Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 90

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух, ПГ59012718 регистрийн дугаартай, Олхонууд овогт Цэдэнгийн Цэндсүрэнгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978-1986 он хүртэл худалдагч, 1986-1987 он дуустал Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн номын санчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч 1978-1986 он хүртэл худалдагч, 1986-1987 онуудад номын санчаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1978-1985 он дуустал Ховд аймгийн Дарви суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар ажиллаж ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн нь 1978-1985 он дуустал Ховд аймгийн Дарви суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1910 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар,

- Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар,

-Сутайн олхонууд номны 57, 58 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1979 оны бараа үйлчилгээний жилийн эцсийн мэдээ,

-Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн зарлагын падаанууд,

-Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1985 оны цалингийн хүснэгт,

-Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1983 оны 1 дүгээр улирлын бараа борлуулалтын мэдээ,

-Гэрч Б.Сонинцэцэгийн Ц.Цэндсүрэн нь 1978-1985 оныг дуустал Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Бүс барааны худалдагчаар ажиллаж байсан. Ц.Цэндсүрэн нь худалдаа бэлтгэлийн ангийн 5, 6 дугаар жилийн гавшгайч, аймгийн аварга худалдагч болж байсан. Бид худалдаа бэлтгэлийн ангид 1978-1985 оныг дуустал тасралтгүй хамт ажилласан гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Цэрэндоржийн Ц.Цэндсүрэн нь 1978-1986 он хүртэл Ховд аймгийн Дарви сумын Худалдаа бэлтгэл ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсан. 1986-1987 онд Ховд аймгийн Дарви суманд номын санчаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Дарви сумын мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэнг 1978-1985 он дуустал Ховд аймгийн Дарви суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Цэдэнгийн Цэндсүрэнг 1978-1985 он дуустал Ховд аймгийн Дарви суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1986-1987 он дуустал Ховд аймгийн Сутайн хөнгжил нэгдэлд номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА