Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1966 оны 07 сарын 10-нд төрсөн, 51 настай, бага боловсролтой, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 20-8 тоотод түр оршин суух, Хулд овогт Цэвэлравжаагийн Отгонжавын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 24-ний өдөр 139/2017/00040/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Отгонжав, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ц.Отгонжав шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1982 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул цалингийн тооцооны баримт, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1982 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ц.Отгонжав нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Ц.Отгонжав нь Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08/38 тоот албан бичиг,

           Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 3/04 тоот албан бичиг,

           Ц.Отгонжав 1982 оны 12-р сар, 1983 оны 1-9 сар, 1984 оны 2-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 2-7, 10-12 сар, 1991 оны 1, 3-10 сар, 1992 оны 11, 12 саруудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           Гэрч  Ц.Лхамсүрэнгийн “...Ц.Отгонжав нь Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдэлд 1982-1991 оныг дуустал малчин байсан. Хонь малладаг байсан юм. Би Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн Бүлээн бригадад 1961-1990 он хүртэл малчин байсан. Нэг орон нутагт амьдардаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цэрэнпагмын “...Ц.Отгонжав нь 1982-1991 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдэлд малчин байсан. Төллөх мал малладаг байсан юм. Би Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн Бүлээн бригадад 1973-1991 он хүртэл малчин байсан. Нэг дор, нэг усны малчид байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Хандсүрэнгийн “...Ц.Отгонжав нь 1982-1991 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдэлд малчин байсан. Хонь, ямаа буюу бага мал малладаг байсан юм. Би Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр 1976-1985 он хүртэл ажиллаж байсан. 1986-1995 он хүртэл Хулд сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Нэг хонхорын улсууд учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хулд овогт Цэвэлравжаагийн Отгонжав /ЗМ66071008/-ын Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг” нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ