнгөгүй явж байхад гэж хэлээд тэр 2 хоорондоо виза карт булаацалдаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би машинаас буу гэж хэлээд тэр 2 машинаас буугаад зодолдсон тэгэхээр нь би салгатал тэр 2 над руу дайраад цохихоор нь би зугтаагаад машин руугаа ороод хаалгаа түгжтэл тэр 2 миний машины шил, толь гэрлийг хагалсан...хагалсан эд зүйл гэвэл урд салхины шил 1 ширхэг, хоёр хаалганы босоо шилнүүд 2 ширхэг, хоёр мх гэрэл, дохионы 2 шар гэрэл, хоёр талын тольнууд 4 ширхэг, миний шил арчигчийг хугалж аваад шил арчигчаар цохиж хагалсан...миний машины хагалсан эд зүйлүүдийг үнэлгээний дагуу бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-н 25-30-р хуудаст/

Гэрч Б.Одмичидын: “...Г, Б хоёрыг тэнд Нямбаярын машинд үлдээгээд сумын төврүү яваад хэлэн цагийн дараа буцаад очиход Нямбаярын машины кабины шилнүүд нь бүгд хагарчихсан бас толь зэрэг зүйлүүд хагарсан байсан...намайг анх машин дээр очиход шил, толь бүрэн бүтэн байсан. Нямбаяраас асуухад Г, Б 2 эвдсэн, чулуу шидсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудаст/

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Хас” үнэлгээний ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний №160 дугаартай “...1997 онд үйлдвэрлэгдсэн “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн нийт үнэлгээ 1,670,000 төгрөгийн үнэлгээ” гэх дүгнэлт /хх-н 40-41-р хуудаст/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаартай дүгнэлт”...Ц.Нямбарын биед зүүн нүдний дээд зовхины хөхрөлт, зүүн гарын шууны дотор талд зулгаралт үүссэн гэмтэл учирсан байна. Ц.Нямбаярын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр , тухайн хэргийн болсон үед үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Ц.Нямбаярын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй учир гэмтлийн зэрэгт хамаархгүй” гэх дүгнэлт /хх-н 44-р хуудаст/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаартай дүгнэлт”...И.Гын биед зүүн нүдний зөөлөн эд, зовхи, доод уруул, зүүн гарын бугалга цээж, хэвлий, өвдөгний үений зөөлөн эдийн няцралт, зовхи, доод уруулын дотор тал, зүүн өвдөгөнд шалбаралт үүссэн гэмтлүүдтэй байна.

И.Гын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр тухайн хэргийн болсон үед үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. И.Гын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-н 47-р хуудаст/

Яллагдагч С.Бын: “...Нямбаяр, Г бид хоёрыг нутагтаа байгаа хулгайчууд ийм байдаггүй гэж хэлсэн. тэгээд Г, Нямбаяр хоёр бага зэрэг маргалдаж байсан тэгсэн Нямбаяр Гын нүүрлүү цохиод авсан тэгээд би салгах гэсэн чинь Нямбаяр машинаас буу гээд намайг тийрсэн тэгээд би буучихсан тэгсэн араас Ганбатаар нөгөө хаалгаар буусан тэгээд Г шил арчигчийг нь салгаж аваад салхины шилийг нь хагалсан тэгэхээр нь би газраас чулуу аваад Нямбаярын салхины шил болон хаалганы шилийг хагалсан тэр үед Нямбаяр хаалгаа цоожилчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 58-61-р хуудаст/

Яллагдагч И.Ганбатарын: “...архи дуусахын алдад Нямбаяр та хоёр ийм уул уурхайтай гаазр амьдарч байж хувьдаа машин тэрэггүй арчаагүй юм бэ гэсэн. Тэгээд тэрнээс болоод бага зэрэг маргалдсан тэгсэн Нямбаяр миний нүүрлүү цохиод авсан тэгэхээр нь би буцаагаад нээх их хөдөлж чадаагүй тэгээд Нямбаяр намайг өшиглөөд би машинаас унасан. Тэгээд би яасан дээрэлхүү муу новш вэ буугаад ир гэсэн чинь хаалгаа цоожилчихсон. Тэгэхээр нь би машины шил арчигчийг нь сугалж аваад салхины шилийг нь буугаад ир гээд цохисон чинь шил нь хагарчихсан тэгсэн Б бас яасан дээрэлхүү юм бэ гээд бас газраас чулуу аваад салхины шил хаалганы хажуу шилийг нь хагалссамн” гэх мэдүүлэг /хх-н 63-66-р хуудаст/

Шүүгдэгч И.Гын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 67-70-р хуудаст/,

И.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 71-р хуудаст/

И.Гын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 73-90-р хуудаст/,

Шүүгдэгч С.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 100-102, 125-131-р хуудаст/,

С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 13-р хуудаст/

С.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 105-114-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч И.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нямбаярын эзэмшлийн “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийг устгаж, гэмтээсний улмаас 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ц.Нямбаярийн эзэмшлийн “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил 1 ширхэг, хоёр хаалганы босоо шилнүүд 2 ширхэг, хоёр мх гэрэл, дохионы 2 шар гэрэл, хоёр талын 4 ширхэг тольнуудыг гараараа болон чулуугаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх, хүний эрх, эрх чөлөөнд нь халдаж эд хөрөнгөд нь санаатай хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Шүүгдэгч И.Г, С.Б нарын үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч И.Г, С.Б нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээх хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Хас” үнэлгээний ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний №160 дугаартай “...1997 онд үйлдвэрлэгдсэн “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн нийт үнэлгээ 1,670,000 төгрөгийн үнэлгээ” гэх дүгнэлт /хх-н 40-41-р хуудаст/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Ганбатар, С.Б нар нь хохирогч Ц.Нямбаярын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрт 1.670.000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-н 117, 139 дугаар/ байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирогч Ц.Нямбаярын эзэмшлийн  “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1.670.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасны дагуу дээрхи гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч И.Г, С.Б нар нь өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Нямбаярын эзэмшлийн  “Даювуу PC70C1” 64-39 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1.670.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул тэдний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч И.Ганбатар, С.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Г, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.