Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 92

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ПЙ58071571 регистрийн дугаартай, Эмч овогт Лонгуугийн Хүдэртогтохын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Хүдэртогтох, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Хүдэртогтох нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Хүдэртогтох нь 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байгаад 1976 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1979-1981 онд Оч нэгдлийн уурын зууханд галч, 1981-1985 онд Мөнххайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангид манаач, 1985 оны 01 дүгээр сараас 1990 он хүртэл Оч нэгдэлд малчин, 1990-1994 онуудад Мөнх-Оргил ХХК-нд малчнаар ажиллаж байсан. Миний ажилд орсон, гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа тул миний 1974-1976 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар, 1979 оны 06 дугаар сараас 1981 он хүртэл Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн уурын зууханд галчаар, 1981-1985 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985-1990 он хүртэл Оч нэгдэлд малчнаар, 1990-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнх-Оргил ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Хүдэртогтох нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 1979-1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан дээр шүүхэд гаргасан хүсэлтээ өөрчлөн 1973-1976 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар, 1979 оны 06 дугаар сараас 1981 он хүртэл Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн уурын зууханд галчаар, 1981-1985 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985-1990 он хүртэл Оч нэгдэлд малчнаар, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Мөнх-Оргил ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.

Хүсэлт гаргагч Л.Хүдэртогтохын хүсэлттэй хамт хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Захиргаа аж ахуйн 1980, 1981 оны 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадын 1985-1988, 1990, 1992-1993 онуудын 70 дугаар дансны хуулбар,

-Ховд аймгийн Намын хорооны Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Диплом,

-Мөнххайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, сумын Засаг даргын Тамгын газрын 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Талархал,

-Мөнххайрхан сумын Намын үүр, Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг,

-Л.Хүдэртогтохын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн хуулбар,

-Л.Хүдэртогтохын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ж.Ваазын 1979, 1982-1984 оны 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч У.Мишигдоржийн 1983, 1991, 1994 онуудын 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч У.Мишигдоржийн Л.Хүдэртогтох нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Гурван хаг багт гэр бүлийн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1985-1992 он хүртэл Оч нэгдэлд малчнаар, 1992-1994 онд Мөнх-Оргил ХХК-нд малчнаар тус тус ажилласан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Ж.Ваазын Л.Хүдэртогтох нь 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч марчнаар ажиллаж байгаад 1976-1979 онд цэргийн алба хааж ирээд 1979 оноос хойш Оч нэгдлийн Хаг бригадад тасралтгүй малчнаар ажилласан. 1992-1994 оны хооронд Мөнх-Оргил ХХК-нд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг болно.

Хэрэгт иргэн Ж.Вааз, У.Мишигдорж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд хавсаргасан байх ба эдгээр хүмүүс Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ж.Ваазын 1979, 1982-1984 оны 70 дугаар дансны хуулбар, У.Мишигдоржийн 1983, 1991, 1994 онуудын 70 дугаар дансны хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.Хүдэртогтохыг 1974-1976 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар, 1979 оны 06 дугаар сараас 1981 он хүртэл Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн уурын зууханд галчаар, 1981-1985 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985-1990 он хүртэл Оч нэгдэлд малчнаар, 1990-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнх-Оргил ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч Л.Хүдэртогтохын 1973, 1994 онуудад ажиллаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан иргэн Ж.Вааз, У.Мишигдорж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудаар Л.Хүдэртогтохыг 1973, 1994 онуудад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсан гэх боловч энэ нь бичгийн бусад баримтаар нотлогдохгүй байх тул энэ хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1973, 1994 онуудад хамаарах нотлох баримтаа цуглуулан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эмч овогт Лонгуугийн Хүдэртогтохыг 1974-1976 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах ажилтнаар, 1979 оны 06 дугаар сараас 1981 он хүртэл Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдлийн уурын зууханд галчаар, 1981-1985 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1985-1990 он хүртэл Оч нэгдэлд малчнаар, 1990-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнх-Оргил ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1973, 1994 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА