Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0088

 

 

 

“Э у, д т с” ОНӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:  

            Нэхэмжлэгч “Э у, д т с” ОНӨХК

            Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Б аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н  

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

            Хариуцагч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 119/2021/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.36, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.11,1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э у, д т с” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-20210000001 тоот актаас усны алдагдалд орсон 134,848,238.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгон“шийдвэрлэжээ.  

2. Хариуцагч Т.Н анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 19.1 дэх хэсэгт “Татварын улсын байцаагч татварын ногдлыг тодорхойлох болон татвар хураах зорилгоор татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн орж мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах, үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх зэрэг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй” гэж заасан байх ба Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан заалт нь нийтлэг ажиллагааны нэг хэсэг төдийгүй 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагаа нь тэр чигтээ эрх олгосон заалт гэж ойлгож байна. Харин шүүх дүгнэхдээ мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах үүрэг болгосон заалт мэтээр тайлбарлаж,  дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудасны 5 дахь хэсэгт дурдсан Усны алдагдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн зохицуулалтын газрын 2020  оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №18 тоот “Ус ашиглуулах дүгнэлт”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” №01/517 тоот албан бичигт “Орхон аймгийн орлого болоогүй усны судалгаа 53-53,35 хувьтай” гарч байсан судалгаа зэргийг үндэслэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчсөн ба шүүхийн үнэлж дүгнэсэн нотлох баримт нь нотлогдож тогтоогдоогүй, таамаг төдий ба яг ямар нөхцөл шалтгааны улмаас алдагдал үүсэж байгаа талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байгаа нь нотлох баримт үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Татварын ерөнхий хуулийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно”, 41.9-д “Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ. Мөн хуулийн 41.4 Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний 305 дугаар тушаалаар “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журмын 6.4.3 Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь татварын хяналт шалгалт хийх хоёр ба түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнийг ажлын цар хүрээ, мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, хүндэтгэн үзэх шалтгаан, ашиг сонирхлын зөрчил зэргээс шалтгаалан тухай бүр сонгож, тухайн албаны хяналт шалгалтын чиг үүрэг хариуцсан нэгжийн даргад шилжүүлнэ. Мөн журмын 6.8 Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн төвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно.

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас “Э у, д т с” ОНӨХК-д эрсдэл тооцож дунд сегментэд харьяалалтай эрсдэлийн оноо 79,00 буюу үнэлгээ өндөр гэж үнэлэгдсэн. Энэ нь татварын удирдлагын нэгдсэн системд үнэлэгдэж шалгалтыг эхлүүлсэн.

“Э у, д т с” ОНӨХК Орхон аймгийн Татварын хэлтэст харьяалагддаг ч Булган аймгийн Татварын хэлтэст ус рашаан ашигласны төлбөрийн төлөгчөөр бүртгэлтэй татвар төлөгч. Татварын ерөнхий хуулийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэсэн заалтын дагуу Булган аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Н нь тус аж ахуйн нэгжийн усны төлбөр төлөлтийг шалгаж акты бичигдсэн нь хуулийн хүрээнд бичсэн.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 тоот тушаалаар баталсан хавсралт “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/-ын 2.9.2, 3.7, 3.8-д заасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Татварын улсын ахлах байцаагч 20201204091 тоот томилолтоор Татварын улсын байцаагч Т.Н, Х.Б, Д.Б нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийхээр томилолт олгосон нь татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй.

“Э у, д т с” ОНӨХК-ийг хяналт шалгалт хийхдээ тусгай удирдамжийг “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.1 “Татварын алба хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41.2-д заасны дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтын ерөнхий болон тусгай удирдамжийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэсэн заалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тиймээс Татварын ерөнхий хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Татвар төлөгч” гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1 “Аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10.1.1-д “усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс” гэсэн заалтыг үндэслэл болгон авсан нь буруу байна. Тухайн татвар төлөгчийн эрхлэн явуулж буй үйл ажиллагаа бол дээрх хуулийн заалтад огт хамааралгүй харин мөн хуулийн 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэсэн заалтын дагуу Байгаль орчны яам, Сэлэнгэ голын сав газартай гэрээ байгуулан ажилладаг болно.

“Э у, д т с” ОНӨХК нь Орхон аймгийн аж ахуйн нэгж, айл өрхийг усаар хангаж, төрийг төлөөлж албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхтэй гэрээ хийж төлбөрийг хураан аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажилладаг байгууллага. Гэтэл шүүгч Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу юм.

“Э у, д т с” ОНӨХК нь Орхон аймгийн аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг усаар хангаж, ашигласан усанд төлбөр ногдуулж улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа аж ахуйн нэгж. “Э у, д т с” ОНӨХК-иас ус тоолуураар авч Орхон аймгийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад түгээж ажиллаж төлбөрийг төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага. Гэтэл шүүгчийн шийдвэрт “Э у, д т с” ОНӨХК-ийн борлуулалтын орлогод ороогүй тул нөхөн төлбөр ногдуулж, акт тогтоож байгаа нь үндэслэлгүй юм гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75.1.2 дахь хэсэгт зааснаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэхүү чиг үүргийн хүрээнд татвар төлөгчдийн худалдан авалт, тайлагналын байдалд систем дээр эрсдэл тооцож, эрсдэлтэй татвар төлөгчид татварын хяналт шалгалт хийх үндэслэл болдог.

Татварын ерөнхий газраас 2020 онд татварын хяналт шалгалтад хамруулах аж ахуйн нэгжийн жагсаалтад“Э у, д т с” ОНӨХК хамаарч байсан, эрсдэлийн үнэлгээ 79 буюу өндөр эрсдэлтэйд тооцогдсон үндэслэлээр татварын хяналт шалгалтад хамруулсан нь Татварын ерөнхий хуулийн 41.4, 41.1.11-д заасныг, мөн “Э у, д т с” ОНӨХК нь усны төлбөрийг Булган аймгийн татварын хэлтэст төлж, тайлагнадаг тул тус аймгаас татварын улсын байцаагчийг оролцуулан удирдамж, томилолтыг олгосон нь Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасныг зөрчөөгүй.

Татварын албаны зүгээс ямар ч эрсдэлгүй компанийг шалгаагүй. Эрсдлийн үнэлгээ 79 буюу өндөр учраас Татварын ерөнхий хуулиас татварын хяналт шалгалтад хамруулах жагсаалт ирүүлж, томилолт үүсгэн хяналт шалгалт явуулсан нь Татварын ерөнхий хуулийг зөрчөөгүй.

Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байхад шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, Булган аймгийн татварын хэлтсийн даргаас томилолт олгоогүй тул удирдамж, томилолтгүйгээр татварын хяналт шалгалт хийсэн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэмэлт үндэслэлтэй холбоотойгоор маш тодорхой няцаалт, үндэслэлийг хийсэн бөгөөд өөрөөр актыг хүчингүй болгох хуулийг зөрчсөн зөрчил, үндэслэлийг гаргаж маргаагүй байхад актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Татварын хяналт шалгалтын явцад “Э у, д т с” ОНӨХК нь “Э ү” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар авсан уснаас тал усыг нь тайлагнаж төлсөн зөрчил илэрсэн бөгөөд үлдэгдэл усыг төлж тайлагнаагүй зөрчил илэрсэн. Э ү-ээс авсан усны хэмжээний талаар маргаагүй, гагцхүү тэрхүү төлж тайлагнаагүй усыг алдагдал болсон мэтээр тайлбарлаж, ямар шалтгаан, хүчин зүйлийн улмаас хэдий хэмжээгээр алдагдал болсон талаар тодорхой материал ирүүлээгүй. Цаашид хэдэн ч хувиар алдагдал болсон гэж тайлбарлаад төлж, тайлагнахгүй байх, тэрхүү хэмжээгээр усны төлбөрийг завших боломжийг олгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх нотлох баримтад үндэслэж, дүгнэлт өгөлгүй хариуцагч нарыг алдагдал усанд татвар ногдох ёстой гэж маргасан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10.1.1 дэх заалтыг энэхүү маргааны үйл баримтад дээрх заалт хамаарахгүй.

Татварын улсын байцаагч нарын зүгээс Э ү-с тоолуурын заалтаар нийлүүлсэн уснаас хүлээн зөвшөөрөгдөх 25 хувиар алдагдал тооцож, үлдсэн усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1-д заасан чөлөөлөлт эдлүүлж, үлдэх усанд төлбөр тогтоосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Татварын улсын байцаагч Т.Н, М.Ц, Х.Б, Д.Б нарын гаргасан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 20210000001 дугаар нөхөн ногдуулалтын актаар “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д 136,510,817.91 төгрөгийн нөхөн татвар, 40,953,245.38 төгрөгийн торгууль, 24,909,921.53 төгрөгийн алданги, нийт 202,373,984.82 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснээс” нэхэмжлэгч 2,486,277.54 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 199,887,707.28 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрчээ.

3. Анхан шатны шүүх Булган аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Т.Наранцэцэгийг удирдамж, томилолтгүй хяналт шалгалт явуулсан гэж үндэслэлгүй дүгнэжээ. Тус татварын байцаагч дангаараа гаргасан акт биш байх бөгөөд “Э у, д т с” ОНӨХК нь ус ашиглагчийн хувьд аль татварын хэлтэст бүртгэлтэй, ямар шалтгаанаар Орхон аймгийн татварын албаны удирдамж, томилолтын дагуу Булган аймгийн татварын хэлтсийн байцаагч хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд орж, хяналт шалгалт явуулсан талаар тодруулаагүй, холбогдох татварын улсын байцаагчийг томилохтой холбоотой, аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт явуулах үндэслэлтэй холбоотой татварын байгууллагаас холбогдох тайлбар, дүрэм, журмыг авалгүй ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

4. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон “Э ү” ХХК-ын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх гэрээ” /1 хавтас, 40-44 тал/, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах аж ахуйн гэрээ” /1 хавтас, 72-75 тал/-д хангагч, ашиглагч гэж 2 өөрөөр нэхэмжлэгчийг тодорхойлсон, нэхэмжлэгч нь хэзээ, ямар үндэслэлээр ус ашиглагчаар бүртгүүлсэн, тухайн актад дурдсан усыг ашиглагч эсвэл хангагч мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр актаар ““Э ү” ТӨҮГ-ын тоолуураас авсан бүх уснаас нийтлэг алдагдал болох 22 хувийг хасч үлдэх усанд татвар төлүүлэхээр тогтоосон” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгчийг “ус ашигласны төлбөр төлөгч” мөн эсэхийг тогтоохтой холбоотой хэрэгт авагдсан “Газрын төлбөрийг төлүүлэхгүйгээр усны төлбөрийн алдагдалд тооцох” агуулгатай 2015 оны 01 дүгээр сарын 09, 2016 оны 01 дүгээр сарын 09, 2017 оны 01 дүгээр сарын 09, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Протоколууд, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2018 оны 12 дугаар сарын Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын тайлан зэргээс үзвэл усны төлбөрийг  нэхэмжлэгч нь “Э ү” ТӨҮГ-т төлдөг эсэх, ямар үндэслэлээр усны алдагдлыг газрын төлбөрт тооцсон,  нэхэмжлэгчийн өмнөөс усны ашигласны төлбөрийн алдагдлыг төлсөн эсэх, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Э ү-с манай тоолуур хүртэл 100 гаруй км газарт ус зөөгдөх үед үүсдэг алдагдлыг хүртэл манай дээр тооцож гаргаж байгааг зөвшөөрөхгүй, манайх хангагч байгууллага” гэснийг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

6. Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно”, 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээр” гэж заасныг хэрэглэсэн нь буруу байна. Татварын актаар тус хуулийн 10.1.2-т “Хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэж заасныг хэрэглэж, усыг шоо /метрээр тооцож, төлөх татварыг тогтоосон байх тул тус хуулийг хэрэглэн гомдлыг бүхэлд нь хангаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгох боломжгүй.

7. Дээр дурдсан асуудлуудыг тодруулаагүй байхад тус шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ