Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 63

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймгийн Цогтчандмань суманд 1961 оны 10 сарын 03-нд төрсөн, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р баг, Далайн 10-5 тоотод оршин суух, Гуа овогт Шагдарын Гэрэлтуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 27-ны өдөр 139/2017/00057/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ш.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, 56 настай. Улсад 11 жил ажилласан. Үүнээс 1982 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх зэргийг үндэслэн 1982 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ш.Гэрэлтуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Ш.Гэрэлтуяа нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг хүртэл, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” хувьцаат компанид 1992 оны 02 сарын 18-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал  малчнаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 08/90 тоот албан бичиг,

           Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 сарын 06-ны өдрийн №000001791 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа,

           Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 2/7 тоот албан бичиг,

           Ш.Гэрэлтуяагийн 1984 он, 1985 оны 1-11 сар, 1986 оны 1-12 сар, 1987 он, 1988 оны 1-12 сар, 1989  оны 1-12-р сар, 1990 оны 1-11 сар, 1991, 1992, 1993 онуудад авч байсан цалингийн тооцооны баримт,

           Ш.Гэрэлтуяагийн №011347 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

           Ш.Гэрэлтуяагийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх,

           Гэрч  Я.Замбаяагийн “...Ш.Гэрэлтуяа нь цэргээс ирээд 1982 оны 06 сарын сүүлээс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Социализмын зам” нэгдлийн Төгрөг бригадад малчин болсон. 1993 оныг дуустал ажилласан байх. Хөгшин нь тэтгэвэртээ гарч, залуу нь ажилгүй болох үеэр л ажиллахаа больсон байх. Би 16 настайгаасаа эхлээд нэгдэл тарах хүртэл Социализмын зам нэгдэлд адуучин байсан. Ингэж ажиллаж байх хугацаандаа Ш.Гэрэлтуяатай хамт нэг нэгдэлд, нэг хонхорт хамт ажиллаж байсны хувьд гэрчилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Сундуйсүрэнгийн “...Ш.Гэрэлтуяа нь 1982 онд цэргээс ирээд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин болсон. Тэгээд 1994 оныг хүртэл мөн нэгдэлдээ малчин байсан. Нэгдэл тарахад орон суурин дээр нь байгуулагдсан компанид бас мал маллаж байсан юм. Би 1965 оноос эхэлж Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан хүн. Дээрх хугацаанд Ш.Гэрэлтуяатай нэг нэгдлийн нэг бригадад хамт малчин байсан учир ажиллаж байсныг нь мэдэх юм” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Бат-Эрдэнийн “...Ш.Гэрэлтуяа 1982 оны 07 сард цэргээс ирээд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчин болсон. Тэгээд 1994 он хүртэл тус нэгдэлдээ малчин байсан. Би 1981 оноос Социализмын зам нэгдэлд малчин байсан. Би нэгдэл тартал нэгдэлд малчнаар ажилласан. Ш.Гэрэлтуяатай хамт нэг нэгдэлд ажиллаж байсан учир ажиллаж байсан талаар нь мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гуа овогт Шагдарын Гэрэлтуяа /ЗЛ61100312/-гийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 07 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг хүртэл, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” хувьцаат компанид 1992 оны 02 сарын 18-наас 1993 оны 12 сарын 31-нийг дуустал  хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ