Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 1925007790002 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5-р гудамжны 5 тоотод Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “Хохирогч архи ууж байхдаа миний өвөр дээр гарч суугаад байхаар нь надад талтай байна гэж бодсон. Хохирогчтой бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Согтуудаа нөхөртэйгөө утсаар яриад байхаар нь утсыг нь авсан. Хувцасыг нь тайлахдаа бага зэрэг хүч хэрэглэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1 400 000 төгрөг өгсөн. Миний фейсын нэрийг Хасаа гэдэг” гэв.

 

Хохирогч Б.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, сэтгэл санааны болон бусад хохирол төлбөр болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Эгийн “Би архи сайн уудаггүй болохоор архи уухгүй гэсэн чинь 2 талаас шахаад байсан. Миний утас дуугарсан чинь Хасаа булааж аваад гар утсыг минь унтраагаад халаасандаа хийсэн. Би гар утсаа авах гэсэн боловч Хасаа гэх залуу намайг пизда, гичий минь утсыг чинь өгөхгүй гээд нүүр амруу нилээд хэдэн удаа алгадаад миний хувцасыг тайлах гээд дайраад байсан. Би болиочээ гэж хэлсэн боловч тоохгүй дайраад байсан. Тэгээд дотуур хувцас хөхний даруулга, хувцас хунар гээд бүгдийг нь тайлаад хүчиндсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Би эсэргүүцсэн боловч тэр залуу миний нүүр амруу алгадаад байсан. Би босоод цамц дотуур өмсдөг өмдөө аваад, куртикээ шүүрч аваад гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

2.  Гэрч Д.Н-ийн “Б.Эг, Цэнгэл гэх найз нь дуудаад гарсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад бага зэрэг согтолттой пиво үнэртүүлсэн, гадуур өмссөн байсан жинс, дотуур хувцасгүй уйлсан байдалтай орж ирсэн. “Яасан” гэж асуутал “Хасаа гэх залуу намайг хүчиндсэн, би эсэргүүцсэн боловч нүүр ам руу алгадаад зодоод байсан. Тэгээд арай гэж зугтаагаад зам дээрээс такси бариад учир байдлаа хэлээд ирлээ. Таксины жолооч мөнгө аваагүй, би мөнгө гар утасгүй, Хасаа булаагаад авсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

 

3.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7-р хуудас/,

 

4. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/

 

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 760 дугаартай “Б.Э-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй. Хэрэг болсон гэх өдрөөс хугацаа их өнгөрсний дараа үзүүлсэн тул үтрээнээс наалдац аваагүй болно. Хүчиндүүлсэн гэх ул мөргүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33–р хуудас/

 

6. Яллагдагч Б.Г-ын “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Ц гэх ахтайгаа 6-1 дүгээр байрны автобусны буудал дээр уулзаад би Цэ рүү ярихад би гэртээ байна ирээд авчих гэхээр нь бид хоёр очиж авахад тэрээр би нэг найз руугаа ярьцан байгаа очоод аваадхая гэхээр нь 1-6 дугаар байрны гаднаас очиж авч Булаг багт байрлах Ц ахын гэрч очин архи, пиво уусан. Тэр үед Б.Э гэх эмэгтэй миний хажууд суугаад хамт ууж идээд яваад байсан болохоор нь надад талтай юм байна гэж ойлгоод байсан юм. Тэгээд ууч байсан архи дуусаад Цогоо ах дахин архи авч ирээд тэрийг нь ууж дуусгаагүй унтацгаасан. Б.Э бид хоёр газар хамт унтсан. Б.Э унтаж байсан гарын хажууд бөөлжсөн. Тэгээд түүний цамц, өмд, хөхөвч, дотуур хувцсыг нь тайлсан, тайлах үед Б.Э болиоч дээ хэрэггүй ээ гээд байсан. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Б.Э өөрийнхөө утсаар нөхөр лүүгээ залгаад уйлаад яриад байсан. Тэгэхээр нь би утсыг нь булааж аваад түүний зүүн хацар луу баруун гараараа 2 удаа алгадсан. Хэсэг байж байгаа Б.Э бие заслаа гэж гараад гэрлүүгээ явчихсан байсан. Тэгээд маргааш нь түүний ээж цагдаад мэдэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-65-р хуудас/ болон шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Год холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Хэрэг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт байх айлд Б.Эгийн хүсэл зоригийн эсрэг эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Хохирогч тууштай мэдүүлэг өгдөг. Тухайн өдөр гэртээ байж байгаад дуудагдаж гарсан. Б.Г болон түүний найзуудтай гарч нилээд хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Б.Г нь хувцас хунарыг нь тайлж алгадаж зодож, эсэргүүцэл үзүүлсэн боловч бэлгийн харьцаанд хүчээр орсон талаар тогтвортой мэдүүлдэг. Үүнээс гадна хохирогч хүний эрхшээлд байсан болох нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгээр хохирогчийн хөхний даруулга, өмд зэрэг хогны уутанд хийсэн байдалтай хэргийн газарт байсан. Хохирогчид 1 400 000 төгрөг өгсөн гэдэг боловч яг тэдэн төгрөг өгсөн гэх тодорхойлолт гаргаж өгөөгүй. Хохирогчид 1 сая гаран төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлсөн болох нь тогтоогддог. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчид 1 сая төгрөг төлснийг дурдах нь зүйтэй. Хохирогч гомдолтой байдаг, гэмт хэргийн улмаас  гэм хор учирсан, нөхрөөсөө салсан, амьдрах баталгаагүй болсон, 10 сая төгрөг нэхэмжилсэн хүсэлт өгсөн байдаг. Үүнийг тодорхой нотлох баримтгүйгээр гаргаж өгсөн тул энэ хурлаар 10 000 000 төгрөгийн хохирлыг энэ хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байхгүй. Иймд Б.Гхд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг хохирогч өөрөө авъя гэсэн санал ирүүлээгүй тул устгах саналтай байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Э-гийн “Хасаа гэх залуу намайг пизда, гичий минь утсыг чинь өгөхгүй гээд нүүр амруу нилээд хэдэн удаа алгадаад миний хувцасыг тайлах гээд дайраад байсан. Би болиочээ гэж хэлсэн боловч тоохгүй дайраад байсан. Тэгээд дотуур хувцас хөхний даруулга, хувцас хунар гээд бүгдийг нь тайлаад хүчиндсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Би эсэргүүцсэн боловч тэр залуу миний нүүр амруу алгадаад байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Н-гийн “шөнө 00 цаг өнгөрч байхад бага зэрэг согтолттой пиво үнэртүүлсэн, гадуур өмссөн байсан жинс, дотуур хувцасгүй уйлсан байдалтай орж ирсэн. “Яасан” гэж асуутал “Хасаа гэх залуу намайг хүчиндсэн, би эсэргүүцсэн боловч нүүр ам руу алгадаад зодоод байсан гэж хэлсэн” гэсэн  мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт хохирогчийн орхиж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг, шүүгдэгч Б.Г-хын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5-р гудамжны 5 тоотод Б.Эг архи согтууруулах ундаагаар шахаж, алгадах, хүчээр хувцасыг тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Г-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Э нь сэтгэл санааны болон эд материалын хохирол 10 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 сая төгрөг төлөгдсөн тухай хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Иймд шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн эмэгтэй хүний жинсэн өмд, улаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн эмэгтэй хүний жинсэн өмд, улаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Э нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС