Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/78

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 2025000270074 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 06-04 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.А-ийн хоолой тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Н.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/

 

2. Хохирогч Н Н.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/

 

3. Эд мөрийн баримт хураан авах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 10-13-р хуудас/

 

4. Хохирогч Н.А-ийн “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Ц.Дгийнд унтаж байгаад сэрсэн чинь 2 найзтайгаа хамт архи уучихсан сууж байсан. Тэгээд архи нь дуусаад намайг архи аваад өгчих гээд байхаар нь би Ц.Д болон 2 найзад нь дэлгүүр явж 0.750 граммын хараа нэртэй архи авч ирж өгсөн уг архийг задлаад уух үед Ц.Дгийн найз Эрдэнэбат унтаж байсан ба Ц.Д, Э.Б-О бид 3 уусан. Архи дуусах үед Ц.Д согтчихоод аяга авч шидээд хагалаад байсан. Тэгэхээр нь би хүүхдээ эмээ өвөө рүү нь явуулчихсан ба тухайн үед Ц.Д-гийн найз Э.Бат-Орших чи ер нь архи ууж чадахаа больчихсон байна би явлаа гээд явсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарах гэтэл Ц.Д намайг гаргахгүй гээд гал тогооны тавилга дээр байсан хутганы хайрцагнаас талх зүсдэг хөрөө шиг иртэй ягаан бариултай хутга аваад миний хүзүү хэсэг рүү цохисон. Ингээд би Ц.Д-тэй ноцолдсон чинь намайг газар унагаагаад хоолой боосон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

5. Гэрч Э.Б-О-хийн “Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад найз Э руу залгасан чинь Ц.Д-гийнд байна хүрээд ир гэхээр нь би яваад очтол Ц.Д, Э нар нэг шил архи дундаа тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би уг архинаас нь цуг уусан. Гэтэл эхнэр нь сэрээд дэлгүүр орж нэг шил 0.750 граммын архи авчхаад бид нар 4-үүлээ уусан. Ингээд би согтоод байхаар нь гараад явсан ба Ц.Д, Э, Н.А нар үлдсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Н.Атай дэлгүүрийн гадаа таарсан чинь Ц.Д агсам тавиад намайг хутгалсан хамт цагдаа орж Ц.Дг авъя машин бариад өгөөч гэхээр нь би Н.А-тай хамт цагдаа дээр ирж Ц.Дг авсан. Намайг гарахаас өмнө Ц.Д согтчихоод агсам тавих гээд байхаар нь би гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

6. Насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “Манай ээж Н.А, Ц.Д гэх хүнтэй хамтран амьдраад 3-4 сар болж байна. Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ээжтэй хамт Ц.Д ахынд очсон ба ээж бид 2 унтаж байгаад сэрсэн чинь Ц.Д ах 2 хүнтэй архи уугаад сууж байсан. Ээж намайг эмээ өвөө дээрээ оч гээд явуулсан. Ингээд би ээжийг гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгасан чинь эмнэлэг дээр явж байна гэхээр нь яасан талаар асуутал Ц.Д ах чинь намайг зодсон гэж хэлсэн. Өөр зүйл би мэдэхгүй байна. Ингээд

 

 

би маргааш нь ээжтэй уулзсан чинь Ц.Д ах хүзүүг нь юмаар зүссэн бололтой хүзүүгээ боочихсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 73 дугаартай “Н.А-ийн биед хүзүүний зүүн хэсэгт шарх, хоёр гарын бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт үүсчээ. Хоёр гарын бугалга, зүүн шуу, нуруунд үүссэн цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хүзүүний зүүн хэсэгт шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/

 

8. Шүүгдэгч Ц.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх ул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 6-4 тоотод хамтран амьдрагч Н.Аийг хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, гэрч Э.Бат-Орших, Мишээл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Эд мөрийн баримтаар ирсэн хутгийг устгах саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.А-ийн мэдүүлэг, гэрч Э.Бат-Оршихын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.М-ийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн ? тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Аийг зодож хоолой тус газар нь хутгаар зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бодохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал дүгнэлт зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС