Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужир булан 3-р хэсэг 31-1344а тоотод оршин суух Жинчин овогт Очирын Алимаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 26-ны өдөр 139/2017/00049/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймагт 1959 онд төрсөн, 58 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Луус сумын 7-р баг, Цагаан-Овоогийн 1-7 тоотод оршин суух Өндөр овогт Бандиахүүгийн Наранхүү.  

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч О.Алимаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд төрсөн, 49 настай. Улсад 30 жил ажилласан. Үүнээс 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул цалингийн тооцооны баримт, хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Алимаа 1983 онд сургуулиа төгсөөд малчин болсон юм. 1983 онд малчин болсон тушаал, шийдвэр нь архиваас огт олдохгүй байгаа юм. Тиймээс 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан болохыг нь тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч О.Алимаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            О.Алимаа нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 08-ныг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын “Шинэ хөдөлмөр” хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 08/47 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 13 дугаартай архивын лавлагаа,

           О.Алимаагийн 1991 оны 09 сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

           Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 02/52 тоот тодорхойлолт,

           О.Алимаагийн 1984 оны 2, 8 сар, 1985 оны 3, 8 сар, 1986 оны 6-р сар, 1987 оны 3, 5 сар, 1988 оны 3, 4 сар, 1989 оны 7, 9 сар, 1990 оны 6, 7 сар, 1991 оны 2, 6 сар, 1992 оны 2-р сар, 1993 оны 3-р саруудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           О.Алимаагийн 1987 онд авч байсан “Энх сүрэгтний гэрчилгээ”, 1988 онд авч байсан “Диплом”, “Жуух бичиг”, 1989 онд авч байсан “Баярын бичиг”, 1990 онд авч байсан “Энх сүрэгтэн гэрчилгээ”,

           Гэрч  Ж.Цэдэндашийн “...О.Алимаа Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны өвөл малчин болж байсан. 1983-1992 он хүртэл малчин байсан. 1992 онд нэгдэл “Шинэ хөдөлмөр” хоршоо болоход О.Алимаа малчнаар ажиллаж байсан. 1994 оныг дуустал мал малласан. Хонь, үхэр малладаг байсан. Би 1979-1992 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд тракторчин, 1992-2002 он хүртэл “Шинэ хөдөлмөр” хоршооны тракторчноор ажиллаж байсан. Нэгдлийн траторчноор ажиллаж байсан учраас малчдад өвс, тэжээл буулгаж өгдөг байсан. Мөн малчдыг нүүлгэж өгдөг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Цэнгэлсайханы “...О.Алимаа 1984 онд Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчин болсон. 1993 онд нэгдэл “Шинэ хөдөлмөр” хоршоо болсон. О.Алимаа 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бага мал малладаг байсан. Ажилд орсон, гарсан сар, өдрийг нь мэдэхгүй байна. Би 1975-1987 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд тогооч хийж байгаад 1987 оноос тус нэгдэлд малчин болсон юм. 1993 онд “Шинэ хөдөлмөр” хоршоо болсон. Би 1995 он хүртэл малчин байсан. Тухайн үед сар бүрийн 25-нд эвлэлийн гишүүд, намын гишүүд уулздаг байсан. Хөдөөгийн малчид тэр уулзалтанд байнга ирдэг байсан. О.Алимаа мөн уулзалтанд ирдэг байсан юм. Би нэгдлийн гуанзанд тогооч байсан учраас уулзалтанд ирсэн хүмүүсийн хоол цайг хийдэг байсан. Тийм учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Тогтохбаярын “...О.Алимаа 1984-1994 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчин байсан. Үхэрчин саальчнаар ажилладаг байсан. Ажилд орсон, гарсан сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би 1979-1994 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдлийн хашаа худгийн байнгын бригадын даргаар ажиллаж байсан. Манай бригад хороо, худаг засч, байнга хөдөөгүүр явдаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэддэг” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жинчин овогт Очирын Алимаа /ЗЗ68090302/-гийн Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 08-ныг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын “Шинэ хөдөлмөр” хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ