Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 06

 

 

 

Ховд сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00052 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух Шеруши овогт Насивханы Бердитилеуд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өнерхан, хариуцагч

Н. Бердитилеуд, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 1426000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Шеруши овогт Насивханы Бердитилеуг 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Засаг даргаар ажиллаж байхад нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй зөөврийн компьютер, принтер, чанга яригч, албаны ширээ, угтвар ширээг хүлээлгэн өгсөн.

Энэ нь нийт 1,426,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө бөгөөд эдгээр эд хөрөнгийг удаа дараа хүлээлгэн өгөхийг шаардсан боловч одоо болтол хүлээлгэн өгөөгүй.

Иймд Н.Бердитилеугээс дээрх эд хөрөнгийн үнэ болох 1,426,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Н.Бердитилеу нь нэхэмжилсэн эд хөрөнгөөс угтвар ширээ, албаны ширээг хүлээлгэн өгсөн байх тул одоо зөөврийн компьютерын үнэ 799,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Учир нь уг компьютер нь ажиллахгүй болсон гэсэн.

 Харин принтер, чанга яригч хоёрыг ашиглаагүй, шинээрээ байгаа гэсэн тул түүнийг биет байдлаар нь авахыг хүлээн зөвшөөрч байна  гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Би 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэгэхэд Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй зөөврийн компьютер, принтер, чанга яригч, албаны ширээ, угтвар ширээг надад хүлээлгэн өгсөн. 2012 онд багийн Засаг даргын сонгууль маргаантай болсон тул Захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг маргаан хянан шийдвэрлэж эцсийн шийдвэр яаж гарахыг хүлээгээд би дээрх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй байсан. Харин  албаны ширээ, угтвар ширээг би холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн. Одоо надад зөөврийн компьютер, принтер, чанга яригч байгаа. Үүнийг хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Харин компьютер нь ажиллахгүй байгаа. Би засуулаад өгье.Принтер, чанга яригч хоёрыг би ашиглаагүй, шинээрээ байгаа гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00052 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Н.Бердитилеугээс Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгө болох принтер- 1 ширхэг, чанга яригч -1 ширхгийг, зөөврийн компьютерын үнэ 799,000 төгрөгийг тус тус гаргуулан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас албаны ширээ -1 ширхэг, угтвар ширээ 1 ширхэгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 37,766 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл Ховд сумын Цагаанбургас багийн Засаг даргаар ажиллаж байсан намайг ажиллаж байх хугацаанд буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 799000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг, 107000 төгрөгийн үнэ бүхий принтер 1 ширхэг 290000 төгрөгийн үнэ бүхий чанга яригч /өсгөгч  ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн 2012 онд багийн Засаг даргын сонгууль маргаантай болсон тул Захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг маргаан хянан шийдвэрлэж эцсийн шийдвэрийг яаж гарахыг хүлээгээд би дээрх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй байсан.

Ховд сумын Засаг даргын Тамгын газраас комисс томилж миний ажил хүлээлцсэн,  акт одоо хүртэл үйлдээгүй, гараагүй. Гэтэл анхан шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь зөөврийн компьютерыг хүлээн авсан 2011 оноос хойш 6 жилийн дараа цаг хугацааны явцад элэгдэл хорогдол гарах тул тухайн шинээр авсан зөөврийн компьютерын үнээр тухайн зах зээлийн үнээр төлөх боломжгүй юм. Анхан шатны шүүх нь марк, хэдэн оны хэдэн сард аль улсад үйлдвэрлэгдсэн, хэдэн жилийн баталгаатай зөөврийн компьютер болох талаар нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй.

Мөн зөөврийн комьютерын зах зээлийн үнэлгээ гаргуулаагүй, тухайн үед шинээр авсан ханшаар тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн. Уг зөөврийн компьютер нь ашиглалтын явцад вирустсэн болохоос бус зориудаар эвдэж гэмтээсэн гэм хор учруулсан үйлдэл биш юм. Зөөврийн компьютер нь одоо байхгүй биш байгаа бөгөөд вирусны программ уншуулаад буцааж өгөхөөр тайлбар гаргасан боловч шүүхээс үндэслэлгүйгээр шинэ компьютерын үнээр 799000 төгрөгөөр үнэлж гаргуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгчээс  гаргаж шүүхэд гаргаж өгсөн  хэргийн 33-34 дүгээр хуудас тавилга эд хогшил нийлүүлэх гэрээ, 35 дугаар хуудас нэхэмжлэх, 36 дугаар хуудас ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох                                    баримтууд нь Ховд аймгийн Ховд сумын засаг даргын Тамгын газрын “хуулбар үнэн” дарцтай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхээс нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

            Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37766 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Н.Бердитилеуд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

 

                               ШҮҮГЧИД                           Д.КӨБЕШ

                                  

                                                                                      М.НЯМБАЯР