Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн 1925007690483 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Д нь иргэн С.О хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдмин” ХХК-наас хар тугалга их хэмжээгээр худалдан авч ашгаа хуваах нэрийдлээр 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 200 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Д-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ “Алтангэрэл гэдэг хүн анх надад санал тавиад би С.О-тай ярьсан. Бусдыг залилах санаа байгаагүй. Бусдын мөнгийг авсан нь үнэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хохирогч С.О “Шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хохирол төлбөрийг минь гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Огийн ...“Т.Д гэдэг эмэгтэй надад зэс, гууль өгч байгаад таньдаг болсон. Тэгээд сүүлийн жилүүдэд огт харилцаагүй байж байгаад 2019 оны 05 сарын 27-ны өдөр “Эрдмин” үйлдвэрээс их хэмжээний хар тугалга, зэс авахаар боллоо. 100-аас 150 сая төгрөг хэрэгтэй байна. Мөн тугалгын үйлдвэрийн тусгай зөвшөөрөл хөөцөлдөж аваад хүрээд ир хоёулаа энийг авч ашигаа хуваая гэж хэлхээр нь надад мөнгө байхгүй банкнаас хадгаламж барьцаалсан зээл авна, наадах ажил чинь яг бүтнэ гэвэл би зээл авая гэж хэлсэн. Тэгээд өдөрт байнга надруу залгаж банкны зээлээ авчихаа, мөн зээлийн хүү, мөнгөний шимтгэл, унаа зардал, энд байрлах зардлуудыг чинь би даана гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 сарын 28-ний өдөр залгаад зэс гууль гаргах “Эрдмин” үйлдвэрийн захиралд урьдчилгаа мөнгө 10 сая төгрөг өгөх шаардлагатай байна гэхээр нь би зээлээ хөөцөлдөж явж байна гэж хэлсэн. Тэгсэн бүр шавдуулаад яаралтай хэрэгтэй байна гээд утасдаад байхаар нь танил дүү Лууяа гэх залгуугаас мөнгө зээлээд 3 200 000 төгрөгийг Т.Дгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд зээлээ хөөцөлдөж байгаад 75 сая төгрөг банкнаас аваад тэр өдрөө Эрдэнэт хотод явж очсон. Тэгэхэд Т.Д намайг тосож аваад үнэтэй буудалд оруулж миний хажууд Эрдминий үйлдвэрийн захирал Баатар, Энхбаяр гэх хүмүүстэй ярьж байгаа дүр эсгэж намайг хуурч мэхэлж үнэтэй буудалд 4 хонуулсан. Энэ хооронд зэс, тугалга үйлдвэрээсээ гаргаж өгнө гэж байсан Энхбүрэн гэх залуугаа Эрдминий үйлдвэрийн дарга Э даргынхаа тайлан тооцоог хийж өгөөд Энхбаяр даргаас зөвшөөрлийн бичгээ аваад тугалга, зэсээ үйлдвэрээс гаргаж ачуулна гэж миний хажууд олон хоног үнэмшилтэй ярьж байсан. Тэгээд 6 сарын 07-ны өдөр Т.Д надад хандан нөгөө ажил маань хэд хоногоос бүтнэ гэнээ чи харьчихаад ир гэж хэлсэн. Тэгсэнээ чи надад 1 сая төгрөг зээлчих би зээл төлөх гээд байгаа юм гээд гуйгаад байхаар нь би Т.Д эгчийн хүү Т.Т-тын дансанд шилжүүлсэн. Тэгээд 6 сарын 07-оос хойш үргэлжлүүлэн утасны цаанаас нөгөө дарга маань хүлээж бай гээд байна, чи энд ирээд дэмий хүлээхийн нэмэр намайг дуудахаар ир гээд надад утсаар худлаа хэлсээр байсан. Тэгээд 6 сарын 26-ний өдөр би тэр зэс гаргах гэж байгаа залуугынхаа утсыг надад өгөөч гэж хэлэхэд надад тэр хүнийхээ утсыг өгөхгүй мессежээр худлаа ярьсаар л байсан. Тэгээд би “Эрдмин” үйлдвэрийн даргыг судалсаар байгаад утсыг нь олж аваад Э-рын / 99351154 / гэсэн утсаар холбогдож танай үйлдвэрээс зэс, тугалга гаргах гэж байсан уу? Мөн Т.Д гэх эмэгтэй зэс, тугалгын тусгай зөвшөөрөл өгсөн үү гэж асуухад тийм тусгай зөвшөөрөл би хараагүй, манайхаас зэс, тугалга огт гардаггүй бид тийм юм зардаггүй наад хүн чинь таныг залилсан байна. Наад асуудлаараа цагдаад ханд гэж хэлсэн. Тэгээд би Т.Д гэх эмэгтэйд залилуулсан гэдгээ ойлгосон. Тэгээд нөгөө Т.Д гэх эмэгтэй маань 2019 оны 08 сараас хойш утсаа салгаад алга болсон. Би Т.Д-гийн дансанд 4 200 000 төгрөг шилжүүлсэн. Банкнаас зээл авахад бэлэн мөнгөний шимтгэл гэж банк 750 000 төгрөг суутгасан. Мөн буудал болон унааны зардал хоол ундны мөнгийг даана гэж ярьсан болохоор Эрдэнэт зарцуулсан 300 000 төгрөг, зээлийн хүү 250 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг нэхэмжилж байна ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-10-р хуудас/

2.  Гэрч Д.А-лийн ...“2019 оны 05 сарын эхээр байх, би он сар өдрийн сайн санахгүй байна. Би Орхон аймгийн Баян-өндөр сум Уртын гол багт үйл ажиллагаа явуулдаг Баясгалан гэдэг дэлгүүр дээр очиж Т.Д гэдэг эмэгтэйтэй уулзсан. Т.Д нь дахин боловсруулдаг түүхий эд худалдаж авдаг учраас уулзсан юм. “Эрдмин” үйлдвэрээс анод гэдэг нэртэй хар тугалган хавтан актлагдаж байгаа гэж хүмүүс яриад байна гэж хэлсэн. Би хөөцөлдөөд ачвал та авах уу гэж хэлсэн. Тэгээд заавал тусгай зөвшөөрөлтэй компани авдаг юм байна. Надад тусгай зөвшөөрөлтэй компани байхгүй байна. Та олж чадах уу гэж асуусан чинь Т.Д гэдэг эмэгтэй би сураглаад үзэе гэж хэлээд хэр хэмжээтэй байгаа юм бол гэж хэлсэн. Би тэгэхээр нь 20 тонн контнерт хураасан байна гэж сонссон гэж хэлсэн. Тэгээд би та юу ч байсан тусгай зөвшөөрөлтэй компаниа бэлдээдэх гэж хэлээд Баясгалан дэлгүүрээс гараад явсан. Би тэгээд аав Д гэдэг хүнд Эрдмин үйлдвэрээс анод буюу хар тугалаг актлагдаж байгаа юм байна авч болдог юм болов уу гэж асуусан чинь би очиж асууж үзэе гэж хэлсэн. Манай аав Эрдмин үйдвэрт олон жил ажиллаж байсан хүнээс асууж үзэе аав нь тэтгэвэрт гарсан болохоор танихгүй байх гэж хэлсэн. Тэгээд манай аав Эрдмин үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б гэдэг хүнтэй уулзсан чинь манай байгууллага өөрийн байнгын анод авдаг тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулсан өөр таниж мэдэхгүй компанид зарах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би Эрдмин үйлдвэрийн гүйцэтгэх захирал Баатар гэдэг хүнтэй манай төрсөн аав Д уулзлаа бүтэхгүй юм байна гэж Т.Д гэдэг эмэгтэйд хэлсэн. Би урьдчилгаа мөнгөний талаар Т.Д гэх эмэгтэйд яриагүй. Урьдчилгаа мөнгө гэж Т.Д гэдэг эмэгтэйгээс мөнгө төгрөг бэлнээр болон дансаар аваагүй” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-14-р хуудас/

3. Гэрч Ж.Б-ын ...“Манай байгууллагаас электролизийн ваананд ашиглагддаг хар тугалга ашиглалтын явцад элэгдэж шаардлага хангахгүй болохоор нь уг хар тугалгыг сольдог. Уг хаягдал хар туглагыг манай байгууллага байгууллагынхаа хашаан дотор агуулахад хураасан байгаа. Хаягдал хар тугалгыг байгууллага үүсэн байгууллагдсанаас хойш ямар нэгэн байдлаар зарж борлуулаагүй байгаа. Манай байгууллага дээр одоогын байдлаар 40 орчим тонн хар тугалга байгаа. Албан ёсоор албан бичгээр бол хүсэлт гаргаж байгаагүй. Хувиараа 2019 оны 08 сар билүү 09 сард билүү цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна, энэ оны намар над дээр ирээд танай байгууллагаас гарч байгаа хаягдал хар тугалгаа зарах уу би авах хүсэлтэй байна үнэ ханш нь хэд гэж байгаа вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би манай байгууллага хаягдал хар тугалгаа зарахгүй, үнэ ханшийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би Т.Д гэх эмэгтэйтээ уулзаж байгаагүй танихгүй. Манай байгууллагаас хар тугалга авах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв зарахаар бол хар тугалга дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй албан ёсны байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж Байгаль- очны яамнаас зөвшөөрөл авч зарж борлуулна. Хуулиндаа ийм заалттай байдаг юм. Манай байгууллагад Энхбүрэн гэдэг нэртэй хүн ажилладаггүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

4. Гэрч Ц.Э-рын ...“Манай байгууллагаас электролизийн ваананд ашиглагддаг хар тугалга ашиглалтын явцад элэгдэж шаардлага хангахгүй болохоор нь уг хар тугалгыг сольдог. Би уг хар тугалгын хариуцан ажилладаггүй болохоор хэрхэн яаж борлуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаар манай байгууллагын ерөнхий захирал мэдэж байгаа. Би эдгээр хүмүүсийг танихгүй. Надаас хар тугалганы талаар надаас асууж тодруулж байгаагүй. Манай байгууллагад Энхбүрэн гэдэг нэртэй хүн ажилладаггүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16- р хуудас/

 

5. Гэрч Т.Т-стын “...Энэ данс миний өөрийн эзэмшлийн Рашаант баг а тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баясгалан” дэлгүүр дээр ашигладаг пос машины данс юм. 2019 оны 06 сарын 07-ны өдөр миний гар утсанд 1 000 000 төгрөгийн орлого орж ирэхээр нь ээж Т.Д-гаас асуухад түүхий эд авах гэж байгаа юм гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

6. Иргэн С.Огийн Хас банкны ? дугаартай дансны хуулга, Хаан банкны ? дугаартай дансны хуулга, мессежээр харилцсан тухай гэрэл зургууд. /хх-ийн 23-31-р хуудас/

 

7. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 43-45-р хуудас/

 

8. Т.Д-гийн гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...С.О-гаас 2019 оны 05 сарын 31-ний өдөр авсан 3 200 000 төгрөгөө дэлгүүрийн бараанд зарцуулсан. “Эрдмин” үйлдвэрээс хар тугалга авах гэж хүнд өгсөн зүйл надад байхгүй. 2019 оны 06 сарын 07-ны өдөр авсан 1 000 000 төгрөгөө банкны зээлэнд зарцуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80, 19-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн С.Ог хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Эрдмин ХХК-аас Хар тугалга их хэмжээгээр худалдан авч ашгаа хуваах нэрийдлээр 4 200 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Огийн мэдүүлэг, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч А, Б, Ц.Э, Д, Т-гийн мэдүүлэг, С.О-гийн Хас банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, мессежүүдийн хуулга, Т.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож тогтоож байна. Шүүхээс шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Тиймээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид мөнгө шилжүүлж ороогүй байх тул хохирол төлбөр төлөгдөөгүй байна гэж үзэж байна. Хохирол төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд оруулж ял оногдуулж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Д бол энэ хэргийг үйлдэхдээ С.О гэж хүнийг зориуд зохиомол байдлыг бий болгож залилсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрдмит ХХК-д хар тугалга гаргана гэсэн бодит байдал байгаа. Энэ нь Алтангэрэлийн мэдүүлэг, Дэмбэрэлдашийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Т.Дг зохиомол байдлыг бий болгосон гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. 06-р сарын 07-ны өдөр 1 сая төгрөг залилж мөнгө авсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч өөрөө мэдүүлэгтээ 1 сая төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 3 200 000 төгрөгийг хуурч авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 3 200 000 төгрөгийг Алтангэрэлд өгнө гэсэн байдал яригдсан учраас урьдчилгаанд өгөөгүй өөртөө зарцуулчихсан үйлдэл байгаа учраас хохирогч энэ мөнгийг 10 сая гэж байгаад 3 200 000 төгрөг шилжүүлж авсан байдаг. 1 сая төгрөгийн асуудал дээр залилсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Урьдчилгаанд авч байна гэж хэлж 3 200 000 төгрөг авсан үйлдэл дээр нь гэм буруугийн асуудлыг шийдэж өгнө үү. Хохирогч 5 500 000 төгрөгийг хохирол нэхэмжилсэн. 1 сая төгрөг болон 3 200 000 төгрөгийг төлнө. Харин илүү 1 300 000 төгрөг байна. 750 000 төгрөг банкнаас зээл авахад төлсөн шимтгэл гэж байна. 350 000 төгрөг хоол, буудлын мөнгө, 250 000 төгрөг нь зээлийн хүү гэж байна. Эдгээр мөнгийг гаргуулах үндэслэл байхгүй. Хохирлын хувьд өнөөдрийн байдлаар төлөөгүй байгаа. 4 200 000 төгрөг төлөхөөр хөөцөлдсөн боловч өнөөдрийн байдлаар бүтсэнгүй. 2 машин байгаа юм байна. Өөрийнх нь нэр дээр зээл гаргахгүй байгаа юм байна. Хүүгийнхээ нэр дээр зээл авахаар хөөцөлдөж байгаа юм байна. Яг одоо бичиг баримтыг нь шилжүүлж өгөхөд бэлэн болчихсон байгаа. Өнөөдөр 3 500 000 төгрөг С.Огийн дансанд орно. Үлдэгдэл 1 200 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ял, хорих ялын санкцитай байгаа. Хохирол төлөөгүй гэдгээр ял шийтгэлийг битгий хүндрүүлж өгнө үү. Хувийн байдлын хувьд сахарын өвчтэй. Группд байдаг. 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг боловч ашиг орлого муу байдаг. Хохирол төлбөр төлөөгүй гэж байгаа боловч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Мөн энэ хэрэгт тэнсэх ялын санкци байдаг учраас эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.О-гийн “Эрдмин үйлдвэрээс хар тугалга авна гэхээр нь Т.Дд нийт 4 200 000 төгрөг өгсөн. Т.Д нь Баатар, Энхбүрэн гэх хүмүүстэй ярьж байгаа гэж байсан. “Эрдмин” үйлдвэрийн захирлын утасны дугаарыг олж аваад ярихад Т.Д худлаа ярьсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.А-лийн “Эрдмин үйлдвэрийн захирлаас ааваараа асуулгахад хар тугалга зарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.Д эгчид бүтэхгүй гэдгийг нь хэлсэн. Т.Д-гаас урьдчилгаа мөнгө авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, Ж.Б-рын “манай үйлдвэр хар тугалга зараагүй. Манай үйлдвэрт Энхбүрэн гэдэг хүн ажилладаггүй” гэсэн мэдүүлэг болон Ц.Э, Т.Т нарын мэдүүлэг, Иргэн С.О-гийн Хас банкны ? дугаартай дансны хуулга, Хаан банкны ? дугаартай дансны хуулга, мессежээр харилцсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Д нь 2019 оны 05 сарын 27-ны өдрөөс  2019 оны 06 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн С.Од Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдмин” ХХК-наас хар тугалга их хэмжээгээр худалдан авч зараад ашгаа хувааж авна гэж худал хэлж, хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4 200 000 төгрөгийг авч хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Д нь хохирогч С.О-эгтэй хоёрдогч түүхий эд борлуулж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Эрдмин” компаниас хар тугалга авахаар захирал Баатар, хариуцсан ажилтан Энхбүрэн нартай уулзаж тохиролцсон гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэж 4 200 000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Дг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн нас, цалин орлого, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч С.О нь гэм хорын хохирол нийт 5 500 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Т.Дгийн үйлдлийн улмаас хохирогч С.О-д 4 200 000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Банкнаас зээл авсны шимтгэл 750 000 төгрөг, Эрдэнэт хотод 4 хоног зочид буудалд байрласан зардал 300 000 төгрөг, банкны зээлийн хүү 250 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийн шууд бус хохиролтой холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гаас 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Хэнтий аймаг Хэрлэн сум 4-р баг Тээвэрчдийн ? тоотод оршин суух Шарнууд овогт Сураагийн С.О -д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч С.О нь банкны зээлийн шимтгэл, зочид буудалд байрласан зардал, банкны зээлийн хүү нийт 1 300 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС