| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0062/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/66 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Д, Ч.Г нарт холбогдох эрүүгийн 2025000120049 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ё.Д, Ч.Г нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 18 дугаар байрны 136 тоотод хоорондоо маргалдан Ё.Д нь Ч.Гын толгойн тус газар шилтэй архиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.Г нь Ё.Д-ын толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Д мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ё.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ё.Дын “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Батжаргалтай гадуур хүнсээ цуглуулаад явж байтал Баярсайхан надруу залгаад хүрээд ир гэхээр нь би эхнэрийн хамт очсон. Бид хоёрыг очиход Баярсайхан, эхнэр Оюунтогтох, Ч.Г нар хамт байсан. Тэгээд бид нар хоол унд идээд хөзөр тоглоод нэг шил архи задлаад ууцгаасан. Удалгүй Баярсайханы хүүхдүүд нь хотоос ирээд Баярсайхан эхнэр хүүхэд ач зээ нарын хамт гарсан. Тэгээд байж байтал Ч.Г танайд очих уу гэхээр нь би “үгүй ээ манай гэрт хүүхдүүд байгаа эхнэр бид 2 явлаа” гэсэн чинь Ч.Г уурлаад намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан шилтэй архийг аваад Ч.Гын толгойруу нэг удаа цохьсон чинь Ч.Г ширээн дээр байсан зүйлээр миний толгойруу нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
2. Хохирогч Ч.Гын “Б-ны гэрт Ё.Д бид 3 хамт архи хувааж уусан. Баярсайханы хүүхдүүд нь хотоос ирсэн хамт талбай дээр зураг авахуулна гээд гараад явсан. Би Ё.Дд хандаж Баярсайханы хүүхдүүд ирчихлээ хэдүүлээ явъя гэтэл Ё.Д ширээн дээр байсан архины шил аваад миний толгойруу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аяга аваад Ё.Д руу шидчихээд гараад явсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаартай “Ё.Д-ын биед духны зүүн хэсэгт шарх үүсчээ. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Дээрх шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2019-12-23 өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-р хуудас/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай “Ч.Г-ын биед хуйханд зүүн чамархайд язарсан шарх, зүүн чамархай шанаанд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2019- 12-23-нд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хуйхны язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт” /хх-ийн 26-р хуудас/ болон яллагдагч нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Ганбошлд, Ё.Д нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 18-136 тоотод хоорондоо хэрэлдэж, маргалдаж бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г, С.Ё.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч нар харилцан бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Ч.Г, С.Ё.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ё.Дын “Ч.Г уурлаад намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан шилтэй архийг аваад Ч.Гын толгойруу нэг удаа цохьсон чинь Ч.Г ширээн дээр байсан зүйлээр миний толгойруу нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, Ч.Гын “Ё.Д ширээн дээр байсан архины шил аваад миний толгойруу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аяга аваад Ё.Д руу шидчихээд гараад явсан” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтүүд шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ё.Д, Ч.Г нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 18 дугаар байрны 136 тоотод архи ууж байхдаа хоорондоо маргалдан Ё.Д нь Ч.Гын толгойн тус газар шилтэй архиар цохиж хуйханд зүүн чамархайд язарсан шарх, зүүн чамархай шанаанд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Ч.Г нь Ё.Дын толгойн тус газар аягаар цохиж духны зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Ё.Д, Ч.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Д, Ч.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС