Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, Э.Т

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1925003490415 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч биеийн байцаалт:

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7099 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-гыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “Би тэр ургамлыг сонирхож бага хэмжээгээр түүсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Би мансууруулах зүйл хэрэглэдэггүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “ Тээврийн хэрэгслийн дотор талд буюу жолооч талын харалдаа урд салон дээр хар өнгийн ноосон малгайн дотор өвс мэт ногоон өнгийн гялгар ууттай зүйл байсныг хураан авахаар тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-н 7-10-р хуудас/

 

2. Гэрч Г.Т-лын “Э.М нэг юм олоод тамхинд хийж татах гэсэн чинь хоолой хорсоод чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд юу юм гэж асуухад ургамал гээд байсан. Тэгээд би уурлаад тэрийгээ хаяарай зурагтаар зөндөө юм гараад байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд би өглөө 9 цагийн үед нөхөр Э.М руу залгаж нөгөө олсон юмаа хаясан уу гэсэн чинь би дөнгөж сэрж байна хаячина гэж хэлсэн. Тэгээд би уурласан байсан болохоор “Хот руу буц” гэж хэлсэн, “Хот руу явж байна гэхээр нь би Цагдаагийн байгууллагын 7035102 утасруу залгаж 7099 уни тээврийн хэрэгсэл дотор хар тамхи тээвэрлэж явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

 

3. Гэрч Х.Т-хын "2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Жаргалант сумын хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс зарлан мэдээлж байсан тээврийн хэрэгсэл Орхон аймгаас зүүн чигт явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад тухайн тээврийн хэрэгслийг Э.М гэж жолоодож явж байсан ба түүнтэй хамт Г.Төрбаяр гэж залуу хамт явж байсан. Үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн урд талын салон дээр хар өнгийн ноосон малгайн дотор тунгалаг цаасанд хийсэн хатаасан өвс мэт ургамал байсныг жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-н 12-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3110 дугаартай дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлд дельта-9- тетрагидроканнабинол илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт. /хх-н 38-39-р хуудас/

 

5. Яллагдагч Э.М-гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 63-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.М нь 2019 оны 05-р сарын 15-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хориглосон ургамлыг хууль бусаар бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Дээрхи ургамлыг 05-р сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлхи хугацаанд тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь гэрч Төрбадрахын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Мөн шүүх эмнэлгийн шижнээчийн дүгнэлтээр Э.Мөнхтулгын машинаас хурааж авсан ургамал нь хориглосон, түүхий эд болох нь тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Дээрхи төрлийн гэмт хэрэг нь үндэсний эрх ашиг, нийгмийн ухамсар, хүн амын нийтлэг эрх ашигт аюул учруулж болох аюулгүй гэж үзэж байна. Материалыг байдалд аюул учруулж болохоор байгаа. Шүүгдэгч Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г дүгнэлтдээ “Гэм буруугийн асуудлаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа хэргээ хүлээж мэдүүлэг өгч байсан. Үүнийг аваад бэлтгээд, бусдад дамжуулж, хэрэглүүлж, нийгэмд сурталчилсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хор уршгийн талаар прокурор яллах дүгнэлтэнд заагдаагүй нөхцөл байдлын талаар хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, эрх чөлөө, ам нас, эрүүл мэнд, Үндэсний ашиг сонирхолд шууд аюул учруулахаар үр дагаврыг бий болгож байгаа бол хохиролд тооцно гэж байгаа. Э.Мөнхтулгын үйлдлийн улмаас нийгэм болоод Үндэсний аюуолгүй байдалд ямар хор хохирол учирсан юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Э.М өөрөө бол энэ ургамлыг хэрэглэж үзэх гэсэн боловч муухай юм байна гээд хэрэглээгүй гэсэн зүйл ярьж байна. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд мэтгэлцэх шаардлагатай. Энэ хэргийн хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар санкцитай. Олон улсын хувьд өндөр ял оногдуулдаг. Монгол Улсын хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд оруулдаг. Энэ хэрэг нь тэнсэх боломжтой гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Миний үйлчлүүлэгч Э.Мөнхтулгын хувьд нийгэм болоод Үндэсний аюулгүй байдалд халдсан зүйл байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-р зүйлд заасан цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд Эрүүгийн хуулийн зорилго оршин гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Заавал цээрлүүлж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсч байна. 3 жил хорих ял арай өндөр байна. Тохиолдолын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Зам зуур бие засах зуур ургамал түүсэн. Мөн эсэхийг нь мэдээгүй гэж мэдүүлж байгаа. Энэ хэрэг дээр хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Прокурорын гаргасан 3 жилийн хорих ялын саналыг бууруулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хариуцлага нь 2 зүйлээс бүрддэг. Энэ хэрэг дээр шүүгдэгчийг нийгэмшүүлэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэж албадлагийн арга хэмжээ хүлээлгэх боломжтой. Энэ хэргийн хувьд их хэмжээний хохирол учирсан зүйл байхгүй. Үйлдэгдсэн арга барил нь арай өөр байгаа. Тодорхой хэмжээнд хэрэглэх боломжтой байсан боловч шүүгдэгч хэрэглэж чадаагүй. Хэрэглээгүй гэдэг нь цуснаас авсан дээжээр нотлогдож байгаа. Энэ хэргийн хувьд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах боломжгүй. Хөрөнгө битүүмжилсэн ажиллагаа хийгдээгүй байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулахын хажуугаар урьдчилан сэргийлэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэх боломжтой байна” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Т дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч Э.М нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Хориглосон ургамал түүсэн болохыг эхнэр нь мэдэж энэ юмаа хаяарай гэхээр нь хот газар хаях боломжгүй тул хотоос гараад хаях гэж байсан нь тогтоогддог. Анх удаа ийм хэрэгт холбогдсон нь тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжлээгүй. Бага насны хүүхэд буюу 2 настай хүүгээ өөрийн асрамжид үлдээж асарч байгаа нь тогтоогдож байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Г.Т, Х.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3110 дугаартай шинжээчийн дүгнэлт Э.М-гын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг түүсэн, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 70-99 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

                   Э.М-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул, уршиг ихтэй боловч Э.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдлийн улмаас бусдын сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учраагүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт 44.14 грамм зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт 44.14 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС