Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/67

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гд холбогдох эрүүгийн 2025000040044 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” төвийн гадна Г.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Гын “2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим “Чандмань” төвийн нийтийн караокед хамт ажилладаг Мөнхбаяртай уулзахаар очиход 2 найзынхаа хамт байсан. 23 цагийн орчим баарнаас гарсан. Би согтуудаа Б.Мөнхбаярыг хажуудаа ажиллуулж байгаад мастер болгоно гэж олон дахин давтаж ярьсан юм шиг байгаа юм. Тэгсэн Б.Мөнхбаяртай хамт явсан Л.Г “чи хүн мастер болгодог яасан овоо юм” гэж хэлээд над руу дайрсан. Баарны хажуугийн шатан дээр явж байхад Л.Г гэдэг залуу шууд миний ам руу цохисон бөгөөд миний үүдэн дээд талын зүүн талын шүд унаад цус гарсан. Л.Ггээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 хуудас/

 

2. Гэрч Б.Г.Гын “Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 3 хүүхэд ирээд хажуухан талд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу баарны хажуугийн шатны хажууд очиход гурван согтуу хүн байсан бөгөөд хоёр нь хоорондоо хэрэлдээд нэг нь дундуур орж салгаж байсан. Намайг очиход махлаг залуугийн хамраас нь цус гарчихсан маргалдаж байсан. Л.Г намайг цохиод шүдийг маань хугалчихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 хуудас/

 

3. Гэрч Б.М-рын “Би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Сүүлд сонсоход Г.Г ахыг Л.Г цохисон гэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай ”..Г.Гын биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлөх тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Бүгд шинэ гэмтлүүд байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 хуудас/ болон яллагдагч Л.Ггийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Г нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г.Гтай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байна. Иймд шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр 2 000 000 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусад төлөх төлбөргүй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Гын Баарны хажуугийн шатан дээр явж байхад Л.Г гэдэг залуу шууд миний ам руу цохисон бөгөөд миний үүдэн дээд талын зүүн талын шүд унаад цус гарсан. Л.Ггээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г.Гын Намайг очиход махлаг залуугийн хамраас нь цус гарчихсан маргалдаж байсан. Л.Г намайг цохиод шүдийг маань хугалчихлаа гэж хэлсэн мэдүүлэг, Б.Мөнхбаярын Би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Сүүлд сонсоход Г.Г ахыг Л.Г цохисон гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” төвийн гадаа Г.Гтай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд баруун нэгдүгээр шүдний ганхалт, зүүн нүдний алимны салст, зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Г нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000  /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 110 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС