| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0071/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/87 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Г.Түвшинбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н
Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Тд холбогдох эрүүгийн 1925008010020 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З.Т нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ?тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Т-ийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед авсан гэрэл зургууд. /хх-ийн 10-11-р хуудас/
2. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 8-9-р хуудас/
3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургууд. /хх-ийн 5-6-р хуудас/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 6489, 6491, 6493, 6494 дугаартай "... шинжилгээнд ирүүлсэн “Зориг З.Т ...90092718 гэж хаягласан 65 мл орчим хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг. /хх-ийн 17-19-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6488 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. З.Т-өөс хураан авсан 0,61 грамм гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “З.Т-өөс хураан авсан 0,61 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,2260г, цэвэр жин нь 0,0907 грамм, шинжилгээ хийгээд буцах үеийн жин 0,0404 грамм байна...” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургууд /хх-ийн 22-24-р хуудас/
6. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын19-ний өдрийн 112 дугаартай "ямар нэгэн сэтгэцийн эмгэг өөрчлөлт байхгүй, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Магадлуулагч З.Тд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэх донтолтын шинж тэмдэг илрээгүй. Магадлуулагч З.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх ба хэрэг хариуцах чадвартай, албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-р хуудас/
7. Гэрч Л.Д-ний ...“Тэр үед З.Тд ямар нэгэн мансууруулах нэр төрлийн өвс ургамал байгаагүй өөрөө ч надад өвс байгаа гэж З.Т хэлээгүй. Гэтэл гэв гэнэт бид нарын хувцсанд үзлэг хийх үеэр найз З.Тийн үүрч явж байсан цүнхнээс маш бага хэмжээтэй бараг үүртэс мэт жижигхэн ногоон өнгөтэй өвс мэт ургамал, бараг арц мэт зүйлийг гаргаж ирсэн. Тэр үед миний өвснөөс татсан гэх залуучууд З.Тийн цүнхнээс гарч ирсэн өвс ургамлыг огт татаж хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-33-р хуудас/
8. Гэрч Ш.Э-гийн ...“найз З.Тийн хувьд бол ямар нэгэн өвс ургамлыг тэр өдөр өөрөөсөө гаргаж ирээгүй. Харин үүрч явсан цүнхнээс нь бага хэмжээтэй өвсний үүрмэг мэт зүйл гарч ирсэн. Тэгээд уг өвсөө З.Т найз маань өөрөө тайлбарлаж цагдаа нарт хэлээд байсан. Би яг З.Тийн цүнхнээс гарсан өвсийг ямар учиртай өвс болохыг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-35-р хуудас/
9. Гэрч Д.Б-хын ...“цагдаагийн газар дээр авч ирж шалгана гээд очсон хойно ганцхан З.Тийн тэр өдөр үүрч явсан жижиг ногоон шаргал өнгийн үүргэвч цүнхнээс маш бага хэмжээтэй ногоон өнгийн тамхины үүрмэг шиг ургамал төрлийн зүйл гарч ирсэн. Харин найз Дөлгөөний биеэс ямар ч эд зүйл гарч ирээгүй. Машиных нь шалавч доороос бас л маш бага хэмжээтэй өвс мэт ургамлын хаягдал хог гарч ирсэн. Өөр хамт явсан хүмүүсээс бол өвс ургамал гаргаж ирээгүй, зөвхөн Дөлгөөнөөс гарч ирсэн өвсийг л бид хэд сонирхож хувааж татаж хэрэглэсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37-р хуудас/
10. Гэрч Г.О-рын ...“тэр өдөр Согоот багийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч М.Ундрахбаяр Цагдаагийн газарт Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт мансуурсан байдалтай сэжигтэй хэдэн залуучууд байна гэх мэдээллийг надад хэлсэн юм. Тэгээд Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнтэй тухайн нэр заасан газарт нь очсон. Тэр газар нь 5-10-р байрны урд Ерөө төвийн ард байрлах машины гаражуудын нэг байсан. Тэгээд намайг очих үед 4 залуу уг гаражид байсан ба дээрх гаражид бүрэлдэхүүний хамтаар очиж шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл эхлээд илрээгүй юм. Тэгээд дээрх сэжиг бүхий залуучуудыг Цагдаагийн газар дээр авч ирээд биеэс нь шээсний дээж авч тестээр шалгаж үзэхэд 4 залуугаас бүгдэд нь илэрсэн. Тэгээд дээрх залуучуудаас мэдүүлэг тайлбар авч шалгахад З.Тийн үүрч явж байсан жижиг ногоон шаргал өнгийн цүнхнээс бага хэмжээтэй өвс мэт ургамлын зүйл гарч ирсэн тул дээрх өвсийг эд мөрийн баримтаар түр хураан авч шинжилгээнд явуулахаар шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр З.Тийн биедээ авч явсан өвс ургамал мансууруулах нэр төрлийн өвс мөн гэж гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-р хуудас/,
11. Яллагдагч З.Т-ийн ...“би мансууруулах нэр төрлийн өвс ургамлыг хууль бусаар түүж бэлтгээд өөрийн оршин сууж амьдардаг гэр болох Уртбулаг баг ? тоот гэртээ хадгалсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Т нь сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтсан ургамалыг 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын гуртын гүүрний орчмоос худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, гэрч Д, Б, Э, О нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Мэдүүлгийг газар дээр нь тэмдэглэлээр 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр түүсэн ургамал мэт зүйлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-7 дугаар байрын зэргээр нотлогдож байна. Шүүхийн шинжилгээний төвийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хэрэглэсэн болох нь шээснээс илэрсэн байгаа. Биедээ хадгалсан гэх ургамал нь сэтгэцэд нөлөөлөх ургамал болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч З.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. Шүүгдэгч ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан 0.404 грамм өвс мэт зүйл, нэг ширхэг тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна.”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугийн талаар улсын яллагчтай маргахгүй. З.Т үүнийг хэрэглэж үзвэл ямар байдаг юм гэдэг үүднээс хэрэглэж үзсэн. Шүүгдэгчийн аав, ээж нь төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Төлөв төвшин гэр бүлд өссөн хүүхэд. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх харгалзаж үзэх ёстой. Учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл гэсэн үндэслэлүүдийг харгалзаж үзэх ёстой. Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д зааснаар цээрлүүлэх ийм ялыг сонгож хэрэглэж байна. Өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хадгалсан гэх зүйл нь ялимгүй, тэр зүйлийг цаашид хэрэглэх боломжгүй зүйл байдаг. Үүний төлөө хүнийг нийгмээс тусгаарлах нь оновчтой зүйл биш гэж үзэж байна. З.Тийн холбогдсон хэрэг дээр хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтын аль нэгийг хэрэглэх боломжтой. Энэ төрлийн гэмт хэрэг дээр шүүхийн хэрэглэж байгаа ялын бодлого нь залуучуудад гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн хэм хэмжээг харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийг барьж байгаа. Хэрвээ үүнийгээ биелүүлж чадахгүй бол хорих ял оногдуулна гэж байгаа. Хор уршгийн хувьд З.Т нь бусдад хэрэглүүлсэн, худалдсан, бусдад сурталчилсан зүйл байхгүй учраас бусдад учирсан хор уршиг байхгүй гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг аль нэгийг сонгож тодорхой хэмжээний хөнгөн байдлаар байдлаар тэнсэх арга хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 6489, 6491, 6493, 6494 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6488 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаартай дүгнэлт, гэрч Л.Д, Ш.Э, Д.Б, Г.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Т нь 2019 оны 7 сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уртын гүүрний орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ? тоот гэртээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
З.Т-ийн хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй боловч хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн, тодорхой хугацаанд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Тд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.
Т.З.Т-ийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учраагүй боловч, түүний үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор хөнөөлт үр дагавар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоосон байх бөгөөд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн онцлог, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.0404 грамм өвс мэт зүйл, 1 ширхэг тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Тийг Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.0404 грамм өвс мэт зүйл, 1 ширхэг тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС