Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 3

 

2018  оны 01 сарын 25 өдөр                      2018/ДШМ/03                                   Хэрлэн сум

Ц.Б холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0002/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Отгонтуяа,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдлоор эрүүгийн  1739000880046 дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 10-04 тоотод оршин суух хаягтай, урьд 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймаг дахь  Сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял, 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сар хорих ял, 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх И.Ц.Б /РД: СЭ81032517/

Ц.Б нь 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 23-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-03 тоотод байрлах иргэн Д.Э байшингийн цоожийг эвдэн орон байранд нэвтэрч “Серене” маркийн хөргөгч, “Хайер” маркийн хөлдөөгч, дотоодын үйлдвэрийн ор, хувцасны шүүгээ зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогчид 1.100.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Ц.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч И овогт Ц Б хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баатарзоригтод 2 жил 6 сар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б нь давж заалдах гомдолдоо: Миний бие өндөр настай эцэг, эхийн хамт тэднийгээ асарч амьдардаг юм. Хохирогч Э нь миний хамаатан юм. Би түүнд учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Отгонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлсдэн нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Ц.Б эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Ц.Б нь 2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 23-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 5-03 тоотод байрлах Д. байшингийн цоожийг эвдэн орон байранд нэвтэрч “Серене” маркийн хөргөгч, “Хайер” маркийн хөлдөөгч, ор, хувцасны шүүгээ зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогчид 1.100.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Өлзийтийн 05-03 тоот гэр орших гэртээ ороход хөргөгч, матраастай ор, хөлдөөгч, хувцасны шүүгээ байхгүй болчихсон байсан. Гэр рүүгээ орох гэтэл цоожийг маань эвдсэн байсан. Ор, хувцасны шүүгээ, хөлдөөгч байхгүй байсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... гэх /хх-11-13 х/

Гэрч Л.Эмөрдөн байцаалтанд өгсөн: Манай хөрш Эрдэнэчулууны байшинг 11 цагийн үед онгойлгочихсон суудлын цагаан машинтай хоёр эрэгтэй хүн байхаар нь “Юун хүмүүс вэ” гэхэд  нэг нь “Би Дархиа багшийн хүү нь байна” гэж намхан бор залуу хэлсэн. Тэгээд хулгай орсон гэж Эрдэнэчулууны эгч Цэцэгмаагаас мэдсэн ... гэх  /хх-15 х/

Гэрч М.Г мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг  Баатарзоригт авсан болохыг нь мэдэж сүүлд  нь нөхөр маань зарсан газраас нь ор, хөргөгч, хөлдөөгч хувцасны шүүгээ зэргийг олж авсан ... гэх /хх-17х/\

Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн: Би 55000 төгрөгөөр  хөлдөөгчийг нь худалдаж авсан. Хэд хоногийн дараа хулгайн эд зүйл гэж хэлээд надаас 50000 төгрөгөөр буцааж авсан ... гэх /хх-18-19х/

Гэрч З.Г мөрдөн байцаалтанд өгсөн: Баатарзоригт шинэ хөргөгч 250000 төгрөгөөр зарна гэсэн. Би  тэгэхээр нь цуг орж хөргөгчийг харсан.  Зүүн талынх нь айлын 1 эмэгтэйгээс энэ Б мөн үү гэхэд тэр эгч яг өөрийнх нь гэр үгүйг мэдэхгүй ямар ч байсан эднийхний хамаатан садан байдаг айл мөн гэж байсан. Тэгээд 250000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх /хх-20-21х/

Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн: Б надад “ор, хувцасны шүүгээ хоёрыг хямдхан зарна та авах уу” гэхээр нь би “авахгүй” гээд явуулсан. Тэгснээ хоёр цагийн дараа барьцаанд тавъя  100.000 төгрөг өгчих чулуунд явах гэсэн юм гэхээр нь би өгөөд явуулсан. Хэд хоногийн дараа ээжтэйгээ ирж 100000 төгрөгөө өгчихөөд барьцаанд тавьсан зүйлээ аваад явсан ... гэх мэдүүлгүүд,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаартай үнэлгээний комиссын шийдвэр, хэрэг учрал болсон газрын гэрэл зургийн үзүүлэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсны үндсэн дээр шүүх хуралдаанаар тогтоогдсон  хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Б нь шийтгэх тогтоол гарснаас хойш 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧ                                                  О.БААТАРСҮХ

         Б.СҮХГОМБО