Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1985 оны 08 сарын 26-нд төрсөн, эмэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, компьютер операторчин мэргэжилтэй, ам бүл 5, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, одоо Захын Дэлгэрэх дэлгүүрийн арын хашаанд түр оршин суух, РД:ЗЮ85082605 регистрийн дугаартай, Олонхууд овогт Цэрэнчимэдийн Өсөхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1991 оны 06 сарын 20-нд төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, Ган-Илч ХХК-нд галч ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р, Мандалын 5-2 тоотод оршин суух, РД:ЗЗ91062031 регистрийн дугаартай, Гэлэн овогт Баатардоржийн Цэрэндоржид холбогдох

Хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 19-ний өдөр 139/2017/00037/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ц.Өсөхцэцэг,     хариуцагч Б.Цэрэндорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Өсөхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Цэрэндоржтой 2012 онд гэр бүл болж нэг гэрт орсон. 3 хүүхэдтэй. Том охин Ө.Энххүслэн 2013 оны 11 сарын 10-нд төрсөн, бага охид /ихэр/ Ө.Оюун-Эрдэнэ, Ө.Номин-Эрдэнэ 2015 оны 03 сарын 26-нд төрсөн. Б.Цэрэндорж нь сүүлийн 1-2 жил архи ууж, гэртээ найзуудаа дагуулж ирж архи уудаг, найзуудтайгаа хардаж, сэрдэж агсам тавьж зоддог болсон. Мөн гэр орноосоо хөөж сэтгэл санааны дарамттай амьдрах болсон. Одоо би 3 хүүхэдтэйгээ цуг 2017 оны 01 сарын 01-нээс эхлэн түрээсийн гэрт түрээс төлөн амьдарч байна. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй. Хүүхдүүдээ бодоод зөндөө тэвчиж амьдарсан. Гэр бүлийн хүчирхийллийн төвд би хандаж байсан. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. 3-н хүүхэд маань ээжээрээ овоглодог. Цаашид 3 хүүхдээ салгамааргүй байна. Иймд 3 хүүхдээ өөр дээрээ өсгөж хүмүүжүүлэх сонирхолтой байгаа тул 3 хүүхэддээ асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна гэв.

            Хариуцагч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Ц.Өсөхцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш өнөөг хүртэл их зүйлийг бодож тунгаан буруугаа ойлгон эхнэр болон 3 хүүхдийнхээ хойшдын хувь заяаг бодолцон, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Ц.Өсөхцэцэгт би 3 хүүхдээ өөрөөрөө овоглоё гэж хэлдэг байсан боловч өмнө нь амьдарч байсан хүнээсээ гэрлэлтээ цуцлуулахгүй болохоор нь би уурлаж, согтохоороо агсам тавьж байсан. Манай хүн намайг ямар ч нотлох баримтгүй, худал зүйл дээр маш их хардаж, хэл амаар доромжилж, хэрүүлийг байнга эхэлдэг. 3 хүүхдээ нялх, хөхүүл үед нь олон хоногоор хаяж явж байсан. Хоёулаа шударга шүүхийн өмнө бие биенийхээ гаргасан алдааг хүлээн зөвшөөрч алдаагаа засаж, эвлэрч 3 хүүхдийнхээ хувь заяаг сайхнаар төсөөлж, салж биш, хамтдаа сайхан амьдрахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Өсөхцэцэгтэй 2012 онд танилцаж, гэр бүл болон 3 хүүхэдтэй болсон. Том охин 2012 онд төрсөн. Бага охид 2015 онд төрсөн. Би хүүхдийн тэтгэлэг өгөхгүй, 2 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх саналтай байна гэв. 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Өсөхцэцэг нь Б.Цэрэндоржид холбогдуулан 3 хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Б.Цэрэндорж нь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй, 2 хүүхдээ өөрөө авна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Өсөхцэцэг, хариуцагч Б.Цэрэндорж нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас охин Ө.Энххүслэн 2013 оны 11 сарын 10-нд, охин Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нар нь 2015 оны 03 сарын 26-нд төрсөн болох нь зохигчдын тайлбар, №0000956746, №4801000090, №4801000091 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Б.Цэрэндорж нь ихэр охид болох Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нарыг өөрийнхөө асрамжид авна гэж маргаж байгаа хэдий ч Б.Цэрэндорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хэргийн 11-17 дугаар талд авагдсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд охин Ө.Энххүслэн 3 нас 3 сартай, охин Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нар нь 1 нас 10 сартай, бага насны хүүхдүүдэд тавих эхийнх нь анхаарал, халамж илүү байх боломжтой байдлыг харгалзан хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Ц.Өсөхцэцэг, Б.Цэрэндорж нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ө.Энххүслэн, Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Цэрэндоржоос сар бүр тэтгэлэг гаргуулж, охид Ө.Энххүслэн, Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас  нэхэмжлэгч нь чөлөөлөгддөг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба Ө.Энххүслэн, Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нар нь 1-3 настай учир Дундговь аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 164300 төгрөгийн 50 хувь буюу 82150 төгрөгийг сар хариуцагч Б.Цэрэндорж 1 хүүхдийн тэтгэлэгт төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ө.Энххүслэн, Ө.Номин-Эрдэнэ, Ө.Оюун-Эрдэнэ нарт сар бүр төлөх 82150 төгрөгийг  жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 985800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг 3  хүүхдийн тоогоор тооцож нийт 84627 төгрөгийг хариуцагч Б.Цэрэндоржоос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 03 сарын 26-нд төрсөн Ө.Оюун-Эрдэнэ, Ө.Номин-Эрдэнэ, 2013 оны 11 сарын 10-нд төрсөн Ө.Энххүслэн нарыг эх Ц.Өсөхцэцэгийн асрамжинд тус тус үлдээсүгэй. 

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 03 сарын 26-нд төрсөн ЗЮ15232622 регистрийн дугаартай, охин Олонхууд овогт Өсөхцэцэгийн Оюун-Эрдэнэ, ЗЮ15232601 регистрийн дугаартай, охин Олонхууд овогт Өсөхцэцэгийн Номин-Эрдэнэ, 2013 оны 11 сарын 10-нд төрсөн ЗЮ13311009 регистрийн дугаартай, охин Олонхууд овогт Өсөхцэцэгийн Энххүслэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Гэлэн овогт Баатардоржийн Цэрэндоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Өсөхцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 84627 /наян дөрвөн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч Б.Цэрэндоржоос гаргуулан улсын орлогод оруулсугай.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ