| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0045/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/60 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л_О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ц.Ц оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох эрүүгийн 1925008090522 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11-44 тоот гэртээ эхнэр С.А-тэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ “Зээ
хүүгийнхээ хуриманд очоод 200 000 төгрөг өгсөн юм. Түүнээс болж эхнэр уурлаад 7 хоног хэрэлдэж зовоосон. Тэгээд энэ явдал болсон. Учирсан гэмтлийг би учруулсан үнэн, маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч С.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.А-гийн ...“2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Ц.Ц эгчийн хүүхдийн хуриманд яваад ирэхдээ 200 000 төгрөг өгсөн байсан. Би эгчийнхээ хүүхдэд арай өөр байдлаар хандлаа бусад хуриманд очихдоо 100 000 төгрөг өгдөг биз дээ гээд гэр ахуйн жижиг маргаан болоод би уурлаж бухимдаад байж байтал миний цүнхээр болон гараараа намайг цохьсон. Би өөрийгээ гараараа хаасан. Тэгээд би санаандгүй гар цээжийг нь бага зэрэг маажсан. Орой нь би хороололд аавын нас барсан өдөр байсан тул маань уншуулаад байж байтал Ц.Ц надруу залгаад уучлал гуйгаад хүрээд ирээч гээд байхаар нь би гэртээ ирсэн. Маргааш өглөө нь дахиад өмнөх болсон асуудлаас болоод маргалдсан. Ц.Ц нуруу мааждаг савхан модоор намайг хугартал нь гарлуу цохиод би гарах гээд хаалга руу зүтгэтэл миний үснээс хойш татсан. Тэр үед би гарнаас нь хазаад хоёулаа хаалганы бариулаас зуураад ноцолдож байтал хаалганы бариул хугараад хоёулаа хамт хойшоо саваад унасан. Би босож чадахгүй байхад Ц.Ц түрүүлж босоод миний хүзүүн дээр гишгэсэн. Би тэр хооронд бага зэрэг ухаан балартсан....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-20-р хуудас/
2. Гэрч Ц.Да-гийн ...“Хэрэг учрал болдог өдөр ээж надруу утсаар яриад болсон зүйлийн талаар ярьсан. Тэрээр хэлэхдээ аавтай чинь маргалдсан чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Би тэр өдөр эмнэлэгт яваад очсон гар нь хөхөрсөн, нүүр нь бага зэрэг хавдсан байсан... ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/
3. Гэрч С.Х-лийн ...“2019 оны эхээр байсан санаж байна. С.А надруу залгаад би Их тавт эмнэлэгт хэвтэж байна гэж хэлэхээр нь эргэх гээд яваад очсон. Би юу болсон талаар асуухад нөхөр Ц.Ц намайг зодсон бид хоёр гэр бүлийн маргаантай байгаа гэж хэлсэн. Нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан. Бас нэг талын мөр нь бага зэрэг хөхөрсөн байсан. Би яагаад хөхөрсөн юм бэ гэж асуухад нуруу мааждаг нарийн савхан модоор гар мөрлүү цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/
4. Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 738 дугаартай ...“С.Аийн биед тархи доргилт, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Тархи доргилт, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, хуйханд дагзны хэсэгт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтсох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Согоот багийн 6-1-44 тоотод эхнэр С.Атэй маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Аийн мэдүүлэг, гэрч Ц.Д-гийн мэдүүлэг, гэрч С.Х-лийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 738 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Аийн мэдүүлэг, гэрч Ц.Д, С.Х нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 738 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-11-44 тоотод эхнэр С.А-тэй маргалдаж, зодож бие махбодид нь тархи доргилт, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бодохыг дурьдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС